"Бридж” группийн захирал Д.Ганхуягын охин Г.Номуундарийг хүчиндсэн хэргээр "UFC” группын захирал О.Амартүвшингийн ууган хүү А.Тэргэл, "Алтан жолоо” групп буюу "Сансар” сүлжээ дэлгүүрийн захирал В.Энхбаатарын хүү Э.Энх-Очир нар шалгагдаж байна. Г.Номуундарь нь "Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан хүчин, хар тамхитай холбоотой ноцтой мэдэгдэл хийснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Тэрбээр 2015 онд түүний болон дүүгийнх нь ууж байсан зүйлд хар тамхи хийж мансууруулж байгаад хүчиндсэн тухай нийтэд дэлгэсэн бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж өнөөдрийн байдлаар хар тамхи хэрэглэдэг хүүхдүүд байсан гэх хэрэг нь тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгожээ. Харин дүүтэйгээ хамт хүчиндүүлсэн гэх асуудлыг шалгаж байгаа бөгөөд Г.Номуундарийн хүсэл зоригийн эсрэг үйлдлийг холбогдогч нар үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул асуудал үүсгээд байна.
Охины аав Д.Ганхуяг нь О.Амартүвшин, В.Энхбаатар нарыг "...хүчин хийсэн гэх хөвгүүдийнхээ хамтаар уучлалт гуйх юм бол энэ хэргийг орхиж болох юм..” гэсэн байр суурьтай байгаа ч тэд хүлээн зөвшөөрөхгүй хэл амаар доромжилсоор өнөөдрийг хүртэл хэрэг хоёр ч удаа хаагджээ. Гэсэн ч Д.Ганхуягийн хүчин чармайлтаар дахин сэргэжээ.
Г.Номундарийн хэлснээр түүнийг мансууруулж байгаад хүчиндсэн залуус бол "Алтан жолоо" группын захирал Б.Энхбаатарын хүү Э.Энх-очир, түүний найз А.Тэргэл хоёр хэмээх нэрс хэвлэлээр нэг бус удаа бичигдсэн. Хүчингийн хэрэг ихэнхидээ гэрчгүй үйлдэгддэг тул хохирогчийн мэдүүлгэд үндэслэнэ. Г.Номуундарь дээрхи нэрсийг өөрийн амаар хэлсэн. Номундарийн бичлэгт нэр дурьдагдсан хүүхдүүдийн сурдаг болон төгссөн сургуулиуд нь "Сант”, "American school of Ulaanbaatar”, "International school of Ulaanbaatar”, "British school of Ulaanbaatar”, "Orchlon” international school, 1-р сургууль, 23-р сургууль, Орос 3-р сургууль, Орос 14-р сургуулиуд юм. Эдгээр сургуулиудад чинээлэг айлын хүүхдүүд сурдаг.
Г.Номундарийг хүчирхийлсэн А.Тэргэлийг Амартүвшингийн Тэргэл гэж хэлж байна. Хэрэв энэ үнэн бол О.Амартүвшин нь 2016 онд Булган аймгаас УИХ-д нэр дэвшигч байж магадгүй юм байна. Тэрээр Тэргэл гэдэг хүүтэй бөгөөд хүү нь "Сант” сургуулийг төгсчээ.
А.Тэргэл аав О.Амартүвшингийн хамт
Харин нөгөө этгээдийг Энхбаатарын Энх-Очир гэдэг бөгөөд "International school of Ulaanbaatar" гэдэг сургуулийг төгссөн бололтой. Тэрээр одоо АНУ-ын Мизури мужид Цэргийн академид сурч байгаа юм уу эсвэл төгссөн байж магадгүй. Ямар ч байсан дээрх 2 залуугийн сурч төгссөн сургуулиудын нэрс Номундарийн бичлэгт дурдагдсан нэрс дотор явж байна.
Энхбаатарын Энх-Очир
А.Тэргэлийн тухай мэдээллийг нууцалж байна
"UFC” группын захирал О.Амартүвшины анхны эхнэрээс нь төрсөн хүү А.Тэргэлийг Япон улсад суралцаж байгаа тухай бичлэг цацагдах үеэр яригдсан. Түүний талаархи хэвлэлээр гарсан мэдээлэл ч хомс.
Э.Энх-Очирын АНУ-ын цэргийн лабораторид өгсөн шинжилгээний бичиг тамга үгүй
"Алтан Жолоо” группын хүү Э.Энх-Очир Г.Номуундарийн бичлэгийн дараагаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан үгүйсгэсэн мэдэгдлүүд удаа дараа гаргасан. Тэрбээр АНУ-д цэргийн сургуульд сурдаг учраас мэдээллээс хол байгаагаа илэрхийлж Номуундарийг өмгөөлсөн мэдэгдэл хийж аав ээждээ санаа зовж буйгаа илэрхийлээд "...хүүдээ итгээрэй, ямар хүү төрүүлж өсгөснөө та хоёр минь дэндүү сайн мэдэж байгаа, хүү нь ийм зүйл огт хийгээгүй шүү. Мөн найзууддаа хэлэхэд хатуужилтай байгаарай. Үнэн олдоно гэж найз нь итгэж байна... ” гэж байсан юм.
