Орчин үеийн хүн бүр гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг нь нэгэнт нотлогдсон. Yүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг учир ийм хүн яаж нарийхан бэлхүүстэй байх билээ дээ. Найман литрийн 3 хувингаар дүүрэн энэ их овоолгыг өчнөөн жил сараар чулуужтал нь авч явахад амьд гэдэс тэсдэг нь үнэхээр гайхалтай. Гэдэс үрэвстлээ нэг хэсэг, үрэвсээд нэг хэсэг, шалбараад нэг хэсэг, шархлаад нэг хэсэг л тэсэх юм даа. Овоолгыг жилээс жилд нэмж, муу орчныг нь улам дордуулах ажлыг л идэвхтэй хийхээс биш цэвэрлэх ажил хийдэггүй хүн нэг л өдөр гэдэсний хорт хавдартай болсон тухайгаа мэддэг. Тэр үед юун нарийхан бэлхүүс манатай. Yргэлж өтгөн нь хатдаг хүн гэдсэндээ хавдар ургуулж байна гэдгээ мэдэхгүй байгаа нь харамсалтай.
Та өдөрт хэдэн удаа хүндээр бие засдаг вэ?
Хооллох хөтөлбөр хийлгэж байгаа хүн бүрээс би ингэж асуудаг. Ихэнх нь "Өдөрт хэд нь ч юу юм бэ, нэгээс хоёр хоног өнжөөд л нэг удаа” гэж, их олон хүн "тав зургаа хонож байж арайхийж нэг хүндэрдэг” гэж хариулдаг. Өтгөн хатаад арваад хонодог гэх хүн ч олон. Ийм хүмүүс ихэвчлэн том гэдэстэй бүдүүн байдаг. Тэд бэлхүүс нь мэдэгдэхээ больсонд өтгөн хатахаас илүү шанална. Туранхай хүн ч бас байна. Ихэнх нь амархан өлсдөг, идэмхий хүмүүс. Зарим нь хоолонд дургүй, дотор нь муухайрч, огьж бөөлждөг. Гэтэл жинхэнэ эрүүл хүн өдөр бүр 3-4 удаа хүндээр бие засаж, идсэн хоолны нь шингээгүй үлдэгдэл, бас бус хаягдлаасаа тогтмол салж, гэдсээ тухай бүр нь цэвэрлэж чаддаг. Ургамлын гаралтай хүнс иддэг бол шүү дээ. Жишээ нь талх, боов, төмс, ногоо гэх мэт. Харин зөвхөн мах, цагаан идээ иддэг бол өнжөөд нэг хоргол гаргах ёстой. Тиймдээ ч өөртөө таарсан мах мариатай, чилгэр сайхан биетэй, бэлхүүс нарийн, арьс өнгөлөг, Үс сайхан, чалх тамир сайн, цоглог сэргэлэн байдаг.Бие, сэтгэл нь эрүүл учир.
Хооллосноос хойш 24 цаг өнгөрөхөд идсэн зүйлээс маань ердөө л боловсрох боломжгүй хэсэг нь үлдэнэ. Түүнчлэн гэдэсний өнгөр/микрофлор/-ийн бактериуд, гэдэсний дотор бүрхэвчийн үхсэн эсүүд ч байна. Эдгээр хаягдлууд бүдүүн гэдсээр өнгөрөхдөө чийгээсээ салж, шулуун гэдсэнд хуримтлагдан хошногоор түлхэгдэн гадагшилна. Цөсний будагч бодис/пигмент/-ууд өтгөнийг хүрэн өнгөтэй болгодог.
Нарийн, бүдүүн гэдэсний урт нийлээд 8,5метр орчим, үүнээс нарийн гэдэс 7метр, бүдүүн гэдэс 1,5метр урттай. Ийм урт гэдэс хэвлийн жижигхэн хөндийд багтахын тулд чацархайнд бэхлэгдэн мушгиран эвхэгдсэн байдаг. Нарийхан бэлхүүстэйгээр эрүүл амьдрахыг хүсвэл махыг зохистой иддэг болохын зэрэгцээ ислэг ихтэй хүнс сайн хэрэглэж, эрүүл аж төрөх сонголтыг хийнэ. Ислэг ихтэй гэдэг нь байгалийн гарлаараа амьдаараа байгаа бүтэн үр тариа, бүтэн будаа, төрөл бүрийн бүдүүн гурил, тийм гурилан бүтээгдэхүүн, хүнсний хивэг, үр хөврөл, соёолж, хальстайгаа, үртэйгээ жимс, ногоог хэлдэг.
Өтгөн хатдаг бол амьд, өөрөөр хэлбэл зөв бүтэцтэй, биологийн идэвхт ус өдөрт 2 литрээс багагүй уух хэрэгтэй.
Улаан буудайн хоёрдугаар эсвэл гуравдугаар гурилыг, овьёос, арвайн аль нэг гурилтай хольж, бага зэрэг хүнсний хивэг нэмж, хөөлгөөд мантуу жигнэж, монгол байцаа, шар лууван, улаан манжингаар зууш бэлдэн, ногоон навчит ургамал болон зөөхийгөөр амтлаад, Үхрийн жигнэсэн гүзээтэй идвэл маш өег /материал түүхий эд ихийг өгдөг/, зардал чирэгдэл багатай үдийн хоолны нэг хувилбар болно. Өтгөн л лав хатахгүй. Харин ус юм уу цайгаа хоолноосоо дор хаяж 30 минутын өмнө уугаарай.