Сүүлийн хэд хоног Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ,
нэрт нийтлэлч Баабар хоёрын мэтгэлцээн, өс хонзонгийн шинжтэй харилцан
буруутгасан мэдээллүүд монголын нийгмийг бас дахиад л цочроож, бяцхан
айдас, үл итгэх байдалд оруулав.
Учир нь монголын нийгэм нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн, УИХ- ын гишүүн
Ц.Нямдорж хүртэл "Баабар бол яах аргагүй үзэгдэл мөн” хэмээн толгой
дохичихсон нэрт нийтлэлч Баабар "Иргэдийн мэдээллийн ТҮЦ машин хоёрхон
сарын дотор миний тухай мэдээллийг хэдэн янзаар гаргаж луйвар хийсэн”
хэмээн тасхийтэл хэлсэн нь иргэдийн төрд итгэх итгэл, бүр цаашлаад амьд
явах баталгаандаа хүртэл эргэлзэхэд хүргэв.
Учир нь эрхэм Баабар "Бид С.Эрдэнэ мэтийн хүмүүсээс салах ёстой. Яах вэ
дээ намайг орцны үүдэн дээр хүлээж байгаад хутгална л биз” хэмээсэн нь
монголын нийгэм ямар аймшигтай болсныг мэддэг, тодорхой мэдээлэлтэй, ийм
нийгэмд амьдарч байгаад нэг л өдөр хорлогдож болзошгүй гэдгээ ч
мэдэрсэн хүний аймшигт нотолгоо байхыг ч үгүйсгэх аргагүй болж байна.
Мэдээж нийтлэлч Баабарыг монголын нийгэм гадны хөрөнгө оруулалт,
ялангуяа Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг цээжээрээ хамгаалдаг, тэднийг
магтан дуулдаг, түүнийхээ төлөөсөнд чамгүй их "ногоон”-оор цалинждаг гэж
ярилцдаг, харддаг. Тийм ч биз, үгүй ч биз. Гэхдээ монголчууд "Овоо
босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэж ярилцдаг нь учиртай.
Эрхэм Баабартан "Эрдэнэс Холдинг”, "Петро Матад”, "Бороо гоулд",
Оюутолгой компаниудаас хуурамч бичиг баримтаар мөнгө шамшигдуулж, идэж
уугаагүй бол анх энэ асуудлыг дэлгэн тавьсан Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын сайд С.Эрдэнэ хүн гүтгэсэн хэрэгтэн болно. Харин ажилласан
жилээ хуурамчаар нэмэгдүүлж, луйврын аргаар тэтгэвэрт гарсан нь үнэн бол
эрхэм Баабартан улсыг хуурч зургаан жилийн турш тэтгэврийн мөнгө
шамшиг;уулсан хэргээр дээлээ толгой дээгүүрээ нөмөрч таарна. Монголын
нийгэмд сайн магадгүй саараар товойн гарч ирж нийгэмд С.Эрдэнэ, Баабар
гэдэг брэнд болтлоо танигдсан энэ хоёр хүн өөрсдийнх нь үгээр хэн
хэнийгээ "Занганд оруулж” байгааг бид цэнхэр дэлгэцээрээ гайхаж,
балмагдан харцгаалаа.
Товчхондоо өнөөдрийн нийгмийн бусармаг, аймшиг, булхай луйвар болгоныг
дээрх хоёр эрхэм нэгд нэгэнгүй задлав. Тухайлбал эрхэм Баабартан
гарцаагүй үнэн ярьсан бол иргэдийн хувийн мэдээллийн цахилгаан ТҮЦ
машины программыг яаж л бол яаж өөрчилж, санасан зоргоороо ашиглах
боломжтой юм байна. Хэн нэгнийг хэлмэгдүүлэх, гүтгэх, хийж бүтээснийг нь
харлуулах, үгүй бол "Энхийн цагаан таггаа” болгох нь ёстой л алга
урвуулах төдий ажил юм байна.
Нөгөө талаар Зүүнхараагийн хулигаан, хүн алсан дээрэмчин гэгдэж Баабарт
удаа дараа бичүүлсэн хүн өс хонзонгийн сэдэлтээр яах аргагүй гарын
доорх хүмүүсээ явуулаад нэрт нийтлэлчийг орцных нь үүдэн дээр хутгалаад
хөнөөх хэмжээнд монголын нийгэм догширсон, зэрлэгшсэн, дээрэм луйварт
гаршсан бол "Маргаашийн нарыг харах болов уу” гэсэн аймшиг бүх биеийг
минь эзэмдэж байна.
Яах аргагүй манай нийгмийн, өнөөдрийг тодорхойлж чадах хоёр эрхмийн өөд
өөдөөсөө шидэлсэн хутган жад шиг хурц, хорлонтой үгсээс ийм л бодол
төрж байна.
Худал хуурмаг, булхай луйвар, үзэн ядалт, өс хонзон буцалсан ямар ч
нийгэмд амьдраад байгаа юм бэ дээ, цөөхөн монголчууд. Үнэхээр монголын
нийгэм маргаашдаа итгэх итгэлгүй болж, айдас аймшгаар амьсгалж байхын
оронд "Салж хагацмаар хүмүүс” байгаа бол тэднийгээ замын дунд орхиод
бузар буртаг, өс хонзон, үзэн ядалт багатайхан шиг цаашаа явахсан.
Д.Түвшин
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл