Ерөнхий сайдын сүүлд хомроголон хураасан лицензүүдийн зургаа нь нүүрсний лиценз байсан талаар “Өдрийн сонин” өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн сурвалжлагадаа онцолжээ.
Лицензээ хураалгасан компаниудын талбай дээрээс бэлдсэн тэр сурвалжлагад анхаарал татахаар нэг баримт байна.
Байгаль экологид сөрөг нөлөөтэй гэсэн үндэслэлээр хураагдсан лицензүүдээс лав л хоёр нь огт ашиглаагүй талбай, мал бэлчээрлэсэн тал хөндий байж.
Саусгоби сэндс` компанийн цуцлагдсан лицензийн талбай
Ашиглаагүй талбайнхаа лицензийг хураалгасан компаниудын нэг нь Шивээхүрэнгийн боомтоор гаргадаг нүүрсний экспортоороо толгой цохидог “Саусгоби сэндс”.
Тус компанийн хэлтсийн дарга Д.Ариунболд “Өмнөговийн Гурван тэс суманд долоон аж ахуй нэгжийн 10 лицензийг цуцалсан юм. Энэ лиценз дотор манай компанийн лиценз багтсан. Олборлолт явуулаагүй, үйл ажиллагаа эхлээгүй ч А лицензээ авчихсан, олборлох төлөвлөгөөгөө боловсруулаад явж байгаа гурван лиценз цуцлагдсан. Танайхыг шалгаж байна гээд бидэнд хандаж, манай компани дээр ирсэн тохиолдол байхгүй. Лицензийн талбайн хувьд Хятадын хилээс 50-аад км зайтай. Залгаа гурван лицензийн талбай маань 28 км-ын урттай 20 мянга орчим га газрыг хамарч байгаа.
Тост Тосонбумбын нуруунаас зайтай. Тус нуруу баруун хойд зүгт 40-өөд км-ын цаана бий.
Манай лицензийн талбай ойр орчимдоо булаг шандгүй. Хайрган хөрстэй” гэсэн тайлбар өгчихөж.
Огт ашиглалт явуулаагүй, хүрз шороо ч хөндөөгүй байхад лицензийг нь сунгасан, хэл үг болоод буй Тост Тосон бумбын нуруунаас бараг хагас зуун км зайтай талбайн лицензээ хураалгасан “Саусгоби сэндс”-ийнхэн хуулийн дагуу гомдлоо гаргачихаад байгаа юм билээ.
Гомдлыг нь барагдуулахгүй болно шүүхэд хандана гэж байгаа юм байна. “Саусгоби сэндс”-тэй адилхан тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, эсвэл дөнгөж ажил нь эхэлж яваа “Жавхлант орд”, “Терра энержи” компаниудын ашиглалтын лицензийг үндэслэлгүйгээр цуцлах хүсэлтийг орон нутгаас хүргүүлээд байгаа юм билээ.
Терра энержи` компанийн лицензийг нь цуцлах санал хүргүүлсэн гэгдэж буй талбай
Илүү тодруулж хэлбэл Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортолдог “Терра энержи” –гийн бүх лицензийг байгаль орчинд хохирол учруулсан гэх үндэслэлээр цуцлах санал хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдаж байгаа. Бодит байдал дээрээ “Саусгоби сэндс” шиг огт ашиглаагүй талбай дээр ийм асуудал яригдаад эхэлчихэж. “Жавхлант орд”-ын тухайд мөн л Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортолдог компани. Олборлолт, уулын ажил нь эхлээд 20 хүрэхгүй хувь дээрээ явж байх үед нь шалгалт ирж, уурхайг түр зогсоох шийдвэр гаргасан байх жишээний. Олборлолтоо дуусах алдад нөхөн сэргээлт яригддаг салбарт ийм шалтгаанаар уурхай хаана гэдэг ойлгоход хэцүү хандлага.
Монголын төр ганцхан энэ удаа лиценз хомроголон цуцалж байгаа юм биш л дээ. Өмнө нь хэд хэдэн удаа лиценз хомроголон цуцалж байсан юм.
Түүх сөхье.
Урт нэртэй хууль батлагдсаны дараахан 244 лиценз цуцалснаар уул уурхайн тусгай зөвшөөрөл тойрсон попролт эхэлж байв.
