“Сүнжин гранд” ажилчдынхаа цалинг жил гаруй хулхидлаа


“Сүнжин гранд” ажилчдынхаа цалинг жил гаруй хулхидлаа

Нэгэн хэсэг мандаж асан "Сүнжин гранд” зочид буудлын ажилчид нэг жил гаруйн хугацаанд цалингаа авч чадаагүй, хаашаа яаж хандахаа мэдэхгүй байна гэх гомдлыг гаргаж, хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан тухай мэдээллээс бид сийрүүлж байна. Цагтаа Монголын нэртэй бизнесмэн улстөрчид цугларч ажил хэргээ ярьдаг хамгийн том буудал байсан бол өнөөдөр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий  зочид буудал олон болсоор тус буудал нь зөвхөн өндөр үнэтэй янхануудын үүр болсон тухай мэдээлэл ч хэвлэлийн архивт бий. Үнэн худлыг бол мэдэх юм алга.   

Тэгвэл тус буудал нь нэг жил гаруй хугацаанд ажилчидынхаа цалинг тавьж чадаагүй учраас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар гээд бүхий л салбарт асар их өрөнд оржээ.

Ажилчдын хэлж байгаагаар бол "Сүнжин гранд” нь 2017 оноос хойш цалингаа огт тавиагүй учраас эхнээсээ цалингийн авлагтай ч өөр ажилд шилжин орж байна хэмээсэн юм. Цалингаа авч чадаагүй ажилчдын ярьж байгаагаар бол "Сүнжин гранд” зочид буудал нь Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Солонгос эзэнтэй ийм байгууллага аж. Тиймээс цалингаа тавихгүй байх ямар ч үндэслэлгүй. Солонгос талын захирал нь нэг жил гаруйн өмнө яваад сураг тасарсан. Одоо өөр Солонгос захирал ирээд байгаа. Эд нарыг удаан хугацаанд эзгүй байх хугацаанд монгол талын удирдлагууд буруу менежмент хийж, бидэнд ирэх ёстой цалингийн мөнгө өөр тийшээ урсаж байна гэх гомдлыг өгөөд байгаа юм.

Тиймээс нэр бүхий 31 ажилтан "Сүнжин гранд” зочид буудлын удирдлагуудад гарын үсэг бүхий шаардах бичиг хүргүүлсэн ч тусыг эс олсон учраас ийнхүү хэвлэлд хандсан байна. Тэдний хувьд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй, тэнд өртэй байгаа учраас зээл төлбөр, лизинг гээд нийгмээс хүртэх ёстой бүхий л зүйлээр хохирч байгааг ч энэ үеэр дуулгаж байсан.

Зочид будулын удирдлагууд Солонгос захирал өвчтэй эмчлүүлэхээр урт хугацаанд явсан нь үнэн ч түүнийг орлох Солонгос захирал ирсэн. Гэсэн хэдий ч тэр захирал байнга байдаггүй учраас монгол талын захирлууд энэ тал дээр анхаарахгүй бидний цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ч төлдөггүй, бид нар хамгийн багадаа 5-6 сая, ихдээ 10 гаруй сая төгрөгийн цалингийн авлгатайгаар ажиллаж байна гэсэн мэдээллийг өгсөн юм.

Т.Сайхан

Шуурхай.мн 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.