Нэг намыг нөгөөгөөр сольсон ч байдал дээрддэггүйн учир шалтгаан юунд байна вэ?


1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар МАХН (МАН) 70 суудал авснаар үнэмлэхүй олонхийн засаглал эхлэв. Гэхдээ парламентад тавхан суудалтай ардчилсан хүчин тэр үлэмж биетнээс айж бэргэсэнгүй чадлаараа тэмцэхээр шулуудлаа. Хэдийгээр нэгдмэл цул хүчийг дийлнэ гэдэг хэний ч санаанд багтахгүй. Гэхдээ үхээнц дорой байх нь утгагүй тул үзэлцэх, ядаж л дараагийн сонгуульд амжилт үзүүлэхийн тулд улстөрийн хүчний хувьд "амьд” байх ёстой. Ингээд л нөгөө аварга "амьтан”-тай зууралдаад л байлаа. 1994 онд П.Жасрайн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах санаачилгыг МоАХ гаргаж (Монголын оюутны холбоо дэмжив) улмаар өлсгөлөн зарлалаа. Мэдээж МАН-ын 70 гишүүн засгаа унагана гэж худлаа. Тэр үед МАН Засгийн газраа нүднээс далд л юу юм гэхээс ил шүүмжлэх нь ёстой л өдрийн од байсан гэдэг. Тийм нөхцөл байдалд засгаа огцруулах бүдүүн зүрхтэн байгаагүй. 

1996 оны сонгуулиар "МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгууллаа. Үүсэн байгуулагдаад зургаа долоохон жилийн нүүр үзэж байгаа балчир ардчилагчдын хувьд асар том амжилт, бас түүхэн боломж. 
Ардчилсан хүчин Ерөнхий сайдаар М.Энхсайханыг томилов. Тэрбээр суурь үнийг чөлөөлөхөөс ажлаа эхэлсэн бөгөөд "Ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Монгол Улс 18 сарын тогтвортой хөгжлийн зам дээр гарч ирнэ. Ард түмэн минь түр зуур бүсээ чангалах хэрэгтэй боллоо” гэж мэдэгдэв. 18 сар ч нүд эрмэхийн зуур өнгөрч, харин байдал төдийлөн дээрдсэнгүй. УИХ-д 25 суудалтай МАН "Нийгмийн асуудлыг хөсөр хаяснаас болж ард түмэн ядуурч, маргаашдаа итгэх итгэлгүй болж эхэллээ” гэж мэдэгдээд Засгийн газрыг огцрохыг удаа дараа шаардах болов. М.Энхсайхан нар хариуд нь "Хамгийн зөв нийгмийн бодлого бол эдийн засгийн зөв бодлого” гэдэг үгээр хариу барив. Эхлээд эдийн засгаа эрүүлжүүлье. Дараа нь нийгмийн  асуудлаа анхаарая гэдэг утга санаа эрх баригчдын тайлбараас шууд "үнэртэж” байлаа. Гэвч нийгэм тэр үгийг сонссонгүй, уур бухимдал өдрөөс өдөрт хүрээгээ тэлж эхэлсэн бөгөөд ийм нэр нэр хүнд муутай Засгийн газартай хол явахгүй нь гэж харсандаа, нөгөө талаас Ерөнхий сайдынхаа намдаа захирагддаггүй биеэ тоосон гэмээр ганцаарчилсан араншинд эгдүүцсэндээ, бас бүлэглэлийн эрх мэдэлд хүрэх ашиг сонирхолоор "Ардчилсан холбоо” эвсэл анхны Засгийн газраа 1998 оны 4 дүгээр сарын 23-нд огцруулж  чадсан. Тэглээ гээд жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, гомдол шаардлага намжсангүй, улам л шинэ утга агуулгаар баяжсаар байлаа. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газар "Ардчилсан холбоо” эвслийн дотоод хагарлаас болоод 3-хан сар  албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлсэн юм. Харин гудамжинд жагсаал цуглаан өрнөсөн хэвээр байлаа. Халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт, өмч хувьчлал, банк тойрсон халуун сэдэв М.Энхсайхан, Ц.Элбэгдоржийн Засгийн газрын нэр хүндийг шавартай хутгаж, түүн дээр нь сөрөг хүчин чадамгай тоглож байв.
