-Хэрвээ түүнийг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлвөл Авлигатай тэмцэх газар, ЭЦГ зэрэг хуулийн байгууллагынхан дээрх хэргүүдийг нөхөн хэлэлцэж, албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг нь шалгах учиртай юм-
Олноо "сугардаггүй Сугар” гэх гуншинг өөрийнхөө овог нэр болгочихоод буй ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын халдашгүй бүрэн эрхийн хугацаа дуусахад гуравхан хоног үлджээ. Түүний энэхүү бүрэн хугацаа хурдан дуусгавар болоосой гэсэн хүлээлт нийгэмд бий болчихоод байгаа. Ийн хэлэхийн учир нь 2013 оноос эхэлж хууль хяналтын байгууллагынхан түүнийг МИАТ-ийн хэрэгт холбогдуулж шалгаж эхэлсэн ч Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрх нь саад болж хэргийг нь түдгэлзүүлээд байсан юм. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокуророос таван ч удаа Үндсэн хуулийн Цэцэд тавьж байсан боловч хүлээж аваагүй билээ. Уг нь мөрдөн байцаагчид өөрсдийн зүгээс шаардлагатай бүх л үйл ажиллагааг явуулж, Д.Сугараас мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гаргах зэрэг ажиллагаа л үлдээд байсан ч Д.Сугар ҮХЦ-ийн гишүүн гэх халдашгүй эрхээ бамбай болгож МИАТ-ийн гэх тодотголтой хэргээс ял завшин үлдсэн билээ.
Харин Д.Сугартай холбоотой хамгийн сүүлд гарсан дуулиан нь олны анхаарлын төвд байгаа "Хадгаламж” банкны хувьчлал, "Жаст” группийн удирдлагатай холбоотой асуудал юм. Тэрбээр Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулсан ашиглаж хууль бусаар мөнгө угаасан, завшсан гэх хэрэгт нэр холбогдчихоод буй юм. Тодруулбал, "Жаст” группын захирал асан Ш.Батхүү нь Өмнөд Африкийн Стандарт банкнаас 109 сая ам.долларыг гурван үе шаттайгаар зээлж авахдаа Монголын төрийн өмчит улсын үйлдвэр болох "Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан. Түүний энэхүү дуулианд нь дээрх эрхмийн нэр холбогдож УИХ-ын гишүүд ч түүнийг "ҮХЦ-ийн гишүүнээс нь яаралтай чөлөөлж энэ хэрэгт шалга” хэмээн ярих болсон билээ.
Хэрвээ түүнийг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлвөл Авлигатай тэмцэх газар, ЭЦГ зэрэг хуулийн байгууллагынхан дээрх хэргүүдийг нөхөн хэлэлцэж, албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг нь шалгах учиртай юм. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд ҮХЦ-ийн гишүүд түүнийг цээжээрээ хамгаалж олон ч хэргээс мулталж байсан. Харин энэ удаад чадахгүй л болов уу хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна. Өөрөөр хэлбэл, Д.Сугар гэдэг хүн Монгол Улсын хууль цаазаас илүү эрх эдэлдэг нь ямар учиртай вэ. Яагаад сар бүр цалингаасаа татвар төлж, ирээдүйн амьдралаа чадан ядан баталгаажуулж хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч байгаа биднээс толгой өндөр эрх ямба эдлэх ёстой юм бэ гэсэн асуултын тэмдэг олон жил яригдсан. Тиймээс л МАН-ынхан энэ удаад Д.Сугарыг сугалах уу, сугавчлах уу гэдэг нь асуултын тэмдэг. Учир нь бид алдаж оносон ч ардчиллын замаар 28 жил замнаж яваа нь үнэн л юм бол Д.Сугар сугарах биш шударга шүүхийн өмнө зөв буруугаа дэнслүүлэх учиртай. Ямартай ч энэ удаад Д.Сугарыг сугарч үлдэхгүй хэмээн найдахаас.
Сэтгэгдэл