50:50


50:50
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирал  Д.Мандах, Улс төр судлаач, доктор Ч.Өлзийсайхан нарын байр суурийг хүргэж байна.
 
 
Д.Мандах: Өөрчлөлтөд авах, гээхийн ухаанаар хандъя
 

 

 

 
-Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв, буруу гэж ярихаас өмнө нэг асуудал бий.  Өөрөөр хэлбэл,  яагаад  нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай вэ.   1992 онд  батлагдсан Үндсэн  хууль олон талаас бодсон, төрийн байгууллыг тэнцвэртэй байдлаар хувааж зохицуулсан баримт бичиг болсон. Гэтэл сүүлд оруулсан "Дордуулсан долоон өөрчлөлт” энэ байдлыг үгүйсгэж, эрх мэдлийн тэнцвэрт харьцааг алдагдуулсан.Үүнээс болж өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн.
 
Өнөөдөр эдгээрийн зөвхөн нэг талыг барьж өөрчлөлт хийж болохгүй. Одоо ярьж буй хуулийн төсөлд Ерөнхий сайд гэхэд л нэг том дарангуйлагч гарах юм шиг болгочихож. Их хурлаа тарааж, бүхнийг шийдэж байх бололтой. Ингэж төрийн үндсэн бүтцийг эвдэж болохгүй. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулаад байгаа  төсөлд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  төсөл боловсруулчихаад явж байгаа хүн ч байна, Үндсэн хууль хийчихээд байгаа нь ч байна. Бүхэл бүтэн хуулийн төсөл боловсруулсан улс төрийн нам ч байна.
 
Манай холбоо саналаа өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ, хуулийн ажлын хэсэг, намын бүлгүүдэд хүргүүлсэн. Үндсэн хуулиа эргээд харахад нам төрийн толгойд гарчихсан, сонгууль нь байнга маргаантай, орон нутгийн удирдлагууд дээр яриа гардаг байдлыг бодолцож, өөрчлөх асуудалд  цогцоор хандах ёстой.
 
Ингэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн хууль гэж байхаас нэмэлт өөрчлөлт гэсэн үг байх учиргүй. Үндсэн хуулийн нэрийг  Эх хууль гэж өөрчлөх нь утгагүй. Үндсэн хууль гээд нэрлэчихсэн, дэлхий даяар хэвшсэн ойлголт. Тэгээд ч нэрнээс болж өнөөдөр асуудал үүсээгүй. Асуудал улстөрчдөд өөрсдөд нь байгаа.
 
Эрдэмтэн мэргэд, эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, дадлага туршлагатай хуульчид, Их хурлын үе үеийн гишүүн, Үндсэн хууль тогтоогчид гэхчлэн тал бүрийн оролцоог хангасан комиссыг Ерөнхийлөгчөөрөө ахлуулан байгуулах хэрэгтэй. Тэр хүмүүс нь ч одооноос ажилдаа орог. Түүнээс биш яаруу бачуу хийх гэж буй Ард нийтийн санал асуулга бүтэхгүй.
 
Түүний оронд хуулийн төслөө боловсруулчихаад түүнийгээ ард түмнээрээ хэлэлцүүлж, санал бодлыг нь авч  комисс нь дахин суухад нэг юм гарч ирнэ шүү дээ. Тэрийгээ дахин Их хуралдаа өргөн барьж, хуулийн дагуу хэлэлцээд, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хууль болгож оруулах ёстой. Манай холбоо ийм байр суурьтай байгаа. Хамгийн гол нь хугацаанд хавчигдах хэрэггүй.
 
Ерөнхий сайдаа эрх бүхий болгох уу, Ерөнхийлөгчөөр Засгийн газраа тэргүүлүүлэх үү гэдгээ ярих ёстой. Ийм улс орон олон бий. ОХУ-д  Ерөнхийлөгч нь засгаа тэргүүлдэг. Гэхдээ Ерөнхий сайд гэж нэрлэлгүй Засгийн газрын дарга гээд явдаг жишиг байна. Засгийн газрын дарга нь хурал удирдах л үүрэгтэй. Ерөнхий сайд томилох эрх нь ч гэсэн ихэнхдээ Ерөнхийлөгчид байдаг шүү дээ. Энэ талаас харах, бодох асуудал бий.
 
Монголын туулж ирсэн замналд ч гэсэн нэгэн үе Ерөнхийсайднь бүх асуудлаа шийддэг байсан. Маршал Х.Чойбалсангийн үед ч, Ю.Цэдэнбал даргын үед ч ийм явж ирсэн. Гэхдээ алдаа эндэгдлийг нь тооцвол манай түүхэнд ул мөрөө сайнаар ч, саараар ч үлдээсэн.  Тэгэхээр олон талаас нь шүүж үзэж, өнөөдрийн байдал, алс хэттэйгээ уялдсан, удаан, тогтвортой мөрдөгдөх, төр тогтвортой байх нөхцлийг хангасан төсөл боловсруулж нухацтай хэлэлцэж шийдэх ёстой гэж үзэж байна. 
 
