Олон нийтийн сүлжээнд өөр өөрсдийн өнгөөр байр суурь, үзэл бодлоо илэрхийлдэг олон бичигчид байдаг. Infomongol.mn сайт олон нийтийн чөлөөт индрийн хувьд эдгээрээс нийтэлсээр байдаг билээ. Ингээд Uuganbold Tsegmed-ийн бичвэрийг хүргэж байна.
Коммунизм ба тайрсан бут
Миний ойлгосноор Коммунист нийгэм бүх хүний хязгааргүй эдийн засгийн хэрэгцээг хангаад бүгд элбэг дэлбэг сайн сайхан хангалуун амьдрал санал болгосон юм шиг байгаа юм.
Тэгснээ мэдээж "сонгуулийн маргааш" тийм нөхцөлд хүрч чадахгүйгээ ухаарсан юм уу даа. Тэгээд "амлалтаа" биелүүлэхийн тулд хязгааргүй хэрэгцээг хангах биш "хэрэгцээг хязгаарлах" аргаар ажиллаж эхэлжээ.
Бусдаас илүү хөдөлж, хөрөнгөжсөний илүү хөрөнгийг хурааж "хэрэгцээнд хязгаарлалт" тогтоов. Яг гудамжны шар хуайс тэгшилж байгаа юм шиг, дээрээс нь тэгшлээд. Бүгдийг нь ижил сайн ургуулахын тулд багыг нь услаж бордохын оронд томыг нь тасдаж, тайрах аргыг сонгожээ. Байгалийн хууль болох бүх ургамал ижил тэгш ургадаггүй, зарим нь нам, зарим нь өндөр, зарим нь гэрэлд, зарим нь сүүдэрт, зарим нь хаданд, зарим нь талд, зарим нь бие даан, зарим нь нөгөөгийн нөмөрт ургадаг экосистемийг ойлгохгүй шинэс модыг гүзээлзгэний буттай ижил өндөртэй болтол тайрч хаясан. Хэтэрхий урт ургаад байгаа заримыг нь "үндсээр нь таслан" үгүй хийсэн. Энэ устгалд манай 20 хүн тутмын 1 нь өртсөн.
Харин бидний одоо амьдарч байгаа нийгэм бол өөр. Хүн бүрийн эдийн засгийн хязгааргүй хэрэгцээг хүн өөрөө хангах үүргийг авсан. Хүсвэл та "ТЭНГЭР ХҮРТЭЛ УРГАЖ" болно. Байгалийнхаа хуулийн дагуу бие биентэйгээ зохицоод, бие биенийхээ нөмөрт, бие биентэйгээ ус, шим тэжээлээ хуваалцаад амьдрах боломжийг олгож байна.
Харин хүмүүс маань энийг хэр ойлгож байгаа вэ? Өөрийнхөө ургах, амьдрах орон зайг, боломжийг харж өөрөө өндөр ургах биш, хүний ургаж байгааг хараад тасдаж хугалж өөртэйгөө тэгшлэхийг л ихэнх нь хүсээд байх шиг.
Ц.Ууганболд
2015.05.07
Сэтгэгдэл