XIX-XX ЗУУН БА ОРЧИН ҮЕИЙН ТӨРӨЛХ ХУУЛЬ
XIX зуун бол материализм, тусгаар тогтнол, позитивизмын зуун байлаа. Бие хүн ба бодит байдал, хувь хүн ба нийгмийн хоорондох харилцааг ойлгож мэдэрсэн хүмүүс нийгмийн дэг журам гэдэг байгалийн хуультай төстэй юм гэж ярьж байснаас эдгээр хуулийг төрөлх хуультай холбон авч үзээгүй байдаг. Харин XX зуун төрөлх хуулийн талаар эргэн харж, онцгойлон судалсан зуун болов. Аквинасын гаргаж байсан үзэл санааг шинэчлэн, сайжруулж, баяжуулан неосхоластикуудын "томоохон урсгал" гарч ирлээ.
Германы Стамлер, Италийн Дел Веккчио нар хамтдаа идеалист урсгалд шударга хуулийн үндсэн бүтэц, гол гол агуулгуудыг гаргаж ирэв. Мөн Гени, Дугуйт гэх мэт эмпирик ба социологийн хуулийн томоохон төлөөлөгчид энэ үед гарч ирсэн байна.
Тэд метафизикийн төрөлх хуулийг үгүйсгэн нийгмийн эв санааны нэгдлийн ерөнхий зарчмыг гаргаж ирэх талаар ихээхэн анхаарчээ. Англи оронд Дэлхийн II дайны өмнө ч тэр, дараа нь ч тэр төрөлх хуулийн ухаан төдий л сайн хөгжсөнгүй. Гэтэл АНУ-д Үндсэн хуулинд хүний оршин тогтнох үндэс суурь болсон хүний эрхийн асуудалд энэ талаар тусгаж өгөх, цаашилбал төрөлх хуульчдын хүрээг нэмэгдүүлэх талаар ихээхэн сонирхож эхэлсэн байдаг.
Яваандаа төрөлх хууль нь эрхзүйн үзэл баримтлал, улс төрийн онолд өөрийн гэсэн байр сууриа эзэлж чадлаа. Хууль, ёс суртахууны хамгийн гол ойлголт болон бодит амьдралаас урган гарсан үзэгдлийн учир шалтгаан, өөр хоорондын уялдаа холбоог гаргах болсноор позитивизм болон төрөлх хуулийн "урсгалууд" өөрсдөө тайлбарлаж, яриад байгаа шиг өөр хоорондоо тийм их ялгаа байхгүй гэдэг нь харагдах болов.
Төрөлх хуулийн талаархи Хартын гаргаж ирсэн гол гол ойлголтууд буюу төрөлх хуулийн хамгийн товч утга, агуулгыг Мак Кормик "ёсзүйн эрхзүй судлал (ethical legalism)" гэж нэрлэсэн бол Камбел "ёсзүйн позитивизм" (ethical positivism) гэж нэрлэсэн байна. Энэ бүх эн орчин үеийн тэргүүлэх позитивист сэтгэгчдийг төрөлх хуулийн талаар урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр сонирхоход хүргэсэн гэдэг.
Дворкин үүнийг тухайн хүн хэрхэн ангилж, зааглахаас ихээхэн хамаарна хэмээн үзсэн байна. Тэгвэл эдгээр нь "үнэнч шударгын тухай хууль" юмуу “Төрөлх хуулийн тухай онол” юм уу гэсэн асуултанд Дворкин итгэл муутайхан хариу өгсөн байдаг.
Гэсэн хэдий ч ёс суртахууны үнэлэмжийг хэт анхаарч үздэг онолын хувьд Дворкиний ангилж, зааглаад байгаа шиг орчин цагийн төрөлх хуулийн уламжлалыг бүхэлдээ заль мэтээр үзэх нь мөн л бэрхшээлтэй.
