Хотын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр гэр хорооллын иргэдтэй хамт "эсэргүйцлийн” /уг нь эсэргүүцэл гэж бичих байх/ нэртэй ойлгомжгүй жагсаал зохион байгууллаа. Тэд газрыг нь үнэгүйдүүлчихээд байгаа хотын удирдлагуудыг эсэргүүцэж байгаа нь энэ гэнэ. Яг үнэндээ гэр хорооллын газрыг үнэгүйдүүлсэн, жинхэнээсээ эсэргүүцэх ёстой хүмүүс бол Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай, УИХ-ын гишүүн асан Д.Арвин нар биз дээ. Тэд л дахин төлөвлөлт хийх нэрээр иргэдийн газрыг үнэгүйдүүлж, газар дээр нь байшин босгосон. Гэхдээ тэр байшинд газраа өгсөн иргэдийн хэд нь амьдарч байгаа вэ. Үүнд хариулт өгөх ёстой Э.Бат-Үүл өнөөдөр "луйврын схем” гэгчийг соёлын ордонд тайлбарлаад зогсож байгаа харагдлаа. Хэний хийсэн луйвар вэ?
Одоогоос яг жилийн өмнө 100 орчим иргэн Ардчилсан намын төв байрны гадаа "эсэргүүцлийн” жагсаал зохион байгууллаа. Тэд Б.Чулуудай, УИХ-ын гишүүн асан Д.Арвин нарт газраа өгөөд байр ч үгүй, газар ч үгүй болж хохирсон хүмүүс байв. Өөрөөр хэлбэл луйвардуулсан хүмүүс. Улсын Баатар яагаад тэдгээр иргэдэд хариулт өгсөнгүй вэ? Мөн өнөөдрийн жагсаалаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хохирогчдын асуудал хөндөгдсөнгүй. Зүгээр л орлого нь тасарсан Б.Чулуудайн компанид л "цус сэлбэх” тухай шаардаж байгаа харагдав.
Иргэд өөрийн газраа үнэд хүргэхийг хүсч байгаа. Гэвч хашааны газрыг орон сууцаар солино гэдэг бүтэшгүй мөрөөдөл шүү дээ. Харин тодорхой түвшинд үнэлж, орон сууцны урдчилгаанд авах шийдвэр бол бодит үнэнтэй нийцнэ. Ямар ч хийсвэрлэл, ямар мөрөөдөл энд байхгүй. Мэдээж амьдарч буй хашаагаа орон сууцаар солих хүсэл гэр хорооллын 216 мянган өрхийн гишүүн бүрт л бий. Харин хүсэлт дээр л Улсын Баатар "тоглолт” хийж, түүний хүү хөрөнгөжиж, офшор данс хүртэл нээгээд авсныг бид хэвлэлийн хуудаснаас хангалттай уншсан шүү дээ.
Одоо Улсын Баатар маань дахиад л "тоглолт” хийж байна. Ингэхдээ хонжворт сугалаа хүртэл явуулж, гэр хорооллын иргэдийг басамжилж, алдаатай анносын өмнө өөрийн хийсэн "луйврын схем”-ээ бусад руу тохож зогсохыг нь хараад дургүйцэл төрлөө.
Үнэгүйдсэн газраа өмгөөл эсэргүүцэж байна. Энэ бол иргэдийн эрхийн асуудал. Гэхдээ ийм байдалд хүргэсэн хүн нь үүнийг удирдан зохион байгуулж байгаа нь өөрөө цонх хагалчихаад бусад руу буруугаа чихдэгтэй л адил дүрслэгдээд байгаа юм. Үүнийг ч жагсаалд оролцож байгаа зарим иргэд хэлж байв.
Гэр хорооллыг дахин төлөвлөж, хэчнээн иргэн орон сууцанд орж, хэчнээн иргэд газраа алдсан бэ. Энэ төслөөс Б.Чулуудайн "Гранд Лайн” компани хэчнээн төгрөгийн ашиг олсон бэ. Анх хамтран ажиллаж байсан Туркын компани яагаад Б.Чулуудайгаас 827.27.51 ам.доллар, 31.9 сая төгрөг нэхэмжлээд байгаа вэ. Газар ч үгүй, байр ч үгүй болсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ… гээд маш олон асуултыг Улсын Баатраас асуумаар байх юм. Даанч мань хүн бүх буруугаа бусад руу чихэж, туул голын мөс долоодог хуучин үлгэрээ ярьсаар л явна. Хавар болчихоод байж сууж ядахдаа өөрийн балгаа хүртэл улс төржүүлж, цөхөрсөн олноор тохуурхаж явах ч таагүй л харагдаж байна даа, Улсын Баатар минь.
Сэтгэгдэл