Монгол Улсын өмнөд хийлийн олон улсын төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, Ази-Европыг дамжин өнгөрөх тээврийн сүлжээ олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Замын-Үүдэд хэрэгжүүлж буй "Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН-2719/240 төсөл”-ийн хөрөнгө үр дүнгүй зарцуулагдаж, улсад багагүй хэмжээний хохирол учруулсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
Нутгийн өмнөд хил дээр олны нүд, чихнээс зайдуу өрнөж байгаа энэ бүтээн байгуулалт, төслийн нийт өртөг нь 71.6 сая ам.доллар бөгөөд үүний 40 саяыг Азийн хөгжлийн банкны зээлээр, таван саяыг нь тус банкны буцалтгүй тусламжаар, үлдсэн 26.5 сая долларыг Засгийн газар бие даан шийдвэрлэж байгаа юм. Гэвч төслийн өртөг, хийгдэж буй ажлын гүйцэтгэлд хяналт дутуу хийгддэгээс төсөл ихээхэн хэмжээний алдагдалд орчихоод байгаа юм.
Төслийн зохицуулагчаар Д.Энхбаатар гэгч ажилладаг. Түүнийг Зам тээврийн яам энэхүү төслийг анх хэрэгжүүлэхээр болсон 2012 онд анх томилсон байдаг юм. Томилгоог тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан, одоо энэ яамны сайдаар ажиллаж буй Ж.Бат-Эрдэнэ хийсэн. Гэхдээ Д.Энхбаатарыг тэр үед Зам тээврийн сайд байсан, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга томилж байв. Үүнээс хойш Д.Энхбаатар бол Х.Баттулгын хүн гэсэн тодорхойлолт түүнийг дагалддаг.
Засгийн газрууд ээлж дараалан солигдож Сү.Батболдоос хойш тав дахь Ерөнхий сайд Засгийн газрыг толгойлж байгаа хэдий ч Д.Энхбаатарын ажлыг хүлээлцэнэ гэсэн яриа нэг ч удаа өрнөөгүй. Тэр ердөө үүрэг гүйцэтгэгч гэсэн "хаяг” л зүүж үзсэн байна. Их хэмжээний мөнгөн дүнтэй, улс орны хөгжил, эдийн засагт чухал үүрэгтэй төсөл дээр түүнийг ийн бат бөх суусан шалтгааны цаана эрхэм Ерөнхийлөгч нуугдан сууж байдаг гэж Зам тээврийн яамныхан үздэг аж.
Нийт 128 га талбайд чингэлгийн, хүнд даацын, агуулахын гэсэн 3 бүстэй байхаар төлөвлөгдсөн ба 50 тонн даацтай 2 гүүрэн кран, механизмын засварын төв, өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11.5 км орчим төмөр зам, ложистикийн төв руу орох гарах төмөр замтай 2 түвшинд огтлолцох хүнд даацын тээврийн хэрэгсэл явах боломжтой гүүрэн байгууламж, 1.6 км авто зам тус тус барихаар төлөвлөгдсөн төслийн газар зарагдсан. Өнөөдөр Засгийн газар томоохон төслөө хүний газар дээр хэрэгжүүлж байгаа.
Энэ бол Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэн ачих техникийн боломжийг нэмэгдүүлэх нөгөө талаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилга, уул уурхайн салбарын том оврын тоног төхөөрөмжөө чөлөөтэй татах төв. Улс орныг бүс нутаг дахь тээврийн коридоруудтай холбох орц, гарц болж өрсөлдөөний талбарыг нэмэгдүүлэх боломжийг нээх байгууламж юм.
