Ерөнхий сайд У.Хүрэлсүх монголчуудын толгойны өвчний тухайд ядуурал хэмээн хэлж байсан. Магадгүй энэ үгийг үе үеийн Ерөнхий сайд нарын амнаас сонсож байсан магад. Монгол хүний билэгдлээр бид ирж буй жил, эхэлж байгаа цаг тооллоо эд баялгийн тэнгэр ивээж, ашиг орлогын үүд цэлийтэл нээгдэх болтугай гэсэн хүсэмжлэлээр эхэлдэг. Шороон нохой жилийн нэг хүсэмжлэлийн маань нэг энэ биз ээ.
Монгол төрийн нүд дасч, чихэн балай болсон "Ядуурал” хэмээх толгойны өвчин бий. Монголчуудын нэг хэсэг нь ядуу зүдүүгээ дуудаж гасалж ганихарсан хүмүүс. Ядуурлын шалтгаан нь ажилгүйдэл. Үнэхээр ч чармайж чардайгаад ажилгүйчүүдийнхээ тоог хүссэн хэмжээндээ дундалж чадахгүй байгаа бололтой юм. Гэхдээ бүхнийг эсрэг өнцгөөс нь харах хэрэггүй.
Төр засгаас халамж туслалцаа хүсдэг, ядуу зүдүү байхаа амьдрах арга болгочихсон байх юм, тэд. Олон улсын нэршлээр үүнийг "ёс суртахууны ядуурал” гэх бөгөөд тийм хүмүүст төр зөвхөн ажлын байр олж өгөхөөс өөрөөр тусалдаггүй гэх юм билээ.
Ажлын байр, ажлын зар бол ус цас шиг л урсч байна. Ялангуяа хаврын эхэн сар эхэлж урин дулааны улирал ирж байгаа болохоор эх орны хаа сайгүй бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Одоогоор тодорхой болоод багаагаас Ногоон нуур орчмын 1000 айлын орон сууц, Замын цагдаагийн олон түвшний гүүрэн гарц, Налайх чиглэлийн замын өргөтгөл, Зүүн дөрвөн замын давхар зам, нефть боловсруулах үйлдвэр гэхчлэн томоохон бүтээн байгуулалт бий. Хийх хүсэл байдаг л юм бол ажил бол байна аа, байна .Ажиллах хүчний эрэлт хэрэгцээ зөндөө байна. Гэвч тэр бүр ажилтай болж чаддаггүй хэвээрээ. Нэг хэсэг нь голж шилж байна, нөгөө хэсэг нь таарч тэнцэхгүй хасагдаж байна. Зарим нь бүр ажил хийх хүсэлгүй. Ажил хийж амьдралаа дээшлүүлэхээс ядуу зүдүүгээрээ пополж, халамжаар амьдрахыг илүүд үздэг хүмүүс ч байх шиг байна.
Цалин нь бага гэж чамлах нэг хэсэг байхад цаг нар нь их юм гэж халширч буцах нь олон. Энэ мэт шалтгаанаар ажлын байр нь байлаа ч эзэнгүйдэх нь элбэг. Хоёрын хооронд сэтгэлд таарахгүй ажил хийснээс халаас хоосон ч эрх чөлөөний улаан тугаа дэрвүүлээд явж байхыг илүүд үзэгсэд олон бий. Гэсэн атлаа төр засгаас халамж туслалцаа хүсдэг, ядуу зүдүү байхаа амьдрах арга болгочихсон байх юм, тэд. Олон улсын нэршлээр үүнийг "ёс суртахууны ядуурал” гэх бөгөөд тийм хүмүүст төр зөвхөн ажлын байр олж өгөхөөс өөрөөр тусалдаггүй гэлцэх. Харин манайд энэ жишгээс арай өөр, халамжийн олон тогтолцоо хэлбэр бий.
