Улстөр: Дурлах цаг ирлээ


Улстөр: Дурлах цаг ирлээ

Зургийг Шог зураач С.Цогтбаяр

 

Улстөрчдөд ард түмэн хэзээ ч хайртай байдаггүй гэлцдэг юм билээ. Үнэн байх шүү, нээрээ. Манайд л гэхэд бүх талаараа таалагддаг, мануусынхаа хайрыг асар их татдаг УИХ-ын гишүүн гэж бараг байхгүй шүү дээ. Гагцхүү туслах энэ тэр нь л хайртай байх. Түүнийхээ хүчинд цалин авч байгаа болохоор аргагүй л дээ.

 

Харин улсөрчид бидэнд дөрвөн жилд нэг удаа дурладаг. Гэхдээ цөөхөн хоногоор. Яг Японы "Зуурдын сэтгэл” гэдэг кино шиг түр зуурын янаг амрагийн явдал бидний хооронд өрнөдөг юм. Түүндээ улстөрчид ч амтшиж, бид ч мөн дасчээ. Өөрөөр хэлбэл тэд өнгөрсөн 25 жилийн хугацаандбиднийг өөрөө ч мэдээгүй сууж байтал тун гайхалтай биеэ үнэлэгчид болгож амжсан байна. Тиймээс ирэх сонгуулийн чимээ хаяанд сонсогдох энэ агшинд, эрхэм түшээдийн ээлжит амрагийн асуудал сэргэн, мань мэтийнхээ хөнжлийн үзүүрээс сэмхэн чангааж эхлэхийг өөрийн эрхгүй хүлээдэг болжээ. Тэд "Өвөрт л орох” гээд байгаа хэрэг шүү дээ.

 

Тэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд биднийг өөрөө ч мэдээгүй сууж байтал тун гайхалтай биеэ үнэлэгчид болгож амжсан байна.

 

Эдүгээ "Шунхлай” Г.Батхүү Өвөрхангайнхаа айл өрх бүхэнд сүү тараг, малчны хуанли тараагаад, нэг ёсондоо би та нартаа мөн ч их хайртай шүү гэдгээ зах зухаас нь илэрхийлж эхэллээ.

 

Ш.Сайхансамбуу Завхан руу дүүгээ илгээж, энэ зунжингаа сум сумын адуу малтай ноцолдууллаа. Одоо түүний дүү ярихын оронд янцгаах шахам болсон гэхэд хилсдэхгүй. Мөн бид ч түүнийг малд өн ч их нүдтэй хүү юм аа гээд магтах үгээ олохгүй сууна. Энэ бол эрхэм гишүүн агсанШ.Сайхансамбуу бидэнд хайртай гэдгээ давхар уяатай морь гэдэг шиг дүүгээрээ дамжуулан илэрхийлж байгаа хэрэг л дээ.

 

Яг түүн шиг Хөвсгөлд Л.Мөнхбаатар, Өвөрхангайд Ч.Даваабаяр, Ховдод Батнасан, Адьшаа нарын хүмүүс аймаг бүхэнд харьяалагддаг намынхаа улстөрчдийн хожим очих нүүрийг тахлан, суудал сандлыг нь бэлтгэхийн зэрэгцээ өвөрмөц нэгэн тагнуул хийцгээж эхэллээ. Ингээд л ирэх хавар нөгөө аваргууд нь хөдөөгийн уул талаар хайрын дуу аялан та бидэн дээрээ тууж ирнэ дээ.

 

Харин энэхүү нүүр тахлагчдын хувьд ашигтай. Чадвал өөрсдөө нэр дэвшинэ. Чадахгүй бол мөнгө аваад нэрээ татна. Эсвэл ирэх нэгнийгээ дэмжээд албан тушаал амлуулна. Нам ялбал сайд болно шүү гэх зэргээр. Ер нь сонгууль гэдэг 12 өргөстэй цоож гаргахын дайны асар нарийн технологитой болсны нэг жишээ энэ л дээ.

 

Гишүүд ийнхүү хөдөлгөөнд орж байна. "Женко” Х.Баттулга өөрт нь 100% санал өгсөн Баянхонгорын Баянлиг, Бууцагаан сумыг цоо шинээр барьж, ирэх сонгуулиар үлдсэн хэдийн нь амыг нэг ёсондоо битүүхэн асууна. Ингээд намайг сонговол ийм л болдог юм даа гэх далд санаа хавчуулсан "түймрийг” ирэх хавар дэгдээх биз.

