ШТС-ууд Ерөнхий сайдын “дэмжлэг”-ээр үнийн хөөрөгдөл үүсгэв үү


 

ШТС-ууд Ерөнхий сайдын “дэмжлэг”-ээр үнийн хөөрөгдөл үүсгэв үү2018 оны нэгдүгээр сарын 22-ны үдэш, 20:30 цагийн орчим.

П.К Шастины нэрэмжит Нэгдсэн III эмнэлэгийн урдуур төв замын түгжрэл урьд өмнөхөөс хэд дахин их байлаа. Юу болов гэтэл, тус эмнэлгийн урд талын уулзварын дэргэд байрладаг "Жас Ойл” ШТС-д дугаарлаж буй машинууд төв зам руу нийлдэг хэсэг рүү түрэн зогссоноос болоод нэгдүгээр эгнээгээр явж буй автобус, машинууд зайлшгүй тойрон гарах шаардлагатай болсон аж. Үүнээс болоод явган хүн ч алхахад хэцүүхэн түгжрэл үүсчээ. Хамгийн гол нь 20 гаруй минут дугаарлаж байж сая нэг түгээгчийн дэргэд очиход АИ-95 дууссан гэх зарлал наасан байлаа. Харин АИ-92 бензин авсан хүмүүст НӨАТ-ын талон олгосонгүй. Учрыг нь лавлахад "Манайх өгөхгүй байгаа” гэдгээс өөр хариулт хэлсэнгүй. Ерөнхийдөө хотын замын хөдөлгөөн арай сийрэгждэг үе таарсан ч ШТС-уудын дэргэд нэг иймэрхүү бөөгнөрөл үүссэн дүр зураг хаа сайгүй харагдах аж. Түүнчлэн машинуудын хажуугаар сав барьсан хүмүүс ч ШТС-д дугаарлаж байна билээ.

Байдал иймдээ тултал хүндрэх ямар шалтгаан ургав гарав.

Өмнө нь байсхийгээд л шатахууны үнэ өсчихдөг л байсан. Энийг дагаад нэг өглөө босоод ирэхэд талх тариа, гурил будааны үнэ нэмэгддэг байлаа. Иргэд ч бараг дөжирсөн гэхэд болно. Гэхдээ шатахууны үнэ нэмэгдлээ гээд арай ч ийм хомсдол, хөөрөгдөл үүсч байсангүй. Сураг тавихад хойд хөршийн нийлүүлэлт хэвийн түвшинд байгаа гэх. Дэлхийн зах зээлд ч нефть хомсдож барьсан, ханш нь тэнгэрт хадсан гэх мэдээлэл дуулдсангүй. Тэгэхээр яах аргагүй учир начрыг нь олох онц шаардлагатай шалтгаан бий бололтой.

Уншигчид санаж буй бол, 2012 оны хүртэл шатахуун импортлогчид өөр зуураа ярилцаад л үнэ өсгөчихдөг байсан. Сүүлдээ Засгийн газраас тэднийг аргацаахын тулд 2012 онд "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” гээчийг хэрэгжүүлсэн. Үүний дагуу импортлогчдод жилийн 3.8 хувийн хүүтэй 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан билээ. Үүний үр дүнд өнөөг хүртэл шатахууны магнатууд гэнэт гэнэтхэн дарамтлах нь багассан. Тэгвэл энэ удаад импортлогчид болон Засгийн газрын хооронд асуудал үүссэн бололтой.

Гэхдээ нэгэн зүйлийг сануулахад, дэлхийд нефтийн үнэ 120 ам.доллар байхад Монголд бензин 1600 төгрөгийн үнэтэй байсан. Нефтийн үнэ унаад 30 ам.доллар болчихоод байхад 1600 хавьцаанаа л байлаа. Тэгэхэд дэлхийд нефтийн үнэ өсөөд 40 ам.доллар болсон чинь Монголд бензиний үнэ шууд нэмэгдэж, 1700-г шүргэж байна. Тэгвэл манайхан шатахуунаа голчлон авдаг хойд хөрш маань өөрөө яс юман дээр олон улсын нефтийн савлагаанд тэгтэл өртөөд байдаггүйг импортлогчид мэддэг л байж таарна. Гэтэл олон нийтийг мэдээлэл муутай гэж санасан уу, яасан. Ингэж элэг барих нь мөнөөх ардчилсан шударга ёс яав ч биш.

