Энэ удаад би элсэн чихрийн \чихэр\ хэрэглээний талаар санал бодлоо хуваалцая гэж бодлоо. Бидний өдөр тутмынхаа амьдралд хамгийн ихээр хэрэглэдэг чихэр бол элсэн чихэр болон ёотон юм. Сүүлийн үед хүмүүс бор элсэн чихрийг цагааныгаа бодвол эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө нь бага гэж үзэн хэрэглэдэг болоод байна. Зарим нь бүүр "Бор элсэн чихэр юм чинь ахиухан хийчих” гэж хүртэл ярьж байхыг сонсож байлаа. Бор элсэн чихэр биенд сайн гэдэг нь худлаа, ташаа ойлголт. Элсэн чихрийн өнгө бор байна уу, цагаан байна уу адилхан чихрийн нишингэнээс гаргаж авдаг учир өнгө нь өөрчлөгдсөнөөр чихэр биш болчихгүй. Бор өнгөтэй байгаа нь гүйцэд цэвэршүүлээгүй учир өнгө нь арай бараан байдаг ба мөн бор өнгө гаргахын тулд өнгө нэмдэг байна. Химийн бүтэц, глюкоз, уургийн агууламж болон калорийн түвшинд нь авч үзвэл яг ижилхэн найруулга бүтэц, калорийг агуулдаг. Хэрэв ресторанд цайн дээр бор өнгөтэй, бас хэлбэргүй ёотон өгвөл жирийн ёотон идэж байна л гэж бодох хэрэгтэй. Харин ч илүү үнэтэй болохоор эдийн засгийн үр ашиггүй байдаг.
Чихэр идсэнээр бидний амьдрал илүү амттай, чихэрлэг болдог бол болохоор хэмжээний чихрийг бид өдөр тутам хэрэглэж байна. ДЭМБ өдөрт авах чихрийн нийт хэмжээ нь илчлэгийн 10 хувиас доош байх тохиолдолд илүүдэл жин, таргалалт, шүд цоорох өвчлөлийн эрсдэл буурдаг ба цаашид 7-8 хувьд хүргэхийг зөвлөж байна. Энэ нь зургаан жижиг халбага буюу 25 гр элсэн чихэртэй дүйцэх хэмжээ юм. Ихэнх чихрүүд нуугдмал байдлаар хоол болон хагас бэлэн бүтээгдэхүүнүүдэд агуулагдаж байна. Бид тэдгээр бүтээгдэхүүнүүдийн орцонд орсон чихрийг нүдээр хардаггүй учир чихэр хэрэглэж байна гэж боддогүй. Жишээ нь нэг халбага кеч упанд 4 грам элсэн чихэр, өдөр дутам ууж байдаг амтат ундаанд 40 гр буюу 10 халбага элсэн чихэр орсон байх жишээтэй. Бидний өдөр тутмын чихрийн дан хэрэглээнээс гадна боов, талх, жигнэмэгт элсэн чихэр их хэмжээгээр орсон байгааг нэмээд тооцвол бидний өдөрт хэрэглэвэл зохих хэмжээнээс хамаагүй давсан хэмжээ гарч байна. Чихрийн хэрэглээ нь улс үндэстний эдийн засгийн чадамж, ёс заншил, газар зүйн байрлалаас хамаараад янз бүр байгаа нь судалгаанаас харагдаж байна. Жишээ нь өндөр хөгжилтэй европын орнуудад чихрийн өдөр тутмын хэрэглээ хоол хүнсээр авч буй илчлэгийн 7-8 хувь, европын постсоц орнуудад 16-18 хувь, Ази, Африкийн гуравдагч орнуудад 25 хувьтай байгаа мөртлөө Африкийн хөдөө тосгоны хүүхдүүдэд 7,3 хувьтай буюу хамаагүй бага байна. Манай хүн амын хувьд ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжөөс давсны хэрэглээ гурав дахин их, чихрийн хэрэглээ мөн гурав дахин их байгаа нь дээрх үзүүлэлтээр авч үзвэл илчлэгийн 21 хувьтай байна. Хоёрдугаар дайны өмнө нэг хүнд жилд ногдох чихрийн хэрэглээ 15 кг байсан бол дайны дараахан гэхэд 0,2 кг хүртлээ буурсан бөгөөд энэ үед шүд цоорох өвчин ихээхэн хэмжээгээр буурсан талаар эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Манай хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин 88 хувь, шүдний цоорлоос үүдэлтэй эрүү нүүрний олдмол гажиг 50 гаруй хувийг эзэлж байна. Илчлэгийн 25 хувийг чихэр эзлэх юм бол зүрх судасны өвчний үндсэн шалтгаан болж уг өвчнөөс хамааралтай нас баралт хоёр дахин ихсэнэ. Иймд Америкийн зүрх судасны нийгэмлэгээс эмэгтэй хүн өдөрт 100 калори буюу зургаан жижиг халбага, эрэгтэй хүн 150 калори буюу есөн жижиг халбага чихэр хэрэглэхийг зөвлөж байна.