 

Тэгвэл МАН-ын Л.Энх-Амгалан тэртээ Улаан-Уул сумын жавар тачигнсан голын мөсөн дээр зогсчихсон, нэгэн банкны луйврыг хэрхэн илрүүлж, ард түмэндээ ач тус хүргэснээ телевизээр тунхаглан зарлаж байх юм. Орон зай, цаг хугацаа, ач холбогдол нь юу байгаа юм бүү мэд. Мөн энэ нутгаас бие даан нэр дэвшээд сонгогдсон эрхэм гишүүн Ц.Даваасүрэн Ренчинлхүмбэ сумынханд хайртай гэдгээ тун өвөрмөцөөр илэрхийллээ. Саяхан очиход нь хүүхдийн цэцэрлэг барьж өгнө гэсэн чинь яав гээд Хөвсгөлийн дархдууд түүнийг зодох шахсан тул "шархаа нөхөхийн” тулд мань хүн энэ сумаас татагдсан цэргүүд бөөн бөөнөөрөө үхэж байна гэсэн сүржин мэдэгдлийг хийж, нэг хэсэгтээ сэтгэл амрав бололтой.

 

Увайгүй улстөрчдөд өөрийн хэрэг бүтэж байвал төрийн алба яамай байдгийн сонгодог жишээ энэ л дээ. Нөгөө талаас энэ нь гол мөрөнгүй газар гүүр барина гэж амалдаг манай улстөрчдийн өөрөө өөртөө тавьдаг занганаасаа гарах нэг төрлийн арга юм. Өнгөрсөн хугацаанд ийм зангандаа орооцолдож, цаг бусаар тавцангаасаа буусан улстөрчид мөн ч олон бий шүү дээ. Уг нь бид ан хийснийхээ дараа л бага зэрэг "давстай” яриа өрнүүлдэг байсан бол өдгөө сонгуулийн өмнө улстөрчид амандаа орсныг амалж, толгойдоо буусан бүхнийг ярьдаг болсон. Түүнд нь бид итгэхийг яана гээч. Үнэхээр уран панаалдаж байгаа юм чинь.

 

Өдгөө улстөрчид манийхаа зүг наалинхай харц чулуудах цаг яах аргагүй ирлээ. Ингэхэд Д.Арвингаас бусад нь надад мөн ч их хайртай болно доо. Эдүгээ чих нь хачин зөөлөрсөн байна билээ. Энэ бол тун удахгүй хэсэгхэн зуур бурантагтай тэмээ шиг болохын дохио. Д.Арвины хувьд улстөрийн дэлгэц дээр "Конец фильма” болсон гэдгийг маш сайн мэдсэн шиг харагддаг юм. Харин бусад нь өдөр ирэх тутам улам ялдам болоод л. Ялангуяа УИХ-ын явц телевизээр шууд дамжиж байгаа үед ард түмэнд хайртайгаа мөн ч их зарлацгаах болж. Гэхдээ ард түмэн л гээд байхаас бус бас яг юуг маань хайрлаад байгаа нь тун тодорхойгүй байдаг шүү дээ.

 

Ийнхүү улстөрчдийн бидэндээ дурлаж, биднийгээ хайрлах цаг ерөнхийдөө ирж, эхнээсээ хайр сэтгэлээ маш чангаар илэрхийлж байна. Мөн тэдний ярих цаг ч ирлээ. Гагцхүү эд нар хийсэн жаахан ажлаа хэдэн тийш нь тасчин чангаахыг чөтгөр бүү мэд. Аймгуудтай холбосон замуудаа хэн, хэдэн тийш нь чангаах бол. Одоо л гэхэд хамаг бүхнээ "Хэний гавъяа вэ” хэмээн нэг нь магтуулах гэж байхад нөгөөх нь "Хэний гай вэ” хэмээн маазруулж байх жишээтэй. Ингээд л ирэх хаврын адаг сараас энд тэндгүй бидэнд хайртай хүмүүс гарна. Харамсалтай нь хайрт минь би чамайгаа энэ томилолт дуустал чин зүрхнээсээ хайрлана шүү гэдэг онигоо шиг юм өрнөнө дөө. Одоо яая гэхэв.

 

Зургийг Шог зураач С.Цогтбаяр

 

Д.Гал

http://www.24tsag.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.