"Glоbal finance”-ийн толилуулдаг дүнгээр дэлхийн 189 орноос ядуурлын зэргээрээ Монгол Улс ихэнхдээ дундаас доогуур эрэмбэлэгддэг. Тэд энэхүү судалгааг хийхдээ ДНБ дээр суурилсан /РРР/ буюу худалдан авах чадвар гэсэн хэмжигдэхүүнээр авч үздэг. Эндээс харвал ядуурлын хэм хэмжээгээр монголчууд дэлхий нийтэд тэг дундуур нь явдаг бололтой юм.
Ядуурал эдийн засгийн ухагдахуун хэдий ч нийгмийн бодитой үзэгдэл. Гэхдээ их харьцангуй ойлголт аж. Хятадууд Эрээнд очиж байгаа манай наймаачдыг хараад "Энэ монголчууд баян ч юм шиг, ядуу ч юм шиг учир нь олдохгүй хачин хүмүүс” гэж ярьдаг байсан гэдэг. Үнэхээр ч өмсч зүүснээсээ эхлээд бийлэгжүү харагдах хэрнээ Эрээний үнэ хямд "хог”-ийг эрээлж цээрлэх юмгүй бөөнддөг байсан болохоор тэгж хардаг байсан байх.
Бээжинд сурч байгаа монгол охин ярьж байна. Багш нь нэг өдөр "Танай монголчууд их баян. Траншейныхан нь хүртэл ориг мах иддэг гээ биз дээ” гэж асуусан тухай хуучлав. Эндээс бидний ядуу гэсэн ойлголтын хоёр талыг анзаарч, бас харьцангуй чанарыг нь харж болохоор байгаа юм. Хоёр жилийн өмнө ч билүү, гадаадын нэг судалгааны агентлаг Монголыг аз жаргалгүй орны нэгээр нэрлэсэн байж билээ. Үргэлж мөнхий дайн дажин, алаан хядаантай Афганистан, Сири хүртэл энэ талаараа бидний ард орчихсон байсан юм даг. Арай чдээ.
Харин монгол хүн эх орондоо аз жаргалгүй байна гэж бараг л хэлэхгүй байх. Яагаад гэвэл бид өөрийн гэсэн үнэлэмжээрээ жаргалтай ард түмэн. Ядуурал ч гэсэн үүн шиг ойлоголт. Гэхдээ энэ нь ядууралгүй гэсэн үг огтхон ч биш. Монголчууд бараг бүгдээрээ "хоёр идэхгүй хоосон хонохгүй”, мөр бүтэн гэдэс цатгалан амьдраад байх бэлээхэн боломжтой ард түмэн. Нөгөө талаараа "өргүй бол баян” гэсэн өөрийн үнэлэмж бас бий. Гэхдээ энэ үгийг нийт улсын хэмжээнд бус, хувь хүний тухайд хамаатуулах нь үнэнд илүү ойр байх. Тэгснээс Монголын маань өр талийчихсан шүү дээ.
Ядууралтай зарлах дайн бол өглөг халамж бус. Харин иргэдээ ажилтай орлоготой байх боломжийг нь бүрдүүлэх, эдийн засгийн эрх чөлөөг нь задгайлж либералчлах явдал.
Монголчууд ярьдаг, бухимддаг. Урд хөршийн нэг хотын хүн амтай дүйцэхүйц гуравхан сая гаруйхан хүнийг мөр бүтэн гэдэс цатгалан амьдруулж чадахгүй байна гэж төр засгаа буруутгадаг. Үнэхээр үнэн үг. Байгалийн баялаг, мал сүрэг, өргөн уудам нутаг, бүх нийтийн боловсрол гээд заяагдмал хийгээд олдмол баялаг, үнэ цэнэ бидэнд бий. Өөрөөр хэлбэл өгөгдлөөрөө ядуу амьдрах нь баян байхаасаа илүү хэцүү тийм улс орон баймаар.