Дараагийн кейс нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой. Тэр үед өрнөсөн улстөржилтийн дуулианаар хууль бусаар олгосон гэх үндэслэл хэлж 106 лицензийг нэг дор цуцалж байлаа. Төрд хураагдсан лицензүүдийн хувь заяа хэрхэснийг хөөгөөд шүүхээр мушиймаар хөгтэй дүр зураг харагддаг. Хайгуул, ашиглалтад өчнөөн мөнгө зарсан уул уурхайн компаниуд лицензээ хураалгачихаад зүгээр суухгүй нь тодорхой. Шүүхддэг юм байна. Шүүхээс ямар хариу гарах нь бас тодорхой. Лицензийг нь хураасан юм бол ядаж гаргасан зардал, хохирлыг нь барагдуул гэсэн шийдвэр гардаг аж. Адгийн зарга арав хоног гэдгийн үлгэрээр хоёр, гурав, дөрвөн жил болж байж Дээд шүүхээс ийм шийдвэр гаргахаар манай төрийн яамд өгөх мөнгөгүй гэсэн шалтгаан хэлээд суучихдаг нь хураагдсан лицензүүдийн түүхээс тод харагдаж байна.
Төрд компаниудын хохирлыг барагдуулах мөнгө байхгүй учраас эцэстээ лицензийг нь буцааж өгөхөөс өөр сонголт үлддэггүй юм байна. Уг нь алдсан гурав, дөрвөн жилийн хугацаанд ажлаа явуулж байсан бол Монголын эдийн засагт эргэлдэх мөнгө тэр хэрээр ихэсч, төсөвт татвар хураамжаар цуглах мөнгө нэмэгдэх байв. Наад захын өгөөж гэхэд л лицензээ хураалгасан компаниуд ажлын байр бий болгож, баялаг бүтээгээд явах байсан нь хэтэрхий ойлгомжтой аусудал. Ахиад хэдэн мянган монгол цалинтай орлоготой аж төрөх боломжийг хэн нэг улстөрч, аль нэг улстөрийн хүчний попролтоор явагдсан лицензийн хомроголон хураалт хаачихсан байх жишээний. Одоо ч лиценз хомроголон хураалт үргэлжилж, өчнөөн монгол залуус ажлаа алдаж байна.
Товчхондоо У.Хүрэлсүхийн лиценз хомроголон хураасан шийдвэрийн эцсийн үр дүн ч нэг иймэрхүү өнгөтэй байх нь ойлгомжтой.
Лицензээ хураалгасан компаниуд шүүхэд хандаж таарна. Шүүхээс “Компаниудын гаргасан хөрөнгө оруулалтыг нөхөж олго” гэсэн шийдвэр гарах нь тодорхой. Эцэст нь гурав, дөрвөн жилийг хий дэмий алдсаны дараа төр хураасан лицензүүдээ эргүүлж өгөхөөс аргагүйд хүрнэ. Эдийн засагт алдагдсан боломж гэсэн ойлголт бий. Хар үгээр багцаалдвал цаг алдсанаас болж салхинд хийссэн мөнгийг ингэж тодотгодог. Бүр энгийнээр хэлбэл У.Хүрэлсүхийн өнөөдөр хураасан лиценз хэдэн жилийн дараа эзэддээ буцаад очно, гэхдээ гурав дөрвөн жилийн хугацаанд төсөвт орох татвар хураамж салхинд хийссэний дараа. Энд нэг зүйлийг онцлоход байгаль орчинд хор хохирол учруулсан компаниудын хувьд ярих юм байхгүй л дээ. Сая цуцалсан лицензүүд дунд ийм “но”-той компаниуд байгаа бол шүүх үнэн мөнийг нь ялгаад өгнө. Гэхдээ харамсмаар нь хариуцлагын төлөө нэгдсэн цөөхөн том компанийн нэг болох “Суасгоби сэндс”-ийн огт ашиглалт явуулаагүй талбайн лицензийг хүртэл андуу үндэслэлээр сая цуцалчихсныг давтаж онцолъё. Хариуцлагагүй уул уурхайн хэргийн эзэд хэн бэ гэдэг асуултын хариу уг нь тов тодорхой л доо. Нөхөн сэргээлт хийдэггүй, хаа сайгүй газар сэндийлээд орхидог “нинжа” нар л хариуцлагагүй уул уурхайн хэргийн эзэд. “Нинжа” нараас гадна стандартаа мөрддөггүй жижиг уурхайнууд ч уул уурхайн салбарын толгойны өвчин болчихсон. Засгийн газар энэ зүгт анхаарч, нинжа нарыг онилсон бодлого хэрэгжүүлж, стандартаа барьдаггүй жижиг уурхайнуудад тавих хяналт, шаардлагаа өндөрсгөөд явбал харин илүү эрүүл зөв харагдана.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт болсон “Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн “Тусгай зөвшөөрлийн талаар нийгэмд үүссэн буруу ойлголтоос болж хайгуулын тусгай зөвшөөрөл эрс цөөрсөн. Нийт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо тэнцчихлээ. Ойрын хоёр жилийн хугацаанд өнөөгийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн тоо дууссанаар хайгуулын тусгай зөвшөөрөл гэх ойлголт Монголд байхгүй болох нөхцөл бий болоод байна” гэж онцолж харагдсан.
