Өөртөө итгэх итгэл гэдэг зүйлийг манай нийгэм хөгжүүлэхээсээ илүү дарж хүмүүжүүлдэг талтай ч бид ямар нэгэн зай завсараар болон ямар нэгэн хэрэгцээгээр өөртөө итгэх итгэлээ олж авахын төлөө тэмцэж байдаг. Хэрвээ чамд авъяас байгаа бол түүнийг чинь чинийх биш олны төлөө гэж хэт ойлгуулах, эсвэл чамд ажлын амжилт байгаа бол чиний хүч биш олны хүч гэж хэт ойлгуулах гэх мэт энгийн үйлдэлээс манай нийгэмд өөртөө итгэх итгэлийг дарах чиглэлтэй үйлдлүүд явагдах нь их. Мэдээж хэрэг бид онгироо сагсуу, аливаа амжилтыг зөвхөн өөртөө наалдуулж боддог байх нь таагүй боловч, манай нийгэмийн хувьд хүний энэ сул талыг хэт давруулж буруутгадаг хандлага байгаа. Өөртөө итгэх итгэлээ даруулсан нийгэмд хүмүүс эсвэл хэт бэртэгчин, эсвэл хэт өөрийгөө өмөөрсөн хандлагатай болж ирдэг талтай.
Тиймээс хэт бэртэгчин байх, эсвэл хэт өөрийгөө өмгөөлсөн байх зэрэгээс хамгаалах чухал арга бол өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх. Өөртөө итгэх итгэлийг бид зөв тодорхойлж, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх тал дээр яаж ажиллах талаар төрөөс ч юмуу зохион байгуулалттай албан ёсны зөвлөгөө өгч ажиллах зэрэг нь чухал санагддаг. Өөртөө итгэлтэй байгаа хүн л нийгмийн хариуцлага үүрэгээ хүчтэй ухамсарлаж чадна. Тиймээс гэр бүлийн хүмүүжил тал дээр бид хүүхдийн өөртөө итгэх итгэл дээр сайн анхаарч, хэт хувиа хичээж өөрийгөө тоосон байдалтай хүмүүжлийг олгохгүй ч өөртөө итгэх итгэлийг зөв байдлаар суулгах, мөн хүний мөн чанар болон өөрийн хүчинд тодорхой хэмжээгээр итгэх байдлыг хүчлэн дарахгүй байх зэрэг дээр анхаарах нь чухал болов уу гэж бодож зөвөлмөөр байна.
Амжилт хүсье.
Сэтгэгдэл