Монголд ирдэг жуулчдын олонх нь Үндэсний баяр наадмыг тааруулдаг


Монголд ирдэг жуулчдын олонх нь Үндэсний баяр наадмыг тааруулдаг

Дэлхийд ганцхан монгол наадмыг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс, олон мянган жуулчны цуваа энэ өдрүүдэд манайхыг зорин ирдэг. Тиймээс бид манайхыг зорин ирсэн жуулчдын сэтгэгдэл, наадмын талаарх мэдээлэл болон гаднын сайтууд Үндэсний их баяр наадмын талаар хэрхэн бичсэн талаар тоймлон бэлтгэлээ.

http://www.xinhuanet.com/: Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан тус улс энэ сарын 6-8-ний хооронд "Naadam Festival’’-ийг зохион байгуулж байгаа. Уг арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан автономит муж, Цинхай муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Саха зэрэг мужийн 200 гаруй төлөөлөгч соёлын өв, уламжлалаа хадгалах, өвлүүлэх, сурталчлах зорилгоор оролцож байгаа юм. Үндэсний их баяр наадам нь монголчуудын уламжлалт баяр бөгөөд наадмыг ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн жагсаалтад 2010 онд бүртгэсэн.

http://sufamilyadventures.com/: Тус сайтад Оливиа, Жонатан нарын хэсэг жуулчдын Монголд өнгөрүүлсэн гайхалтай аяллын тухай мэдээллийг тавьжээ. Эдгээр жуулчин нийслэл хотын наадмыг үзэхээс илүү орон нутгийн наадмыг үзэж сонирхохоор Булган аймгийн Бугат сумыг зорьсон аж. Хэдийгээр жижиг сумын наадам ч эрийн гурван наадам гурвуулаа явагдсан тухай дурдсан байна. Бөхийн барилдааны эхний даваанууд явагдаж байх үед үзэгчид нэг тийшээ яаран хошуурцгаасныг гайхсан Оливиа эд нар хаашаа ингэтлээ яарна вэ хэмээн хөтчөөсөө асууж, хурдан морины түрүү морь ирэх бараанаар наадамчин олон ийн барианы зурхай руу яарч байгааг мэдсэн гэнэ.

Барууны орнуудын хурдан морины уралдаан хоёр км зайтай байдаг бол Монголд насны ангиллаасаа хамаараад 20 хүртэлх км-ын зайтай байдаг тухай мөн тэд бичсэн байна. Түүнчлэн хурдан морьдыг жийп машинууд дагаж, түрүүлж хурдлан ирсэн морьд, түрүүлсэн бөхийн хөлсөнд хүрэхийг монголчууд ихэд бэлгэшээдэг тухай болон хоёр хувийн алкохолийн хэмжээтэй айраг, ааруул зэрэг нь наадмын талбайд өрөөстэй байсан тухай тэмдэглэжээ.

https://www.baikal4laily.ru/: Монголд ирдэг жуулчдын олонх нь Үндэсний баяр наадмыг нь тааруулж очдог. Өнгөрсөн жилийн наадмаар ирсэн жуулчдын тоо урьд жилийнхээс 4.8 хувиар буурчээ. БНХАУ, Австралиас ирдэг жуулчдын тоо цөөрсөн нь үүнд голлох нөлөөг үзүүлсэн байна. Гэхдээ нийт жуулчдын тоо буурсан ч Украин, Хонконгоос ирсэн жуулчдын тоо огцом өссөн аж. Ялангуяа Украинаас ирсэн жуулчдын тоо өнгөрсөн жилийнхээс даруй 37.2 хувиар нэмэгдсэн байна. ОХУ-тай визгүй зорчих болсноос хойш хоёр улсын хооронд зорчих иргэдийн урсгал хоёр дахин нэмэгджээ. 


Францын иргэн Дидвер Мальфоссе:

65 НАСТАЙ БИ ФРАНЦАД ЗАЛУУДАА ОРДОГ БОЛ МОНГОЛД ИРЭЭД ӨӨРИЙГӨӨ хөгшин гэдгээ мэдэрлээ

-Би Монголд тавдугаар сарын сүүлчээр ирсэн. Ирээд 23 орчим хонож байна. Монголчуудын үндэсний баяр болох наадмыг үзчихээд буцна. Наадмын талаар тийм ч их мэдээлэл алга байна. Морь уралдаж, сур харваж, бөх барилддаг гэдгээс өөр зүйл мэдэхгүй. Харин энэ удаа өөрийн биеэр үзэх боломж олдлоо. Монгол үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай гэдгийг дурдах нь зөв байх. Монгол Улсад үлдсэн дурсамж бүхэн минь үнэхээр мартагдашгүй байх болно. Хөвсгөл далай, өндөрт сүндэрлэх уулс, говь, хангай гээд л... Магадгүй та бүхэн Монголыг зорих гэж байгаа бол зуны улиралд ирвэл тохиромжтой болов уу. Хөдөө мал, элэгсэг ард түмэн нь таныг халуун дотноор угтах болно. Гэхдээ хаашаа л харна эцэс төгсгөлгүй тал эсвэл мал харагдах юм. "Заримдаа хүн нь хаана байна аа" гэх бодол төрсөн шүү. Францад бүх зүйл эсрэгээрээ хүн амын нягтаршил ихтэй. Манай улсад Монгол шиг ийм цэлгэр уудам газар нутаг бараг л байхгүй. Нэг юм уу, хоёр километр яваад нэг тосгон, суурин. Харин Монголд 200-300 км яваад байхад л юу ч харагдахгүй юм. Нийслэл Улаанбаатар хотын хувьд харьцангуй залуу хүн амтай юм. 65 настай би Францад залуудаа ордог бол Монголд ирээд өөрийгөө хөгшин гэдгээ мэдэрлээ.