Хэрэв хүний биенд уураг глюкоз чихрийн хэлбэрээр орж ирэх хэмжээ ихэсвэл хөөлт үүсэж улмаар таргална. Энэ нь эмэгтэйчүүдэд илүүтээй нөлөөлж хамгийн түрүүнд гуя, хөх хэмжээгээрээ томорч биеийн гальбар алдагдаж эхэлнэ. Чихэр идэх нь дахин чихэр идэх дур хүслийг ихэсгэх дааврын идэвхжилийг улам өдөөдөг учир хүүхэд, эмэгтэйчүүд илүү чихэрт дурладаг. Амттангууд нь маш их чихэрлэг учир хий хоосон илчлэг өгч хүүхдийг илүүдэл жин, таргалалтад хүргэж, хоол тэжээлийн дуталд оруулдаг. Шим тэжээлийн дуталд орсноор хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагаа муудах, өсөлт хоцрох, биеийн зөв харьцаа алдагдах зэрэг сөрөг үр дагавартай.
Чихрийн илүүдэл хэрэглээ нь цусан дахь фруктозын хэмжээг ихэсгэдэг. Их хэмжээний фруктоз нь элэгний ачааллыг нэмж үйл ажиллагааны алдагдалд оруулснаас болж элэг өөхлөх, элэгний хатуурал үүсэх шалтгаан болдгоос гадна олон өвчний суурийг тавьдаг. Чихэр арьсыг үрчлээтэй болгоход нөлөөлдөг гэвэл хүмүүст илүү хүчтэй нөлөөлж магадгүй юм. Чихрийн молекул коллагены уурагтай нэгдэлд орж коллагеныг эвдэлдэг. Коллаген нь арьсыг толигор, уян хатан байлгадаг арьсны бүтцийн хамгийн хэрэгтэй бодис гэдгийг бид сайн мэднэ. Коллаген байхгүй болбол арьс хөгширч эхэлдэг. Мөн чихэр нь судсыг гэмтээж улмаар цусан хангамж муудаж зохих тэжээл, хүчил төрөгчөө арьс авч чадахгүй болдог учир үрчлээ үүснэ.
Энэ мэтээр чихрийн хор хөнөөлийн талаар их ярьж, мэддэг боловч "Гайгүй биз” гэж хэрэглэсээр байгаа нь харамсалтай. Чихэр нь бие махбодид дасал үүсгэдэг тул сахарын хэрэглээг хянахад хүндрэлтэй байдагтай холбоотой. 1918 онд эрдэмтэд чихэр хар тамхины нэгэн адил дасал үүсгэдэг талаар судалгаа хийж дасал үүсдэг нь үнэн болохыг нотолсон байна. Үүнээс гадна сахар хэрэглэх үед серотонин буюу аз жаргалын гормон ялгардаг учир хүн тэр мэдрэмжийг мэдрэхийн тулд өөрийн эрхгүй чихэр иддэг тал бас бий. Тэгэхээр чихэр идэж байх үед тархинд аз жаргалтай байх мэдрэмж төрдөг хэдий ч өөрийгөө удирдаж дур хүслээ дарахыг эрмэлзэх хэрэгтэй. Эрүүл мэнд, гоо сайхнаа түр зуурын амтнаас болж хөнөөхөө больцгооё! Үр хүүхдүүдээ амттай хорноос хол байлгаж ирээдүйг нь жинхэнэ утгаар нь амттай байлгахыг зорьцгооё.
Ж.ЦОЛМОН
А\У-ны доктор, профессор
Сэтгэгдэл