Төслийнхөн өнөөдрийг хүртэл ложистикийн төвийн үйл ажиллагаанд 11.729.247.546.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий 3.6 км цэвэр усны шугамын ажил, Төмөр замтай 2 түвшинд огтлолцох гүүрэн байгууламж, 1.6 км авто замын барилга угсралтын ажил, 4.15 км гадна холбоо интернетийн шилэн кабель суурилуулах ажил, Гадна цахилгаан хангамжийн 110кВ ЦДАШ, дэд станцын өргөтгөл, дэд станцын барилга угсралтын ажил зэрэг ажлуудыг дотоодын гүйцэтгэгч 9 компаниар хийлгэсэн гэж мэдээлж байгаа. Гэвч бодит байдал дээр хөрөнгө хэрхэн үр дүнгүй зарагдаж байгааг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.
Ложистикийн төвийн барилга угсралтын ажил энэ онд, удлаа гэхэд ирэх жил хэрэгжиж дууслаа хэмээн зарлагдах байх. Гэвч энэ үед нүд хужирлан барьсан ложистик төвийг хүлээн авч, дээр нь зарагдсан газрын үнийг давхар төлж мэдэхээр болсон байгаа.
АХБ-ны зээлээр санхүүжиж байгаа төслийн үндсэн барилга угсралтын ажлыгChina Railway 21, Bureau Group компани хэрэгжүүлж байгаа юм. Харин барилга угсралтын ажилд хяналт тавих зөвлөх компаниар "Сүсонг инженеринг” гэдэг компани ажиллаж буй. Ложистикийн төвийн Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хилийн боомтын шинэчлэгдсэн хүчин чадлын жагсаалтад албан ёсоор оруулж, олон улсад зарлаж байгаад авах учиртай байсан 50 тн-ийн 2 вандан кранын "Хэнань Дафан Хүнд Машин механизм” компани өнгөрсөн онд нийлүүлчихээд байгаа юм. Энэ бол БНХАУ-аас манай нутгаар дамжин өнгөрөх дунд болон хүнд жинтэй ачааг шилжүүлэх технологийг орлох кран байсан бөгөөд анх 70, 50 тоннын тус бүр нэг нэг хэмээн тооцоолж байсан кран өнөөдөр 50 тонныг хоёр ширхэг болж өөрлөгдөөд байгаа нь энэ.
Одоо ложистик төв дээр өргөн болон нарийн царигийн төмөр замын далангийн ажил, төвийн үйл ажиллагаа явуулах зам, талбай, зогсоолын газар шорооны ажлууд 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж дууссан гэж байгаа. Өнгөрсөн намар есдүгээр сард ложистикийн төвийн өргөн болон нарийн царигийн төмөр замын далангийн ул шорооны ажил болон дайрган үеийн хучилтын ажил дууссан гэнэ. Гэвч энэ ажлууд чанарын өндөр түвшинд гүйцэтгэгдсэн гэдэгтэй төмөр замын мэргэжлийн байгууллагууд санал нийлэхгүй байгаа аж.
Төслийн удирдагч Д.Энхбаатарын төслийн эд хөрөнгийг дураараа захиран зарцуулсан хэрэг хэрээс хэтэрч байгаа гэнэ. Тухайлбал тэр төслийг санхүүжүүлэг Азийн хөгжлийн банкинд мэдэгдэлгүйгээр жил гаруйн хугацаанд Төслийн хяналтын нэгжид хоёр инженерийг цалинжуулж ажиллуулсан. Төсөлд иженерээр ажиллаж байсан Ч.Зоригтбаатарыг ажлаасаа гарахад нь гурван сарын цалин үндэслэлгүй бодож олгосон.
Мөн түүний хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг төслөөс санхүүжүүлсэн. Төслийн хэрэгцээнд улсаас ашиглуулахаар заасан газраас хайрга авч ашигладаггүй. Огт өөр зөвшөөрөлгүй газраас 3500 м2 хайрга авч ашиглан, төлбөрийг нь хувийн компанид төлсөн. Төслийн хөрөнгөөс жилийн эцэст томилолтын мөнгө, бензиний мөнгө өөртөө гаргуулж авдаг гэх мэт санхүүгийн асар олон зөрчлүүд гарчээ.
Үргэлжлэлийг
Нийгмийн шуудан сонин
Сэтгэгдэл