Монголын Үндэсний бөхийн холбооны маргаан одоо л эцэслэгдэж байгаа бололтой. Хоёр тамга тэмдэгтэй, хоёр тэргүүнтэй уг холбооны асуудалд ШШГЕГ болон ОӨУБЕГ албан ёсоор цэг тавьсан байна.
Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сард МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбат, өнгөрсөн гуравдугаар сард хуралдсан хурлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгогдсон нь ийнхүү олон нийтийг төөрөгдүүлж эхэлсэн. Одоог хүртэл аль нь яг албан ёсны тэргүүн бэ гэдэгт хүн бүр маргалдаж байна.
Тэгвэл аль нь яг албан ёсоор сонгогдсон бэ гэдгийг баримтаар үзүүлж байна.
МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж нь 10 гаруй жил тус холбоог хууль бусаар удирдсан байдаг. Тодруулбал, Монголын Үндэсний бөхийн холбоо 2002 оны арванхоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд болсон ИХ ЭЕ хурлаар Р.Нямдорж өөрийгөө тэргүүнээр сонгогдсон гэж үзэж шүүхэд хандсан байна.
Гэвч 2003 онд анхан, давж заалдах, дээд шүүх шүүх хэрэгсэхгүй болгож дахин Их Эе хурлыг хуралдуулж тэргүүнээ сонгохыг Цэцдийн зөвлөлд даалгасан ч тус зөвлөлийг хуралдуулалгүй өөрийгөө хууль бус тэргүүнээр өргөмжлөн 2010 он хүртэл явжээ. 2010 онд дахин хууль бус хурал хийж өөрийгөө тэргүүнээр сонгосныг 2011 онд анхан, давж заалдах, дээд шүүх хүчингүй болгосон ч нийтдээ 7 удаа шүүхийн шийдвэрээс эсрэг зүйл хийж ирэв.
Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгож, МҮБХ-той холбоотой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан юм. Уг шийдвэрийг нь доорх баримтаас харж болно.
Гэтэл Р.Нямдорж нь хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхааруулсаар байтал өнгөрсөн гуравдугаар сард МҮБХ-ны Их Эе-ийг хууль бусаар хуралдуулж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилоод байгаа юм. Мэдээж, хууль бус үйл ажиллагаа явуулж, хүчингүй тамга тэмдэгээр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн томилгоо хүчингүй хийгээд хууль бус юм.
Үүнийг мэдсээр байж, хууль тогтоогч гишүүн маань хууль бусаар уг холбоог өөрийн гарт авахаар улаарч байсныг ШШГЕГ болон ОӨУБЕГ-аас зогсоогоод байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас огт хуралдахгүй, ямар нэгэн байдлаар ирц хүргэдэггүй цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2014 оны зургадугаар сарын 24-ны өдөр Их Эеийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус Их эеийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилжээ.
Улмаар ОӨУБЕГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор бүртгэж авсан байна. Ингэснээр хуулийн дагуу Л.Чинбат албан ёсоор бөхийн холбоог удирдаж, тамга тэмдэг ашиглах эрхтэй болж байгаа юм.
Сэтгэгдэл