2000 оны УИХ-ын сонгуульд МАХН (МАН) 72 суудал авч намын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдаар томилогдов. Тус тусдаа жижиг намуудын хэлбэрээр хол явахгүй гэдгээ ухаарсан ардчилагчид нэгдэж нийлэхээр шийдэж АН хэмээх нэг том дээвэр дор цугларч, тэр даруйдаа эрх баригчидтай хүч тэнцвэргүй тулалдаанд орохоо ч мартсангүй. УИХ дотор  Л.Гүндалай нь  чуулганы хуралдааныг тасалдуулж, гадаа гудамжинд  Э.Бат-Үүл нь трактортой жагсаал хийнэ... Өөрөөр хэлбэл, 1996-2000 онд гудамжинд тэмцэж байсан сөрөг хүчин МАН эрх барьж, харин хуучин эрх баригч АН гудамжны тэмцэлд шилжсэн гэсэн үг. Өнөөдрийнхийг бодвол тухайн үед МАН-ын гишүүд амь нэгтэй байсан болохоор Засгийн газраа яаж хөдөлгөж зүрхлэх билээ дээ?  Намын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Энхбаяр намаа бүтцийн хувьд ч, оюун санааны хувьд ч базаж чадаж байлаа. Гэхдээ л сөрөг  хүчний дайралт, жагсаал цуглаан, шаардлага зогссонгүй.
2004 оны сонгуулиар АН, МАШСН-ын "Эх орон-Ардчилал” эвсэл 36, МАН 36, БНН 1 (бие даагч 3)  суудал авлаа. Хоёр том нам өмнөх жилүүдийн дайсагналцлаа мартаж  анх удаа  Засгийн газраа хамтран байгуулж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилов. Хэдийгээр хоёр нам эвссэн ч  гудамжинд уур амьсгал өөр байлаа. 2004 онд байгуулагдсан "Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийхөн жагсаал цуглаан хийж, тэр ч бүү хэл Төрийн ордон руу улаан лооль, өндөг шидэж нийгмийг бужигнуулж байв. Өвөл болсон нэгэн жагсаалд оролцогсод МАН-ын байр руу халдаж цонхыг нь хагалж, намын тугийг нь шатаасан хэрэг ч гарав. 
Халуухан  эхэлсэн МАН, АН-ын "хайр” хоёрхон жилийн настай байжээ. 2006 оны 1 дүгээр сард МАН хангалтгүй ажиллаж байна гэдэг шалтгаанаар эвслийн Засгийн газрыг огцруулж, МАН-ын даргаар сонгогдоод удаагүй М.Энхболдыг Ерөнхий сайдаар томилов. Тухайн үед АН-ын УИХ дахь нэгэн төлөөлөл  "МАН-ын дарга нар УИХ-д орж ирэх болгондоо Засгийн газрыг огцруулах санаачилга гаргадаг нь ямар учиртай юм бэ” гэж гомдоллож байсан ч МАН-ын Удирдах зөвлөлөөс нэгэнт гаргасан  улстөрийн шийдвэр өөрчлөгдсөнгүй. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо "Ард түмэн маань ХААН сонголт хийсэн” хэмээн хөөрөн тунхаглаж байсан мань Элбэгээ улстөрийн шийдвэрээ эргэж харахыг МАН-аас гуйсан ч М.Энхболд тийм яриа байхгүй гэдэг үгээр асуудал хэдийнэ шийдэгдсэнийг нотолсон юм. Хачирхалтай нь Засгийн газрыг огцруулах санал гаргасан МАН дараагийн байгуулах Засгийн газарт Үндэсний эв нэгдлийн гэх гоё хаяг наачихаад парламент дахь бүх намд орж ажиллах уриалга гаргадаг байгаа. АН-ын хувьд хэзээ ч үгүй хэмээгээд сөрөг хүчний эгнээнд шилжиж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Харин БНН-аас Б.Жаргалсайхан, АТН-аас Л.Гүндалай нар тэрхүү саналыг хүлээж авсан бол АН-ын М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг нар  МАН-ын шинэ дарга М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт оров. Гэвч намын дүрмийг зөрчиж дур зоргоороо авирласан гэдэг үндэслэлээр АН дээрх дөрвөн "эсэргүүг” намаасаа хөөх шийдвэр гаргасан билээ. Хэдийгээр АН сөрөг  хүчний эгнээнд шилжиж, Ц.Элбэгдорж зөөлөн суудлаасаа буусан ч авлигатай тэмцэж эхэлснээс болоод намайг огцрууллаа хэмээгээд жагсаал цуглаан өрнүүллөө. Дээр нь Ж.Батзандан, О.Магнай нарын тэргүүлсэн иргэний хөдөлгөөн, Г.Баасан нарын "чөлөөт ахмадууд”  Сүхбаатарын талбайд бараг л "амьдардаг” болов. 
