УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нар яллагдагчаар татагдсан ч бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр боллоо. Ангийн нөхөд нь тэдэнд ийм боломж олгов. Гэхдээ Д.Гантулга гишүүн өөртөө санал өгч байж ганцхан саналын илүүгээр дөнгөн данган тогтож үлдлээ. Уг нь УИХ-ын гишүүн өөрийнх нь болон гэр бүлийнх нь гишүүдийн эрх ашигтай холбоотой асуудал хэлэлцэх үед санал хураалтад оролцох эрхгүй.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэсэн заалт бий. 2012-2016 оны парламентын үед УИХ-аар оюутны тэтгэмж буюу 70 мянгатай холбоотой асуудлыг хэлэлцэх үед Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нар дээрх заалтын дагуу хувийн сургуультай учраас эрх ашгийн зөрчил үүсч байна гэж үзээд санал хураалтад оролцохоос татгалзаж чуулганы танхимыг орхин гарч байлаа. Дээрх хуулийн заалт байсан ч, байгаагүй ч өөрийгөө хамгаалж өөрийнхөө төлөө санал өгнө гэдэг нь ёс зүйгүй асуудал. Үүнийг зарим хүн сонгуулиар нэр дэвшигч өөртөө санал өгдөгтэй адилхан мэтээр тайлбарлаж байна. Сонгуулиар өөрийнхөө төлөө санал өгнө гэдэг бол иргэнийхээ хувиар Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байгаа хэрэг.
2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдахаас өмнө буюу хуулийн зохицуулалтгүй байх үед УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийнхөө төлөө санал өгөхөөс татгалзаж байсан тохиолдол гарч байжээ. Тодруулбал, тэрээр 1998 онд Ерөнхий сайдад нэр дэвшихдээ өөрөө өөртөө санал өгөхгүй гээд татгалзсаны улмаас санал 50:50 хувиар тэнцсэнээр Ерөнхий сайд болж чадаагүй байна. Үүнийг нь өнгөрсөн парламентын үед УИХ-ын гишүүн С.Баярцогт дурсан ярьж байлаа.
Харамсалтай нь УИХ-ын гишүүн Д.Гантулгад Р.Амаржаргал шиг өөрийнхөө төлөө санал өгөхөөс татгалзах ёс зүй байсангүй. Ёс зүй байдаггүй юм аа гэхэд өөртөө санал өгөх нь хуулиар хориотой гэдгийг санасангүй. Эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрсөн байхыг үгүйсгэхгүй. Үүнтэй нь холбогдуулан Д.Гантулга гишүүнд хүчиндүүлсэн гэх эмэгтэйн өмгөөлөгч Б.Мэргэн тэргүүтэй хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандахаар төлөвлөжээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавихыг ч үгүйсгэхгүй.
УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй үйлдэл ийнхүү бүх төвшинд хэлэлцүүлэг өрнүүлж парламентийн нэр хүндийг улам унагалаа. Хоёр гишүүнээ хамгаалан авч үлдсэн УИХ-ыг олон нийт буруутгаж байгаа ч овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдгийг санах хэрэгтэй. Ёс зүйгүй үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөхгүй хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцүүлэх хүртлээ зүтгэнэ гэдэг хувь хүмүүсийн өөрсдийнх нь буруу. Товчхондоо бурууг УИХ бус тэд өөрсдөө үүрэх ёстой.
Сэтгэгдэл