Герман Улсын иргэн Табеа:

МОНГОЛЫН ТАЛААРХ НИЙТЛЭЛ БОДИТ БАЙДАЛ ХОЁР ОГТ ӨӨР БАЙНА

-Би ХБНГУ-аас Монголд ирсэн. Наадам үзэх тасалбар худалдаж авч чадаагүй болохоор Хархоринд наадам үзэхээр төлөвлөж байгаа.

Наадмын талаар сайн мэдэхгүй. Зарим нэгэн нийтлэл уншсанаас хэтрэхгүй. Монголд ирэхээсээ өмнө нь Монголын тухай хэд хэдэн нийтлэл уншсан. Гэхдээ миний уншсан нийтлэл болон миний үзэж харж байгаа зүйлс хоорондоо огтхон ч тохирохгүй байна. Хүмүүс Монголд амьдарч үзээгүй болохоор сайн мэдэхгүй байх нь зев. Гэвч хүмүүс Монгол гэхээр л хоосон талд байгаа адуу морьдыг хүмүүст харуулдаг. Тэгэхээр чинь тэнд хүмүүс биш, морь мал амьдардаг гэж л бодно шүүдээ. Мэдээж, тэнд мориноос гадна хонь, үхэр, ямаа, тэмээ гээд таван хошуу мал байдаг. Түүнчлэн цаа буга, харцага, сарлаг гэх мэт амьтан ч бий. Тиймээс зөвхөн мал амьдардаг гэсэн үг биш. Монгол гурван сая хүн амтай шүү дээ.

Швейцарын иргэн Роман, Тереза:

НААДМЫН НЭЭЛТ ҮЗЭХ ХҮНДРЭЛТЭЙ БАЙДАГ ГЭСЭН

-Монголд хэзээ ирсэн бэ. Юу хийхээр төлөвлөж байна?

-Монголд ирээд 14 хонож байна. Наадам үзчихээд говь үзэх төлөвлөгөөтэй байна.

-Монголын Үндэсний баяр болох наадмын талаар хэр мэдэх вэ?

Роман: -Интернэтээс мэдээлэл авсан.

Нээлтийг нь үзэхэд их хүндрэлтэй байдаг гэсэн. Тиймээс сурын харвааг нь голчлон үзэхээр төлөвлөж байгаа.

Тереза: -Наадмын талаар мэдээлэл олоход хэцүү биш байсан. Наадам нь монголчууд төдийгүй дэлхийд их алдартай баяр шиг санагдсан шүү.

-Өөрийн орны ямар баяртай адилтгаж үзэх вэ?

Роман: -Францын үндэсний баяраар цэрэг армийнхан жагсаад, ерөнхийлөгч нь үг хэлээд л болчихдог. Монголчууд шиг өргөн дэлгэр бүгдээрээ цуглаад ингэж тэмдэглэдэггүй.

Тереза: -Швейцарт наймдугаар сарын 1 -нд үндэсний баяр нь болдог. Мэдээж баярын жагсаал болж, хүн бүр тэмдэглэдэг ч наадам шиг олон хоног үргэлжилж, хүн бүр ач холбогдол өгдөггүй.

Чехийн иргэн Коскова: МОНГОЛЧУУД ИХ ИЧИМХИЙ

Би зургаадугаар сарын эхээр Монголд ирсэн. Говь болон хангайгаар аялсан.

Ерөнхийдөө үзэхийг төлөвлөж байсан бүх газраараа аялчихсан.

Одоо наадам үзчихээд буцахаар төлөвлөж байгаа. Наадмын талаар харьцангуй сайн мэднэ. Наадам бол монголчуудын үндэсний баяр.

Наадмын үеэр бөх барилдаж, морь уралдаж, сур харваа болдог. Монгол орны байгаль үнэхээр үзэсгэлэнтэй хүмүүс нь их сайхан сэтгэлтэй юм. Гэхдээ миний хувьд монголчууд их ичимхий санагдлаа. Түүнчлэн хаа сайгүй техникийн багаж хэрэгсэл байх ч ашиглах нь их ховор юм. Энэ нь надад сонин санагдлаа. Магадгүй уламжлал хэв маягаасаа шалтгаалаад техникийн багаж хэрэгсэлтэй ажиллахдаа муу байж болох юм:

Ц.ДАВААСАМБУУ

ҮНДЭСНИЙ ШУУДАН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.