Тэгэхээр монополь эрхэндээ бялуурсан энэ хэдэн импортлогчдод төр төмөр нүүрээ харуулах цаг болсон. Үгүй бол төр, засаг тэдний шантаажаар ажиллахаас өөр гарцгүй болж байна. Ер нь ч шантаажлуулдаг нь олон талаар илэрхий болсон. Тодруулбал, энэ сарын 5-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдийг цуглуулан байж хийсэн мэдэгдэлдээ "Нефтийн үнэ ханш өсөх хандлагатай байгаа. Засгийн газар 2017 оны 10-р сараас хойш нефтийн үнийг тодорхой хэмжээнд барьсан. Харамсалтай нь Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байна.

Үүнийг дагаад нефтийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж эхэлсэн. Тийм учраас Засгийн газраас бүх үнийг хатуу барьж зах зээлийн хууль дүрмийн эсрэг ажиллаж хуучин социализмын үе шиг махны үнэ, нефтийн үнэ, зэсийн үнийг хатуу тогтоож явна гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлье. Зах зээлийн зарчмын дагуу явна. Нефть, шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлага байгаа” гээд хэлчихсэн. Бүр яг ингэж хэлсэн шүү.

Хамгийн гол нь, ингэж хэлснийх нь маргаашаас л толгойлох импортлогчид болох Магнай Трейд, Петровисийн ШТС-ууд шуудхан л хөдөлгөөнд ороод эхэлсэн билээ. Нэг үгээр, Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үг шатахуун нэмэгдэх бүх боломж, нөхцлийг бүрдүүлсэн юм.

Харин эдийн засагчид үүнийг арай өөрөөр харж буйгаа олон нийтийн сүлжээгээр ч болов илэрхийлж байгаа. Тэдний хэлж буйгаар, Монголын шатахууны нөөц, нийлүүлэлтийн хэмжээ, үнээс дүгнэхэд өнөөдөр үүсээд байгаа өсөлт, хөөсрөл гарах ямар нэгэн нөхцөл үүсээгүй аж. Тэр ч бүү хэл, Ерөнхий сайд нь хүртэл ингэж мэдэгдчихээд байхад ШӨХТГ-аас "Шатахууныг жижиглэнгийн үнээр нийлүүлдэг компаниудад дур мэдэн үнэ өсгөх эрх байхгүй. Улсын ерөнхий байцаагч хязгаарлалт хийгээд байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлсэн. Бид үйл ажиллагаандаа Өрсөлдөөний тухай хуулийг баримтлан ажилладаг. Эдгээр компани, ААН маш нарийчилсан тайлбар, тооцоо гарган ирж өөрсдийн шийдвэрийг хамгаалах ёстой” гэсэн.

Засгийн газрын маань ажлын уялдаа холбоо хаана алдраа вэ.

Дахин нэг жишээ татахад,  АМГТГ-аас ч "Өвлийн улиралд Сибир орчмын нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд ихээхэн ачаалал үүсдэг. Энэ дагуу манайх руу ирэх шатахууны нийлүүлэлтэд цаг хугацааны хувьд багахан саатал гарах нь бий. Гэвч энэ саатал манайд зарагдаж буй шатахууны ханшид ямар ч нөлөө үзүүлэхгүй. Тэр ч бүү хэл Орост татвар өссөн ч манайд хамаарахгүй. Учир нь Монгол Улс Сингапурын зах зээлийн ханшаар "Роснефть”-тэй гэрээ хийсэн байдаг. "Роснефтв”-ийн хувьд манай улсын шатахууны 90 хувийг нийлүүлдэг 20 компанитай гэрээтэй учраас Оросын татварын өсөлт бидэнд нөлөөлөхгүй гэсэн үг” гэж мэдэгдсэн.

Тэгэхээр манай үүсээд буй үнийн өсөлт яах аргагүй зохиомол шинжтэй нь илэрхий. Дээр нь энэ өсөлтийг Ерөнхий сайд "баталгаажуулчихсан” учраас шатахуун импортлогчдод эмээх ичих зүйл үгүй гэдэг нь ойлгомжтой.

 
Erennews.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.