АЛДАА ГАРСНААС ҮҮДЭХ ҮР ДАГАВАР
Рекс өөрийгөө хууль тогтоогч, шүүгчийн ажилд томилон өөрийн үзэмжээр эрх зүйн дүрэм, журам тогтоох гэсэн энэ оролдлого нь дараах найман алдаа гаргахад зүй ёсоор хүргэжээ
Энэ өгүүлэлд авсан жишээний адилаар хууль бий болгохдоо найман алдаа гаргавал мөн ийм л гамшигт хүргэнэ.
Юун түрүүн хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой алдаа бол асуудал бүхнийг тухай бүрт нь шийднэ гэсэн нь хууль журам бий болгох үндсэн зорилго шууд алдагдаж байна. Дээрх жишээнд гарсан алдаануудаас нэрлэвэл
Тухайн хууль журам нь ядаж л маргаантай байгаа этгээдүүдэд урьдчилан мэдэгдсэн, ойлгомжтой байх ёстой атал хэвлэн нийтлэх, буюу хүмүүст журмын талаар ойлгуулаагүй
Буцаан хэрэглэх боломжтой хуулиас татгалзах нь өөрөө өөрийгөө чиглүүлэх чадвар алдагдаад зогсохгүй, өмнөх хуулиа бүхэлд нь үгүйсгэж байгаа тул урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дэвшилтэт үр нөлөөг авч үлдэх, залгамж халаа байхгүй болж байна.
Тухайн дүрэм журмын ойлгомжтой байх зарчим алдагдсан
Хуулийн заалтууд нь өөр хоорондоо зөрчилдөж, заалтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байна.
Тухайн асуудалд холбогдох талуудын эрх мэдлээс хэт давсан үйл ажиллагаа явуулахыг шаарддаг дүрмүүд
Хүн өөрийн үйл ажиллагаагаа цаашид чиглүүлж чадахгүй болтол нь хууль байнга өөрчлөгдөж байна.
Гарсан дүрэм журмын заалт болон хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаа нь хоорондоо тохирч байх зарчим алдагдсан зэрэг болно.
Энэ найман алдаанаас аль нэг нь гарлаа гэхэд тухайн хуулийн систем муу байна гэдэг хүрээгээр хязгаарлагддаггүй. Тухайн хуулийн системийг гажигтай болгож, хүчингүй болсон гэрээ хүртэл амь орох болгох сөрөг нөлөөтэй хэмээн Пиквикиан үзжээ.
Үнэхээр байхгүй хуулийн заалт биелүүлэх, эсвэл өөрөөс нь нуусан, үйл ажиллагаа өнгөрсөн хойно нь зохицуулах хууль батлагдах, ухаалаг бус, эсвэл нэг систем атлаа нэг нэгнийгээ үгүйсгэсэн заалтууд, мөн хэрэгжих боломжгүй заалтууд, эсвэл минут өнгөрөх тусам өөрчлөгддөг хууль байвал тухайн хүн хуулийн ёс суртахууны хариуцлага хүлээх ямар нэгэн боломжгүй болж байгаа юм.
Тухайн дүрэм нь төр засгаас гарсан тул хүн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээс татгалзах эрхгүй боловч зарим талаараа энэ бүхнийг хэрэгжүүлэх нь эцэстээ ямар нэгэн утгагүй зүйл болон хувирдаг. Тухайлбал өөрийнх саналыг тооцохгүй гэдгийг мэдсээр байж санал өгөх жишээ байна. Социологич Симмел төр ба иргэний хоорондох эерэг харилцаа нь голдуу тухайн иргэн гарсан хууль дүрмийг хүндэтгэн үзэж байгаа нөхцөлд л бий болдогийг ажиглажээ. Төр өөрийн иргэндээ хандан “эдгээр нь чиний мөрдвөл зохих дүрэм байна. Хэрвээ чи үүнийг дагаж мөрдөх юм бол чиний үйлдэл бүхнийг зөвтгөх баримт болно” хэмээн хууль гаргана.
