Парламентын намрын чуулган Монгол түмний их баяр Цагаан сарын өмнөхөн завсарлаж, хууль тогтоох ангийнхан амралтаа авцгаасан билээ. Төр түшилцэхээр түмний олны итгэлийг хүлээсэн 76 эрхэм тус тусын тойрогт ажиллаж амран яваа мэдээлэл гарсаар байгаа. УИХ-ын дарга гэхэд л Төв аймгийн иргэдтэй уулзаж, золгон, тогтоосон хуулийнхаа талаар тайлагнаж яваа аж. Ерөнхийдөө завсарлагааны хонхтой зэрэгцэн хөдөө орон нутгийн зүг хөдөлсөн гишүүд төрийн ордонд байх өрөөндөө залраагүй тул хууль тогтоох байгууллага анир чимээгүйд ноёлуулсаар байна.
Харин Засгийн газрын хувьд гал тогооны ажлаа хийсээр. У.Хүрэлсүхийн хоёр дахь гадаад айлчлалын тов ч долоо хоногийн эхний өдрөөр тодорлоо. Түүний удаахь айлчлал урд хөршид үргэлжлэх тов гарсан бөгөөд айлчлалын бэлтгэх хангах асуудлыг ЗТХ-ийн сайд зассан хэмээн яригдаж эхэлсэн юм. Ямартай ч төр засгийн хүрээнд гоц гойд өрнөсөн зүйлгүй долоо хоног байсан гэж дүгнэхэд буруудахгүй. Яах вэ У.Хүрэлсүх сэтгүүл зүйн салбарынхныг "Будаатай хуурга”-нд урьснаас өөр гоц үйл явдал алга.
Цэцийнхэн 23 дугаар тогтоол хууль зөрчөөгүй гэж үзэв
Хууль тогтоох дээд байгууллага бүрэлдэн тогтсоноос хойш маргаан дагуулж, өнөө хэр нь олны анхаарлын төвд байгаа зүйл бол Монгол Улсын саалийн үнээ буюу "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь юм. Өнгөрсөн онд парламент уг асуудлыг нэг тийш болгох хурал хийж 23 дугаар тогтоол үйлдсэн. Тэгвэл уг тогтоол нь эцэг хууль зөрчсөн гэх асуудлыг Үндсэн хуулийн цэцэд тодорхой иргэн буюу хувийн хэвшлийн төлөөллүүд мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 49 хувийг хувьчилж авах гээд амжаагүй нөхдүүдийн зүгээс төрд гомдоллож, өргөдөл бичиж хандсан хэрэг. Уг асуудлыг цэц хуралдаанаараа авч хэлэлцсэн бөгөөд УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргав. Өөрөөр хэлбэл, Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол "Үндсэн хуулийг зөрчөөгүй” гэж үзэж, УИХ-ын зүг илгээсэн юм. Ингэснээр маргаан дагуулаад байсан Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал нэг тийш боллоо гэсэн үг. Төр , засаг 49 хувийг гартаа төвлөрүүлж чадах нь. Харин иргэд, улс орон, эдийн засагт хэр их ашигтай болох нь ирэх он жилүүдэд мэдрэгдэх биз ээ.
Тус үйлдвэрийг тойрсон асуудал үүгээр дуусаагүй. 51 хувьтай холбоотой маргаан, нийгмийг бухимдуулсан зүйл ч үүсээд амжсан. Тодруулбал, саалийн үнээгээ барьцаалж ӨАБНУ-ын ''Стандарт'' банкнаас авсан зээлавсан явдал. Энэхүү асуудлаар төрийн түшээд Засгийн газарт асуулга ч тавиад амжсан. Ингэх шалтгаан нь Олон улсын арбитрын шүүх дээр Монгол Улс унасан буюу зээлээ хүүтэй нь эргэн төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ нь, эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед тийм ч таатай асуудал биш. Тиймээс тухайн цаг үед хэн зээл авсан, зээлийн хөрөнгө хааччихав гэсэн олон асуудал бий. Энэ бүхний хариулт эрт орой хэзээ нэгэн цагт тодорхой болох байх гэсэн итгэл найдвар иргэдийн дунд үлдлээ.
Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах засгийн шийдвэр
Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг гайхаж нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Гайхаж, шагшихаас илүүтэй гавьсан ажил ч хийгээгүй. Агаарын бохирдлыг бууруулна хэмээн олон жил чамгүй хэмжээний мөнгө зарцуулсан ч өнөөдөр утаа, тортгийн хэмжээ буурсангүй харин ч улам ихэсч, хорт бодис агуулах найрлагын хэмжээ нэмэгдсэн байх жишээтэй. Энэ асуудлаар өвөлжин ярьж, эцэг эхчүүд ч тэмцэл хийсэн. Гэвч урин дулаан эхлэх энэ цагаар нам жим болцгоов. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын утааг бууруулах зорилтын хүрээнд ирэх 2019 оны тавдугаар сарын 15-наас хойш нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглох шийдвэр гаргав. Ерөнхийдөө түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан түлшээр солих юм байна. Ингэснээр утааг 50 хувиар багасгаж чадна хэмээн тооцоолжээ. Магадгүй тооцооллын алдаа гарахгүй байгаасай гэж хүсэх л үлдлээ. Төрийн тооцоолол тун муу, дээр нь хамгийн муу менежер гэгддэг. Тиймээс цаг хугацааны явцад л үр дүн нь мэдэгдэх асуудал болов уу. За ямар ч гэсэн түүхий нүүрс шатаахгүй болж байгаа нь сайшаалтай ч боловсруулсан түлш үйлдвэрлэх газрууд нь бэлэн байна уу гэх асуулт бий. Үүнийг барьж байгуулахад хэр их хөрөнгө зарах бол. Эрт нэгэн цагт Д.Зоригт гэж нөхөр сайд байхдаа боловсруулсан түлшний үйлдвэрт чамгүй их хэмжээний хөрөнгө зарсан. Гэхдээ үр дүн үзүүлээгүй. Төрийн мөнгийг салхиндд хийсгэсэн түүхтэй. Ийм арга хэмжээ болчихгүй байгаасай билээ.
Эртний амлалт ба 1072 ширхэг хувьцаа
Сонгууль болгоноор сайхан амлалтанд хууртдаг монголчууд төрөөс амлалтаа хэзээ биелүүлэх бол хэмээн горьож сууна. Парламентын 2008 оны сонгуулиар Монгол Улсын хоёр томоохон улс төрийн хүчин бие биетэйгээ ам уралдуулан бэлэн мөнгөний амлалт өгч байсан асуудал түүхийн шаргал хуудаснаа бий. Өнөө хэр нь уг амлалтаа биелүүлэхийг хүлээсэн хэвээр иргэд, ард түмэн. Ёстой шантаршгүй, мохошгүй хүлээлт, итгэл найдвар шүү. Төрийн ой санамж тийм ч сайн биш, хийх ажлаа өмнөө тавьчихаад хэрэгжүүлдэггүй нь өнөөдөр ч харагдсаар. Арваад жилийн турш яс горьдох нохой мэт байсан иргэд сая нэг "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны талаар сураг дуулах нь тэр. Засгийн газрын түвшинд уг асуудлыг ярьж, ирэх жилээс ногдол ашиг хуваарилах боломжтой гэсэн шийдэлд хүрчээ. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд урд хөршийн Чалькогийн өр болон бусад төлбөрөө өгсөөр хувь хишиг түгээх боломжгүй байжээ. Харин энэхүү өр төлбөр барагдсан болохоор ирэх жилээс иргэдийнхээ гар дээр хэдэн бор төгрөг тавих боломжтой болох нь. Тиймээс 1072-ын талаархи амлалтаа арван жилийн дараа санасан хэрэг юм байна. Өнгөрсөн онд 400 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан сураг ч дуулдлаа. Ийнхүү арван жилийн өмнөх төр засгийн амлалт биеллээ олохоор болсон нь түмэн олонд туйлын их таалагдав.
Энэ мэтчилэн чамгүй олон үйл явдал хөвөрч өнгөрлөө.
http://www.24tsag.mn/a/160064
Сэтгэгдэл