2008 оны сонгуулиар МАН 45, АН 28 суудал авлаа. АН-ын дарга Ц.Элбэгдорж сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж ард түмний сонголтыг луйвардаж авлаа гэж мэдэгдсэнээр эсэргүүцэл өрнөж, үр дагаварт нь МАН-ын байр галдан шатаагдаж, таван хүний амь нас учир битгүүлгээр хохиров. Монголын ардчиллын түүхэнд гарч байгаагүй аймшигтай үймээн, гарз хохирол, айдас, түгшүүр энэ л өдрүүдэд болж өнгөрөв. МАН хэдийгээр Засгийн газраа дангаараа бүрдүүлэх хэмжээний суудал авч чадсан ч АН-тай хамтарч ажиллах шийдвэрт хүрснээр улстөр нэг хэсэгтээ л ажин түжин болж амрав. Төрийн ордон дотор амар амгалан, хоёр нам хэл амгүйхэн нэг тогооноос хооллож байсан бол гудамжинд жагсаал цуглаан болдогоороо л болно. Иргэний хөдөлгөөнүүд бүл нэмж тэр хэрээр төр засаг руу дайрч довтолж ард түмнийг тэмцэлд уриалж байв.  Тухайлбал Ц.Мөнхбаяр тэргүүтэй "Гал үндэстэн” холбооныхон Урт нэртэй хуулийн хэрэгжилтээ ярьж  2011 оны 6 дугаар сарын 3-нд төв талбайд морьтой орж ирээд  Төрийн ордон руу  таван удаа нум сум харваж олныг шуугиулж, Д.Батцогт, Г.Уянга нарын "Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ийхөн Засгийн газар руу зай чөлөөгүй дайрч байлаа.
 Нийгмийн уур амьсгал Засгийн газарт таагүй байна гэж харсандаа ч тэрүү 2012 оны 1 сарын 6 буюу сонгууль болохоос  зургаахан сарын өмнө АН хамтарсан Засгийн газраас гарч байгааг  Н.Алтанхуяг мэдэгдсэн юм. 
2012 он. Сонгуулийн урьдчилсан дүнгээр АН 31, МАН 25, "Шударга ёс” эвсэл 11, ИЗНН 2 суудал ( бие даагч 3) авав. Дангаараа засгаа бүрдүүлэх хууль эрхзүйн чадамжгүй ч шийдвэр гаргах түвшний суудал авсан АН-ын хувьд "Шударга ёс” эвслийг сонгож хамтран ажиллахаар боллоо. Гэвч сөрөг хүчин МАН гудамжны жагсаал зохион байгуулах ажилд орсон юм. Тухайлбал, 2013 оны 4 дүгээр сарын 5-нд МАН-ын зүгээс үнийн хөөрөгдөл, хуулийн зөрчил гэх мэт шударга бус байдал газар авч байгааг эсэргүүцэн шүгэлтэй жагсаал, мөн оны 9 дүгээр сарын 8-нд салаавчтай жагсаал зохион байгуулж билээ. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын газрын гишүүний албыг давхар хашихыг эсэргүүцэж давхар дээл бүхий жүжигчилсэн үзүүлбэртэй жагсаал хүртэл зохион байгуулж байлаа. Дайран дээр давс гэгчээр иргэний хөдөлгөөнүүд, тухайлбал өнөөх Ц.Мөнхбаярын нарын хэдэн хүн Төрийн ордны хойно буу тавьж бөөн шуугиан тарих нь тэр.
2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч жагсаал цуглаан мөн л тасрахгүй нь. Утааны эсрэг жагсаал хоёр ч удаа болсон бол ирэх сөрөг хүчин ирэх 2 дугаар сарын 1-нд томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Ер нь улстөрийн уур амьсгалыг харвал энэ хавар бас л үймээн бужигнааны улирал байх бололтой.
Тэртээ цагаан морин жилийн хувьсгалаас хойш хоёр том нам ээлжлэн төр засгийн эрх барьсан он жилүүдэд жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөн тасарсангүй. Нэг нам нь цөөнх болохоороо гудамжинд гарч ард түмний дунд ороод Засгийн газрыг огцрохыг шаарддаг. Харин тэд дараагийн  сонгуулиар олонхи боллоо гэхэд өмнөх эрх баригчид нь гудамжинд гарч тэмцдэг, ард түмнээ турхирдаг ийм л дүр зураг, нүүр царайтай болжээ, Монголын улстөр. Хамгийн  гол нь амьдрал муу байна хэмээн орилж чарлан жагсч, "тэмцэж”, эрх баригчдыг балбаж байсан  хүмүүс шийдвэр гаргах түвшинд очсон хойно ч байдал дээрдэхгүй байгаагийн учир шалтгаан нь чухам юунд байна вэ? Нэг намыг нөгөөгөөр, нэг улстөрчийг өөр хүнээр сольсон ч ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдал, шударга бус байдал өөрчлөгдөхгүй байгааг засах арга зам гарц нь хаана, хэнд, юунд байна вэ? 
 
Дажсүрэнгийн Лхагвадорж
Эх сурвалж: http://www.sonin.mn/news/politics-economy/87058

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.