Төр өөрөө энэ холбоо, харилцаагаа хүчээр тасалсан тохиолдолд тухайн иргэн өөрийн үүргээ тодорхойлж, мөрдөх юу ч үгүй хоцордог. Иргэн өөрийн үйл ажиллагаа, алхамаа урьдаас төлөвлөх боломжгүй болно. Хэдийгээр гарсан хууль нь найман алдааны алийг нь ч гаргаагүй боловч Гитлерийн үеийн Герман орны эрхзүйн систем эрс доройтон унасан баримт байдаг.
Жишээ нь зарим хуулиуд гарсан боловч хамгийн чухал гэсэн нь батлагдсангүй. Ихэнх хууль нь үр ашигийн хувьд тун дэвшилтэй, өмнөх хууль тогтоомжийг чөлөөтэй буцаан хэрэглэх боломж олгох хуулиуд гасран хэдий ч тухайн эрх мэдэлтнүүд сонирхохгүй л бол ямар нэгэн ex post facto өөрчлөлт огт ордоггүй байна.
Тухайн гэмт хэргийн шүүх ажиллагаа нь тэр үед ноёрхож байсан дэглэмдээ үйлчилж цэргийн тусгай шүүх байгуулагдан, хууль журам гэдэг тухайн эрх мэдэлтэн зөвхөн өөрийн хүсэл сонирхолоос хамаарч байлаа. Ингээд төрийн гаргах хууль журам нь зөвхөн өөртөө чиглэсэн тул иргэн хуулийг амьдралдаа мөрдлөг болгох биш харин айлган, сүрдүүлэх хэлбэр болон хувирчээ. Энэ байдал даамжрахын хэрээр тухайн сонгогч өөрийнх нь саналыг тооцохгүй гэдгийг мэдсээр байж санал өгөх эсэх талаар бэрхшээлтэй байдалд ордог ажээ.
Гитлерийн удирдлаган доорхи герман иргэн энэ системтэй эвлэрэн ямар нэгэн сайн өдрийн төлөөх бэлэгдэл, үзэгдэл төдий санал өгөхөд чиглэж байсан юм. Иймэрхүү нөхцөл байдалд тухайн иргэн хуулиа хүндэтгэн үздэг эсэх талаар энгийн шалгуур зарчмууд оршин байх ямар ч боломжгүй болно. Энд нэг зүйл тодорхой байна. Үндсэн хуулиар хамгаалагдсан төрийн эрх мэдэлтнийг хүндэтгэх гэдэг хуулийн системийг хүндэтгэнэ гэсэн үг биш юм.
Рексийн жишээнээс харахад түүнийг хаан гэдгээр нь хүндэтгэснээс иргэд түүний хуулинд хэзээ ч үнэнч шударгаар хүндэтгэлтэй хандаагүй юм. Харин ч ийм юм бүү хийгээсэй хэмээн хүсэж байв.
ТӨГС ЭРХЗҮЙН ТӨЛӨӨХ ТЭМҮҮЛЭЛ
Бид хуулийг гаргахад найман алдаа байж болох тухай үзлээ. Ингэхээр хуулийг амжилттай хэрэгжих эсэх нь эдгээр найман шалгуураас хамаарна.
Тухайн хууль оршин байх хамгийн энгийн шалгуур нь хүний боломж чадавхид бүрэн нийцсэн байх явдал.
Харин хуулийн байж болох хамгийн дээд хязгаарт хүрэх тэмүүлэл нь утопи эрхзүйд төсөөлсөнөөр бүх дүрэм журам (rules) нь тодорхой, нэг нь нөгөөдөө уялдсан, иргэн бүрт ойлгомжтой, эргэж буцах шинж төрхгүй байна.
Утопи үзэл санаанд дүрэм журам гэдэг цаг хугацааны хувьд тогтвортой, шаардлагатай үед л бий болдог, шүүх, цагдаа зэрэг төрийн эрх мэдэл бүхий хүмүүс нь үүрэг хариуцлагаа үнэнч шударгаар мөрддөг байх ёстой.
Утопчууд эрхзүйн найман зарчим нь бүрдсэн үед хууль төгс төгөлдөр болно. Эдгээр найман шалгуураар эрхзүйн систем сайн ажиллаж байгаа эсэхийг мэдэж болно хэмээн үздэг. Миний бие бүтээлийнхээ эхний бүлэгт үүрэг хариуцлагын ёс суртахуун ба үүнд хүрэхийн төлөөх тэмүүлэл хоёрын хоорондох ялгааг авч үзэж байсан.
Энэ нь хүний хамгийн энгийн ёс суртахууны үүргээс эхлээд хүний хувьд хүрч болох хамгийн дээд хүсэл, зорилгыг хүртэл доороос нь дээш чиглэсэн хандлагатай байдаг. Үүрэг хариуцлагын дарамтгүй болж амжилт олж эхлэх тэр заагийг харуулдаг үл үзэгдэгч заалтуурын тухай би өмнө нь ярьж байсан.
Хуулийн дотоод ёс суртахуун нь тодорхой байх хэрэгтэй бөгөөд дээрх зарчмуудыг бүгдийг нь хангаж чадсан байвал зохино. Хүн өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмших, буруу хэмээн үзэх тэр доод заагийг олж тогтоох асуудал бидэнд байнга гарч ирдэг. Эхний бүлэгт авч үзэж байсан дүн шинжилгээний аргыг хуулийн дотоод ёс суртахууны чанарын ялгааг тогтооход ашиглахыг оролдъё.
Нийгмийн амьдралын энгийн ёс суртахуун гэдэг бие биендээ чиглэсэн харилцаа гэхээсээ хийж үйлдэж болох, болохгүйн заагийг харуулахад анхаардаг. Тухайлбал бусдын амийг бүү хөнөө, бүү гэм хор учруул, бүү залил гэх мэт.
Ийм үүрэг хариуцлага нь тухайн томъёолсон тодорхойлолттой харьцуулахад хамгийн энгийн хялбар ойлголт байдаг. Бид эрхзүйн юмуу ёс суртахууны талаар судлан үзэхэд хэдийгээр энд эцэс төгсгөл байхгүй ч гэсэн зарим нэг хийж болохгүй зүйлийн талаар загвар бий болгож болно.
Хуулийн дотоод ёс суртахууны шаардлагууд нь хүнтэй харилцах харилцааг авч үздэг боловч буруу үйлийн тухай ярихаасаа шинж төрхийн хувьд зөв тийш чиглүүлэхэд илүү анхаардаг байна. Тухайлбал хуулийг ухуулан таниулах, ойлгомжтой тодорхой байлгах, таны гаргаж байгаа шийдвэрийг албан ёсоор гарсан мэтээр үзнэ. Эдгээр шаардлагуудад нийцэхийн тулд хүний үйл ажиллагаа нь ямар нэгэн ололт амжилтанд чиглэх ёстой болохоос муу үйлээс сэргийлэхэд чиглэгддэггүй.
Нэгэнт шаардлагууд нь зөвтгөх, бүтээлч шинж төрхтэй тул хуулийн дотоод ёс суртахуунд ийм төрлийн ёс суртахууны юмуу эрхзүйн үүрэг хариуцлагын асуудлыг гаргаж ирэхэд төдийлөн тохиромжтой биш байдаг. Хүний хүчин зүтгэл хэр зэрэг их байх нь энд огт хамаагүй бөгөөд хэрвээ бид ямар нэгэн хариуцлага хүлээх болбол бид аль үүрэг, хариуцлага нь зөрчигдсөн талаархи асуудлыг тодорхойлж шийдэх хэрэгтэй болно. Жишээлбэл: хууль тогтоогч хүн өөрийн хуулиа тодорхой, ойлгомжтой байхаар хийх үүрэг хүлээдгийг дурьдахад хангалттай.
Гэхдээ бид тодорхой байх гэдэг талаар ямар нэгэн ойлголт байхгүй л бол түүнийг энэ үүрэг, хариуцлагаа ёсчлон биелүүлж байгаа эсэхийг тогтооход бэрхшээлтэй. Ингэхээр тухайн зүйл товч тодорхой байх гэдэг ойлголтыг мэдээж зарим төрлийн бэрхшээлээр хэмжинэ. Бидний авсан жишээнд хууль тогтоогч хуулиа боловсруулахдаа тодорхой байх ёстой гэдгийг хамгийн энгийн ёс суртахууны шалгуураа болгов. Гэхдээ энэ нь бэрхшээлийг ердөө л зайлуулах гэж оролдож байгаа болохоос хүн алив зүйлийг хийх гэж хичнээн удаа оролдож, бүтэлгүйтэж байж гаргаж ирсэнээр биш харин ойлгомжгүй зүйл байгаа эсэхээр нь шинжихэд илүү амар байдаг. Хуулийг ёс суртахууны хувьд сайн сайхны төлөө хийжээ гэдэг тийм ч чухал биш гэдгийг хаан Рексийн гаргасан санаа бүхэнд эсэргүүцэл тулгарч байснаар тайлбарлаж болно.
Энэ бүхнээс харвал хуулийн дотоод ёс суртахуун гэдэг үүрэг хариуцлага гэхээсээ илүү хүсэл тэмүүллийн ёс суртахууны талаар авч үздэг нь харагдаж байна. Мөн үүнтэй холбоотой нэгэн шүүмжлэл гарч ирдэг нь тухайн хуулийг ухуулан таниулах юмуу ядаж маргалдагч хүмүүс энэ хуулийн талаар мэдэх боломжтой байх тухай юм. Энэ нь маш энгийн байдлаар томъёологдсон байх ёстой.
Үндсэн хуулинд ямар нэгэн хууль олон нийтэд хэвлэгдэн нийтлэгдэхээсээ өмнө хэрэгжин, хүчин төгөлдөр болсон хэмээн үзэж болохгүй хэмээн зааж болно. Хэрвээ энэ заалтыг үр ашигтай болгох гэвэл үүнийг тусгайлан хуульчлах ёстой. Гэвч энд хэвлэн нийтлэлийг хүндэтгэн үзэх ёс суртахууны үүрэг хариуцлагын талаар тайлбарлахад тун амархан. Жишээ нь олонд хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэлээр дамжуулан ямар ямар тодорхойгүй зүйлс гарч болохыг тодруулахын зэрэгцээ, ямар томъёолол бүхий хууль гарч болох талаар тодорхойлж болно.
Үүнээс гадна хуулийг ямар нэгэн сүлжээгээр дамжуулан томъёолж, хэвлэн нийтлэх нь цаг хүч хэмнэсэн ажил болно. Хуулийн албан ёсны томъёолол стандарт нь хууль тогтоогчид өөрийн хуулиа хаана хэвлүүлэх ёстойг хэлж өгнө. Мөн тухайн хуулийн этгээд, өмгөөлөгч нь энэ хуулийг хаанаас олж авч болох талаар мэдэхэд амар байх юм. Мөн буцаан хэрэглэх хүчинтэй хуулийн зарчим нь өөр хууль дахин гаргах шаардлаггүй болтол хамгийн энгийн байдлаар томъёологдсон байж болно.
Эсвэл ийм дүрэм журам нь эрхзүйд хортой нөлөө үзүүлж болох талтай. Сонирхолтой нь эрхзүйн хамгийн энгийн нэгэн шаардлага нь өнөөдөр гарсан дүрэм журамд маргааш тохиолдож болох ямар нэгэн зүйлд зориулагдан гардаг болохоос өчигдөр юу болсон нь төдий л чухал биш байдаг. Ингэснээр хуулийн дотоод ёс суртахуунд томоохон бэрхшээлтэй асуудлуудыг үүсгэх нь бий.
Томъёололоос гадна эрхзүйд тавигддаг бас нэгэн шаардлага бол үндсэн хууль, шүүх ажиллагаа нь биднийг ёроолгүй ангалаас татаж, авардаг болохоос ямар нэгэн ач холбогдол бүхий зүйлд хүргэх мэтээр хэзээ ч үздэггүй гэдэг.
Хуульч Ш.Үнэнтөгс