Г.АЛТАН ЯАГААД АНХААРЛЫН ТӨВД ОРОВ


Г.АЛТАН ЯАГААД АНХААРЛЫН ТӨВД ОРОВӨмнөд Африкийн "Стандарт” банкнаас зээл авч, Засгийн газрыг өрөнд оруулсан Ш.Батхүүгийн хэргийг АТГ дахин шалгаж, мөрдөн байцаах ажил явуулж байна. Үүнтэй хамт улстөрчид болон бизнесмэнүүдтэй холбоотой мэдээллүүд дэлгэгдэж эхэллээ. Ш.Батхүүгийн баривчилгааны дараа Ерөнхий сайд асан С.Баяр АТГ-д байцаалт өгсөн нь Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудлыг бүр ч илүү сонирхолтой болгов.

Дуулиант гэрээ хийгдэх үед С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Энэ нь түүнийг АТГ-ын босгыг давахад хүргэжээ. Эх сурвалжууд АТГ-ын мөрдөгчид С.Баяраас ганц Эрдэнэтийн 51 хувийн тухай ч биш АНУ-д байдаг хаус болон өөр бусад асуудлаар байцаалт өгсөн хэмээж байна. С.Баяр АТГ-т байцаалт өгснөөр сүүлийн 20 орчим жил Ерөнхий сайдаар ажиллаж байсан хэд хэдэн хүн авлигын хэргээр мэдүүлэг өгсөн тохиолдол болов. Харин С.Баяр Н.Алтанхуяг шиг АТГ намайг дарамталж байна гэх мэт шуугиан дэгдээн, жагсагчдын арми, сэтгүүлчдийн группыг дагуулж очсонгүй. Тэр АТГ-т чимээгүйхэн очиж, олон цагийн мэдүүлэг өгчээ.

С.Баярын нэртэй хамт "Алтжин” группын эзэн Г.Алтангийн тухай мэдээлэл ч цацагдаж байгаа. Түүнийг өнгөрсөн баасан гаригт зүсээ хувилган хил давах гэж байхад нь баривчлсан гэж зарим эх сурвалж мэдээлсэн ч АТГ Г.Алтанг баривчлаагүй юм байна. Тэгэхээр ямар нэгэн дүрээ хувиргах, зүсээ хувиргах тухай асуудал байхгүй гэсэн үг юм. Гэхдээ Г.Алтан "Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан хэрэгт ямар нэгэн байдлаар оролцоотой гэж үзэж байгаа учраас түүнийг энэ хэрэгт гэрчээр татсан гэж эх сурвалж мэдээлэв.

Улстөрчид, бизнесмэнүүдтэй холбоотой зарим эдийн засгийн маргаан, их хэмжээний мөнгөний дуулианд Г.Алтангийн нэр дуулдах нь шинэ юм биш. Гэхдээ Г.Алтан тэр бүр ил гарч ирээд тайлбар өгөөд байдаггүй. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг тойрсон маргаан харин түүнийг хүссэн ч хүсээгүй ч олны анхаарлын төвд дахин авчирч байгаа бололтой.

Г.Алтан, Ж.Батхүү нар бол бизнесийн түншүүд. 2008 онд Г.Алтан "Алтжин” группынхээ ШТС-уудыг "Жаст” группт худалдаж байв. Мөн компа­нийн нэр дээрх 420 га газрыг "Жаст” группын нэр дээр шилжүүлж байжээ. Ингээд тэр "Жаст”-ын Г.Батхүүгийн мэдэлд байсан "Хадгаламж” банк­ны 60 хувийн эзэмшигч болсон гэдэг. Энэ нь Г.Алтанг "Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан зээлийн гэрээ үйлдэх агшины хамгийн том гэрч болгож буй бололтой.

Харин Г.Алтан Сүхбаатар дүүргийн шүүхэд 2013 онд өөрийнхөө төрсөн хүү Эдуардын нэр дээр нэхэмжлэл гарган "Жаст” группээс 32855296 ам.доллар нэхэмжилсэн байгаа. Энэ үед "Жаст”-ын дампуурал эхэлсэн учраас шүүх 2013 оны аравдугаар сард "Жаст” группээс авна гэж Г.Алтангийн хүүхдээс нэхэмжилсэн мөнгийг зээлийн баталгаа олгосон банкнаас гаргуулахаар шийдвэр гаргасан байдаг. Баталгаа гаргасан банк нь Хадгаламж. Тус банк яг энэ үед Төрийн банктай нэгдсэн байсан тул Төрийн банк тэр мөнгийг төлөх ёстой болсон.

АТГ Г.Алтанг шалгаж байгаа энэ үед Г.Алтан, Ш.Батхүү хоёр үгсэн Төрийн банкыг дахин "залилах” гэсэн үү, үнэхээр тэдний дунд бизнесийн маргаан үүссэн үү гэсэн асуудал мөн л хурц тавигдах бололтой. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр саяхан "Эрдэнэт”-ийн цаад эзнийг олоход их амархан шүү дээ гэж үг чулуудсан байгаа.

Хэргийн нөгөө талд АТГ "ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр гэдэг хүнийг шалгаад эхэлсэн.

Ямартаа ч "Эрдэнэт”-ийн нэрээр боссон зээлийн мөнгө Монголд орж ирээд есөн жил, дуулиан нь олонд ил болоод зургаан жил өнгөрчээ. Гэвч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэгддэг "Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар ч дахин ороогдож байна. Гэвч тэд өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээлэлд "Миний гарын үсгийг хуурамчаар зурсан” гэж гүрийсээр байгаа юм.

 
Эх сурвалж: О.Туяа
Arslan.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.