Лицензийг ийм маягаар хомроглож цуцлаад байвал эдийн засгийн талаас илүү хувийг нуруундаа үүрч явдаг уул уурхайн салбар сөхөрч унахад ойрхон болсныг А.Билгүүний энэ үгнээс харчихаж болно.
Монгол улс экспортын орлогынхоо буюу жилдээ олдог долларынхаа 94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж олдог. Энэ жил сая хэлсэн хувь нэмэгдэж байгаа. Монгол улс гаднаас олж ирэх долларынхаа 96 хувийг нүүрс, зэсээ зарж олох нь тодорхой болчихсон. Олдог доллараа ихэсгэе гэвэл нүүрс, зэсэн дээр л өндөр боломж бий. Бүр тодруулж хэлбэл нүүрсний компаниудынхаа лицензийг хурааж попорсноос гаргах хэмжээгээ өсгөөд явбал дажгүй доллар олоход асуудал байхгүй. Гэтэл бодит байдал дээр нүүрсний нийт экспортын 40 гаруй хувь гардаг Шивээхүрэнгийн боомтын гол экспортлогч компанийн гурван ч лицензийг тэс хөндлөн үндэслэлээр хураачихаад сууж байна.
Шивээхүрэнд Гашуунсухайтын боомтоос арай өөр дүр зураг харагддаг. Төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” Гашуун сухайтын боомтоор нүүрс экспортолдог учраас тэр хавийн уурхайн дэд бүтэц засгийн өндөр дэмжлэгтэй байдаг. Наад зах нь гэхэд л “Энержи ресурс”-ийн барьсан нүүрс тээврийн хүнд даацын авто замыг төр мөнгө гаргаж худалдаад авчих жишээний. Харин Шивээхүрэнгийн боомт тийм биш. Нүүрс тээврийн хүнд даацын замаас эхлээд боомтод төрийн нэрийн өмнөөс ажилладаг хүмүүсийн орон байрны асуудлыг хүртэл хувийн хөрөнгө оруулалттай компаниуд шийдэж яваа нь Шивээхүрэнгийн бодит үнэн. Шивээхүрэн, Гашуунсухайтын хувьд зүй нь хоёулаа л нүүрсний экспортод ижил нөлөөтэй боомтууд. Нэг нь нүүрсний нийт экспортын тавь гаруй, өнөөх нь дөч хол давсан хувийг гаргадаг гэдэг утгаараа. Экпортод адил нөлөөтэй хэрнээ нэг нь төрсөн хүү, өнөөх нь өргөмөл хүү шиг явааг нотлох өчнөөн жишээ бий, ингэсгээд зогсоё.
Тэгэхээр төр засгийн зүгээс Шивээхүрэнгийн боомтыг тэтгэж сүйд болдоггүй юм аа гэхэд ядаж л голлох экспортлогч компанийнх нь лицензийг эндүү үндэслэлээр хураамааргүй байна. Шивээхүрэнгийн боомт өдөрт ажлын найман цагаар ажилладаг юм билээ. Гэтэл Хятадын тал хэд л бол хэчнээн тонн нүүрс авъя гэж байгаа талаар нүүрс экспортлогч компаниуд онцолсон харагдсан. Урд хөрштэй яриа хэлэлцээ өрнүүлээд одоогийн найман цагийн ажлын хуваарийг 16 цаг болгочихвол Шивээхүрэнгээр экспортлох нүүрсний хэмжээ хоёр дахин нэмэгдэх боломж байна.
Н.Батболд
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN