”Манай баг хожвол би Герман хүн, харин хожигдвол цагаач хүн болчихдог!”


”Манай баг хожвол би Герман хүн, харин хожигдвол цагаач хүн болчихдог!”2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ Франц улсын ялалтаар өндөрлөсөн билээ. Харин 2014 оны аварга Герман шигшээд ч үлдэж чадалгүй нутаг буцацгаасан юм. Үүнд Германы хөгжөөн дэмжигчид нэлээд таагүй хандсан. Тэгвэл Германы шигшээ багийн хагас хамгаалагч Месут Озил олон нийт, улс төрчдийн зүгээс ирэх болсон шүүмжлэл, дарамтаас үүдэн шигшээ багт тоглохгүй болж байгаагаа зарласан тухай Russia Today мэдээллээ. 

Арсенал клуб болон Германы шигшээ багийн түлхүүр тоглогчдын нэг Месут Өзилийн энэхүү мэдэгдэл олон нийтийг гайхшруулаад байгаа юм. Тэрээр Дэлхийн аваргын өмнөхөн Арсенал клубтэй 2021 он хүртэл гэрээгээ сунгасан билээ. Гэрээ сунгахаас өмнө түүнийг Алексис Санчесын хамт гэрээгээ сунгахгүй, цалин хангалтгүй гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Эцэст нь Арсенал түүний цалинг шинэчилж 7 хоногийн 350,000 фунт стерлинг болгожээ. Өзил ийн Арсенал клубын хамгийн өндөр цалинтай тоглогч болсон юм. 

Тэрээр Германы шигшээ багаас зодог тайлах болсон шалтгаанаа Туркийн ерөнхийлөгч Эрдогантай уулзсанаас болж шүүмжлүүлэх болсон, мөн ДАШТ-д муу тоглосон гэж буруутгагдах болсонтой холбоотой хэмээн тайлбарлажээ. Үүнээс болж тэр сүрдүүлсэн захиа, утасны дуудлага хүлээн авах болсон гэв.

Месут Өзил "Германы хөлбөмбөгийн холбоо болон бусад хүмүүсийн хандлага, харьцаа нь намайг дахин үндэсний шигшээгийн өмсгөлийг өмсөх хүсэлгүй болголоо. Намайг гадуурхаж, 2009 оноос хойш шигшээ багт тоглохдоо гаргасан амжилтуудыг минь мартаж эхэлж байгааг би мэдэрч байна. Сүүлийн үеийн үйл явдлуудын дараа би расизм, үл хүндлэлийг мэдрэх болсон тул Германы шигшээ багт тоглох боломжгүй болж байна. Би Германы өмсгөлтэй тоглохдоо сэтгэл хөдөлж, бахархдаг байсан бол одоо ингэхгүй болжээ. Расизмыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй! "Манай баг хожвол би Герман хүн, харин хожигдвол цагаач хүн болчихдог!” гэж өөрийн сошл хуудсандаа бичсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.