Фейсбүүк дэх иргэдийн мэдээллийг сонгуульд ашигласан уу


 

Фейсбүүк дэх иргэдийн мэдээллийг сонгуульд ашигласан ууФэйсбүүк цахим сүлжээний 50 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан хэрэгт "Фэйсбүүк” компани болон "Кэмбриж Аналитик” пүүсийг тайлбар өгөхийг шаардаж, шүүхэд өгөхийг АНУ, Их Британийн цахим хэрэглэгчид уриалжээ. "Кэмбриж Аналитик” пүүс нь олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг хүссэн  бизнес эрхлэгчид болон улс төрчдөд зориулсан үйлчилгээ явуулдаг бөгөөд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын багийнхантай хамтарч ажилласан байна.

 "The Observer” сонинд Кэмбриж Аналитик” пүүсийг 50 сая цахим хэрэглэгчийн профайлыг ашиглан, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад нөлөөлөх хуурамч цахим систем байгуулсан байж болзошгүй гэж мэдээлсний дараа Их Британийн парламент дахь хуурамч мэдээллийн хянан шалгах хороо "Фэйсбүүк” компани болон "Кэмбриж Аналитик” пүүсийг парламентын гишүүдийг төөрөгдүүлсэн хэмээн буруутгасан байна.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон дараа нь америк сонгогчдын саналыг хуваахад  Оросын хакеруудын гол зэвсэг нь Фэйсбүүк байсан гэдэг шүүмжлэл, дайралтад өртсөн "Фэйсбүүк” компани дахин нэг дуулианд өртөөд буй нь энэ ажээ. АНУ-ын Конгресс цахим хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсантай холбоотойгоор "Фэйсбүүк” компаниас мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмаа шинэчлэхийг уриалсан байна.

"Фэйсбүүк” компани дээрх асуудалтай холбоотой мэдэгдэл гаргаж,  "Зарим шүүмжлэгчид Фэйсбүүкийг ч мөн энэ хэрэгтэй холбоотой мэтээр буруутгаж, хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан хэрэгт тайлбар өгөхийг шаардсан. Гэвч "Кэмбриж Аналитик”-ын шинжээчид журмаа зөрчиж, худал мэдээлэл түгээсэнд асуудлын гол нь  байна. ” хэмээжээ. "Фэйсбүүк” компанийн мэдэгдэлд дурдсанаар 50 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг "Кэмбриж Аналитик” хулгайлаагүй, харин сонгогчдын саналыг хуваахын тулд ашигласан гэжээ. Гэхдээ цахим хэрэглэгчид өөрсдийн профайлыг "судалгаа”-нд  ашиглахыг "Кэмбриж Аналитик”-т зөвшөөрсөн ажээ.

"The Observer” сонинд энэ хэргийн талаар нэгэн эх сурвалж мэдээлж, Фэйсбүүк хэрэглэгчийн тэр дундаа америкчуудын профайлыг "Кэмбриж Аналитик”  хэрхэн ашигласан тухай ярьсны дараа энэ хэрэг мандсан ажээ.

АНУ-ын Холбооны сонгуулийн хорооны баримтаас харахад Трампын сонгуулийн кампанит ажлын багийнхан 2016 оны зургадугаар сард олон нийтийн "санаа бодлыг эргүүлэхэд” "Кэмбриж Аналитик”-тай хамтран ажиллаж,  6.2 сая ам.доллар төлсөн байна.

 
Erennews.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.