 
Ч.Өлзийсайхан: Төрөө ийм тогтолцоотой байлгахыг зөвшөөрөхгүй
 

 

 

 
-Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага үнэхээр их байгаа. Энэ нь Үндсэн хуулиасаа уйдсанаас ч юм уу, хугацааны давтамж нь болчихсон байна ч гэдэг юм уу байр сууриас асуудалд хандсаных биш. 1990 онд бид Ардчилсан үндсэн хууль гэж  батлаад, ард түмэн нууцаар, сонголт хийх боломжтой хувилбараас хэн нэг таалагдсаныг нь сонгоод тэр хүн нь ард түмний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэж итгэсэн гэнэн төсөөллөөс болж бид маш их хохирол амсч болохуйц төрийн тогтолцоог сонгоод авчихсанд асуудлын гол байна. Сонгууль будлиантуулах гэх мэт асуудал бага зүйл болжээ.
 
Учир нь нэгэнт ажлаа эхэлчихсэн УИХ, Засгийн газар нь ард түмний төлөө ажиллах хамгийн гол утга учир маань хангагдсан уу гэвэл ерөөс үгүй юм. Үүнийг 25 жилийн хугацаанд хийсэн оноо алдаа маань шууд нотлож өгч чадна. Үндсэн хуульд оруулсан "Дордуулсан долоо”-н  өөрчлөлт бол мууд муухай, муухайд улцан нэмэр гэдэг шиг зүйл болсон. Тиймээс  Үндсэн хуулийг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ одоогийн оруулж ирээд байгаа төсөл шиг инээдэмтэй заваан юм хийж болохгүй. Үүнээс ард түмний амсах хохирол бүр ч их болно.
 
 
Үндсэн хууль ихээхэн асуудалтайн дээр улстөрчдийн увиагүй зан бүр ч нэрмээс болж байгаа. Гэхдээ хүний муу чанар байсан ч хууль эрх зүйн зохицуулалт нь түүнийг хязгаарлан барьж чаддаг байх ёстой. Жишээ нь Америк гэх мэт өндөр хөгжсөн улс орнуудад хүмүүс нь ерөнхийдөө амгалан тайван, дээрэм тонуул бараг байхгүй, боломжийн л байдаг.
 
Гэтэл нэг далайн шуурга эсвэл эмх замбараагүй байдал үүсэхэд  дэлгүүр хоршоог дээрэмдээд  зугтааж байгаа дүрс бичлэгүүд зөндөө харагддаг. Энэ нь өөрөө юуг хэлээд байна вэ гэхээр, хяналт, хууль эрх зүйн зохицуулалт нь хүний дотор нуугдаж байдаг муу зуршлыг ч хязгаарлаж өгч байдаг тул тэд энгийн үед, хууль дүрмээ мөрддөг гэсэн үг. Харин хянах боломжгүй болоод ирэхээр нөгөө муу зуршил нь гараад ирж байгаа хэрэг.
 
Тэгэхээр парламент нь хяналт муутай, хэн ч хариуцлага хүлээдэггүй, ард түмний шаардлагыг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд байхад хэн ч юу ч хийж чаддаггүй, хоорондоо өгөө авааны барьцаанд орчихож болдог ийм тогтолцоо байхад угаас муу зуршилтай байтугай боломжийн нэг хүн ч гэсэн тэнд  орохоороо тэгсхийгээд эвдэрч  байгаа юм бишүү. Африкийн ядуу орны ард түмэн дандаа л манай улс төрчид шиг авилга авдаг хүмүүсийг сонгоод байдаг ухаан муутай, Англи, Норвеги, Герман  гэх мэт баян улс орнууд сэтгэл сайтай сайхан хүмүүсээ олж сонгож чаддаг ухаантай  гэж бодохгүй байна.
 
Гол асуудал авилга өгөх нь ямар ч утгагүй байдаг төрийн тогтолцоотой байгаагаас л болж байгаа хэрэг. Тэгэхээр Үндсэн хууль дахь  Төрийн байгуулалтын хэсгийг гарцаагүй өөрчлөх ёстой. Юуны өмнө УИХ-ын гишүүдийн тоо 76 байгаа нь томоохон компаниуд худалдаад авчих боломжтой дэндүү цөөхөн  юм.
 
Парламент ийм бүтэцтэйгээс болж бидний алдсан зүйл асар их. Ийм тогтолцооноос болж  газрын хэвлийн  баялгаа бүгдийг нь үндсэндээ алдаад дууссан, байгаа нь татваргүй, үнийг нь төлөлгүй урсч гардаг хэмжээнд тулж очсон.
 
Энэ мэтчилэн ухаалаг шийдвэр гарах ямар ч үндэс байхгүй төрийн тогтолцоо байхад бид Үндсэн хууль бол гэгээн зүйл, тэр муу хэдэн гишүүн л муу гэж  асуудлыг займчуулж, хуучин тогтолцоог хэвээр хадгалах гэж оролдож байгаа хүмүүсийг би хувьдаа Монгол Улсын эрх ашгийн эсрэг ажилладаг нөхдүүд  гэж хэлмээр байна.
 
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.