Мөн гүтгэлэг хэмээгээд АНУ-ын цэргийн лабораторид хар тамхины шинжилгээ өгч мансууруулах бодис хэрэглэдэггүй болохоо нотолсон зураг нийтлэв.
Тэрээр "...эх нутгаасаа хол суралцаж байгаа миний хувьд хийж чадах зүйл энэ. Би өөрийн хүсэлтээр дараах шинжилгээг сургууль дээрээ өглөө. Энэ шинжилгээ нь тухайн сонсогчийг олон төрлийн согтууруулах ундаа, сансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлэх зорилготой хийгддэг, манай сургуулиас тавьдаг энгийн нэг шаардлага юм. Хэрвээ шинжилгээ муу гарвал сургуулиас хөөдөг...” гээд мансууруулах бодис хэрэглэдэггүй болохыг нь тогтоосон нэгэн тамгагүй баримтны зураг нийтэлжээ.
Г.Номуундарийг бичлэг хийж нийтэд цацасны дараа сэтгэлзүйн хүнд нөхцөлд орсон учир Д.Ганхуяг аргагүй эрхэнд өөрийн твиттер хаягтаа "... Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна" хэмээсэн. Мөн "Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хүчингийн хэргийг 2015 онд болсон тухай дэлгэж "... Би бол үнэн мөнийг нь тогтоотол эцсээ хүртэл явна. Үүгээр энэ нийгэмд болж байгаа олон хохирсон хүүхдийн асуудал ч сөхөгдөх байх. Бусад айлын охидод ийм юм бүү тохиолдоосой... Цаашдаа би хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Миний охин сэтгэлдээ хар толботой болсон. Хоёр жил үүнийгээ сэтгэлдээ тээж зовж явж. Хэрэгт холбогдсон хүмүүс миний охины үеийн л хүүхдүүд байна лээ. Гэвч хэний ч хүүхэд бай ийм хэрэг хийлээ гээд өрөвдөж өөгшүүлж болохгүй. Би үнэн мөнийг нь олно л гэж хэлнэ. Хүчирхийллийн хэрэг. Тодорхой баримтууд байгаа. Тэднийг би уучлалт гуйгаасай гэж хүсч байна. Охин минь ч "... хүн юм чинь тэр хүүхдүүдийг надаас уучлалт гуйчих болов уу гэж бодсон...” гэж хэлж байна лээ...” гэж сэтгэлийн үгээ хэлж байсан.
Д.Ганхуяг хуулийн байгууллагад гаргасан өргөдөлдөө: "2015 оны 6 сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрны … тоотод …… овогтой …………, …. овогтой …….. гэх этгээдүүд миний охин Номуундарьд хүч хэрэглэн бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна” хэмээн гомдол гаргасан байдаг.
Г.Номуундарь охины өмгөөлөгчид шоудаад өнгөрсөн үү?
Г.Номуундарийн өмгөөлөгчид гэх Р.Булгамаа, О.Чулуунчимэг болон төрийн бус байгууллагууд хамтран 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн лхагва гаригт "Өдрийн сонин”- ы асуух эрхийн танхимд хэвлэлийн бага хурал хийж Г.Номуундарийн нэрлээд буй "Амжилтаа ахиулъя" ТББ-ын тэргүүн Г.Анархүүгээс гэрчийн мэдүүлэг авсан бол "ангууч” хочит Б.Баттөр болон Бэлгүүнтэй, Э.Энх-Очир, А.Тэргэл нарыг шалгах ажиллагаа эхэлснийг танилцуулсан. Энэ үеэр өмгөөлөгч О.Чулуунчимэг: "... гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр хэрэгт хоёр этгээд холбогдсон байсан гэдэг нь тогтоогдсон. Гэтэл цагдаагийн байгууллага энэ хоёр этгээдийг эрэн сурвалжлахгүй байна. Энэ хоёр хүн Монголд байхгүй гэдэг нь тогтоогдсон. Оргон зайлах магадлал маш өндөр байгаа...” хэмээн хэлж байв.
. Г.Номуундарийн өмгөөлөгчид хэвлэлийн хурлын үеэр
Дээрхи хэргийг 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлтийг гаргаж байсан Д.Ганхуягт улс төр, бизнесийн, "буруу гарын” этгээдүүдийн дарамт шахалтад багагүй өртөх болж хэд хэдэн компаниуд нь жилийн дотор өөр бусдад шилжсэн байдаг. Хүчин мөхөстөж асуудалтай эвлэрэх сонголт хийж байсан түүний охиныхоо төлөөх тэмцэл дахин эрчимжжээ.