Оюутолгойг тойрсон шалгалтууд ба УИХ-ын лобби бүлэг


 

Оюутолгой тойрсон асуудал өрнөсөөр байна. Өчигдөр УИХ-ын 10 гаруй гишүүн багтсан Оюутолгойн ашиг орлогыг нэмэгдүүлэх лобби бүлэг гээчийг байгууллаа.

Тус ордын хөрөнгө оруулалтын гэрээг гардан байгуулсан батлуулсан сайд, Ерөнхий сайд нар хоригдож байгаа бол одоогийн УИХ-ын гишүүд Ажлын хэсэг байгуулан гэрээнүүдийг шалгаж буй.

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд захирамж гаргаж, "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Уг ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир томилогдсон ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч ажлын хэсгийн Дэд ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг ахлагчаар томилсон.

Д.Тэрбишдагва гишүүний хувьд өмнө нь МАХН-аас УИХ-д сонгогдон Шадар сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг шалгаж байсан. Сангийн сайд асан Ч.Улаан, Шадар сайд асан Д. Тэрбишдагва, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг нарын гурван сайд ажлын хэсэгт багтаж Оюутолгойн зардлын хэтрэлт гээд 2.1 тэрбум ам.долларын зөрчил илрүүлж байсан.

Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нарын долоон гишүүн орж ажиллаж байсан.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөсөн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг өөрсдийнх нь хүсэлтээр нэмж томилсон билээ.

Энэ сацуу Үндэсний аудитын газраас Оюутолгойд аудит хийхээ зарласан. Тус газар "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”, 'Оюу толгой төслийн нэг болон хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчид ногдох хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдал” гэсэн 2 бүлэг сэдвээр 2018-2019 оныг дамжин аудит хийнэ.

Эдгээрээс гадна Татварын Ерөнхий Газраас "Оюутолгой” компанийн 2013-2015 оны үйл ажиллагаанд үндэслэн 155 сая ам.долларын татварын акт тавиад байгаа. 'Рио Тинто' групп, Засгийн газар хооронд хэлэлцээр эхлүүлж, хоёр талаасаа байр сууриа нэгтгэхээр ажиллаж буй.

ТЕГ-аас Оюутолгойд 155 сая ам.долларын татварын акт тавиад буй.  Оюутолгой компани тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал татварын актыг нийт 25 бүлэг болгон ангилснаас дөрвөн бүлгийг нь л "Рио Тинто” хүлээн зөвшөөрсөн бөгөөд зөвшөөрөгдсөн бүлгүүдэд нийт 10 гаруй сая ам.долларын төлбөр багтаж байгаа.

Асуудал ийн өрнөх зуур "Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак "Үндсэрхэг үзэл газар авч байгаа нь уул уурхайн салбарт тулгарч байгаа нэг гол асуудал болж байна. Конго, Өмнөд Африк, Монгол, Австралид хүртэл энэ нь хүчээ авч байна" гэж мэдэгдлээ.

Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Ганболд, Ж.Мөнхбат, Ж.Батзандан нарын нэр бүхий 14 гишүүн "Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх”-ийн төлөө лобби бүлэг байгуулж ажиллах болсноо мэдэгдлээ.

Тэд Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах, оюутолгой төслийн үр ашиг өгөөжийг монголын талд ашигтайгаар нэмэгдүүлэн баталгаажуулах, далд уурхайн санхүүжилтын гэрээ буюу Дубайн гэрээний алдааг засаж, шинэчлэн байгуулах гэсэн үндсэн асуудалд анхаарал хандуулж ажиллах юм байна.

Ингэхдээ УИХ-ын гишүүд болон оюутолгой төслийн талаар ажил хэрэгч санал гаргаж буй хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

"Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр удаа ажлын хэсэг байгуулан шалгаж байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч шалгасан. Үүний үр дүнд "Гэрээ хэрэгжихгүй байна. Монгол Улсын 22 хуулийн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулжээ” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Өнгөрсөн парламентын үед МАН-ын цөөнхийн бүлгээс ажлын хэсэг гарч Дубайн гэрээг шалгасан. Ингээд "Монгол Улсад үр ашиг, өгөөжгүй гэрээ болжээ” гэж дүгнэсэн. Энэ удаад УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Тиймээс бид иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дуу хоолойг сонсож, ажлын хэсэг болон Засгийн газарт байр сууриа хүргүүлнэ.

Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдааны үеэр "Улс нь баялагтай атал ард түмэн нь өрөнд орж байвал бид баялагаа ашиглахын утга учир юу байна. Хууль, дүрмээ өөрчлөхөөс өөр арга байхгүй” гэдгийг илэрхийлсэн байгаа.

Ерөнхий сайд "Оюутолгойн гэрээний үр өгөөжийг дээшлүүлэх талаар идэвхтэй ажиллана” гэдгээ хэлчихсэн. Бид албан ёсны ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж, нягт хамтран ажиллана. Лобби бүлгээс дөрвөн гишүүн ажлын хэсэгт багтсан. Тэдгээр нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд нар" ажээ.

И.Болд

Эх сурвалж: Gereg.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.