Япон улсаас Монголд суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан Такэнори Шимузи гуай ийм оюуны чадавхитай, ийм баялагтай ард түмэн бусдаас гар тосч амьдарч болохгүйг сануулсан нь бий.
Ийм байсаар байтал яагаад ядуу амьдрах гэж... Асуудлын гол энэ. Монголчуудын ярьдагаар "Гадаахаа гэртээ оруулж, гэр дэхээ гэдсэндээ оруулж чадахгүй” байгаа нь энэ ядуурлын шалтгаан. Өөрөөр хэлбэл буруу зөрүү бодлого, иргэдийнхээ итгэлээр тоглож ирсэн улстөрчдийн урагшгүй, увайгүй байдлын илрэл нь ядуурлын түвшингээр харагдаж байгаа юм. Оюуны ийм чадавхитай, ийм их баялагтай ард түмэн идандаа бусдын гар харж амьдарч болохгүй тухай сануулж байсан удаатай.
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсоныхоо дараа ядууралтай дайн зарлаж байгаагаа сүр дуулиантай мэдэгдэж байв. Харин тэр "дайн”-ы утаа нь харагдаж, дарь нь үнэртсэнгүй байсаар өндөрлөсөн. Зарласан дайныхаа төлөө тэр хуруугаа ч хөдөлгөөгүй. Дайн гэдгийг шууд утгаар нь тэмцэл гэж ойлгох учиртай. Ядууралтай яаж тэмцэв, ялж чаддаггүй юмаа гэхэд галын фронтоо урагшлуулав уу, ухраасан уу гэдэг нь өөрөө асуудал.
Ядууралтай зарлах дайн бол өглөг халамж бус. Харин иргэдээ ажилтай орлоготой байх боломжийг нь бүрдүүлэх, эдийн засгийн эрх чөлөөг нь задгайлж либералчлах явдал. Танил маань Туул тосгон Гавьжийн шандны ойролцоо 10 га газар авч жимс ногоо тарих гээд 5 жил хөөцөлдөөд бүтээгүй. Адаг сүүлд нь тухайн дүүргийн цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийн ажлыг үнэ төлбөргүй хийж өгч баймаажин мөнөөх газрынхаа зөвшөөрлийг авсан тухайгаа хэдэн жилин өмнө ярьж билээ. Өөртөө бус дүүрэгтээ юм хийлгэсэн тэр даргыг магтан сайшаамаар ч мөнөөх л хүнд суртал олон хүний хийж бүтээх, амьдралаа авч явах хүсэлд тээг болдогын жишээ.
Хийе бүтээе гэсэн нэгний санаачлага санал хүнд суртлын хад мөргөдөг болохоор ядуурал оршиж олширохоос яахав.
Монгол улс 750 мянга гаруй өрх бүлтэй. Үүнээс 200 шахам мянга нь малчин өрх.Тарагны таван ямаатай хүн өөрийнхөө амьдралыг болгоод л явна. Туул голоо бараадаад шуудай төмс "булчихсан” байхад өөрөө хэрэглээд өрөөлд илүүчлэнэ. Дүүрэг бүрд биш гэхэд нийслэлдээ нэг, хоёр том хөнгөн үйлдвэрийн парк байгуулчихад үндэсний үйлдвэрлэгчид тэнд хөгжүүлэлт хийгээд өсч өндийгөөд ирнэ. Хийж бүтээснийг нь лангууны түрээсгүй худалдаж арилждаг болчихвол үнэ өртөг нь буурч хямдраад л ирнэ. Гагцхүү энэ бүх эрх чөлөө, боломж, хүнд сурталд боомилогдоод байна. Ядууралтай хийх дайн үүнээс л эхлэх ёстой байх.
Эхэлж буй нохой жил монголчуудын хувьд ядуурлыг мартах он жилүүдийн угтал байгаасай гэсэн билэгдлээр ийн ерөөе.
М.Нэргүй
Zaluu.com
Сэтгэгдэл