БСШУСЯ дээр өнөөдөр боловсролын салбарын мэдээллийн системийн талаар мэдээлэл хийлээ. "Боловсролын салбарын мэдээллийн систем” төслийг 2014 оноос Азийн хөгжлийн банк болон БСШУСЯ-ы санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд эцэг эх, сургууль, цэцэрлэг, багшийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор эцэг эх, багшийн дэд системүүдийг 2017 оны 10 дугаар сараас эхлэн хөгжүүлж, 2018-2019 оны хичээлийн жилд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгааг БСШУС-ын сайд онцоллоо.
БСШУСЯ-ны мэдээллийн систем нь суурь бүртгэл, статистик тайлан мэдээ солилцох үүрэгтэй байсан бол энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, багш сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжиж байна. Энэхүү системийг ашиглаж эхэлснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг хуучин арга барилыг халах юм. Мөн багш бүр БСШУС-ын сайдад санал хүсэлтээ шууд хүргэх бололцоотой болж байна. Эцэг эхчүүдийн хувьд интернэт ашиглан хүүхдийнхээ сурлага, ирц гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авдаг болсноор хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо илүү бодитой болж нэмэгдэнэ. Хэрэглэгчид Google Play Store-оос ESIS аппликейшнийг татаж суулгаснаар эцэг эхчүүд энэхүү үйлчилгээг хүлээн авах боломжтой болно.
Түүнчлэн энэхүү цахим систем нэвтэрснээр боловсролын салбарын байгууллагуудын хувьд мэдээллийн сан дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөв төлөвлөлт хийх боломжоор хангагдаж байна. "Боловсролын салбарын мэдээллийн систем” төслийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жил Монгол Улсын боловсролын салбарын удирдлага, төлөвлөлт, менежментийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, боловсролын салбар дахь мэдээллийн урсгалыг хянах, зохицуулах үүрэгтэй нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг удирдах системийг боловсруулах ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэсэн.
Тухайлбал, боловсролын салбарын мэдээллийн системийн нэгдсэн платформыг байгуулах, системийг боловсролын бүх шатны байгууллагад нэвтрүүлэх, тэдгээрийг үнэн бодит мэдээллээр хангаж, судалгаа шинжилгээ хийх бололцоо олгох, системд байнгын шинэчлэлт, сайжруулалт хийж тогтвортой ажиллагааг хангах зэрэг ажлуудыг хийж байна.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Тоон мэдээлэлд тулгуурласан бодлого, төлөвлөлт хийдэг болно
Хэвлэлийн хурлын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Дэлхийн улс орнууд боловсролын салбараа цахим системд шилжүүлээд эхэлчихлээ. Дижитал боловсрол ирэх өдрүүдэд давамгайлах болно. Ийм цаг үед салбар маань цахим системд шилжиж байгаа талаар мэдээлэл хийж буйдаа баяртай байна. Энэ систем бүрэн утгаараа ажиллаж эхэлсэнээр салбарын олон асуудал цэгцэрнэ. Бид тоон мэдээлэл, статистикт тулгуурлан системийн дүн шинжилгээг хийж үүн дээрээ тулгуурласан бодлого, төлөвлөлт хийдэг болно. Энэ маань юу гэсэн үг вэ гэвэл алс Баян-Өлгий аймагт хэдэн сургууль, хэдэн суралцагч, хэдэн багш байна, ямар багш дутагдалтай эсвэл илүүдэлтэй байгаа талаарх мэдээллийг авч үүн дээрээ тулгуурласан бодлого, төлөвлөлт хийдэг болно. Багш нарын тухайд цахим журналтай болно мөн санал хүсэлтээ шууд сайддаа уламжилж болно.
Ийм горим хүртэл бий. Цаашилбал, хүүхдийнхээ ирц, дүнгийн мэдээлэл зэргийг эцэг эхчүүд тухай бүрд нь авдаг болсноор хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүдийн оролцоо бодитой болно. Мөн түүнчлэн үргэлж шүүмжлэл дагуулдаг гадаад тэтгэлгийг мэдээлэл гэхэд энэ системд тухай бүрдээ тавигдсанаар зөвхөн мэдээлэлд ойр байдаг цөөхөн хүмүүс гадагшаа тэтгэлгээр явах биш жирийн оюутан сурагчид маань энэ хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэх гэх мэтээр маш олон талын ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.
Өнөөгийн байдлаар төслийн баг Агуулгын удирдлагын дэд систем, Боловсролын удирдлагын дэд систем, Статистикийн удирдлагын дэд систем, Хүний нөөцийн удирдлагын дэд систем, Санхүүгийн удирдлагын дэд систем, Цахим контентийн системүүдийг хөгжүүлж, нэвтрүүлээд байна.
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо бодитой болно
Төсөл хэрэгжснээр эцэг эх болон багш нарын хоорондын эргэх холбоо сайжрах, цахим сурах бичиг, сургалтын материал, хэрэгцээт и-контентууд, гэрийн даалгавар түгээх, цахим ирцийн бүртгэл, явцын үнэлгээ, улирлын дүнгийн бүртгэл хийдэг болсноор цаасан журналыг халах зэрэг олон давуу тал бий болно.
Түүнчлэн БСШУСЯ, нийслэл, аймаг, дүүргийн Боловсрол соёлын газрууд, боловсролын салбарын бусад байгууллагуудын хувьд улсын хэмжээнд боловсролын үйл ажиллагааны талаархи нэгдсэн статистик, тоо баримт, мэдээллийн цахим сантай болох бөгөөд цахим мэдээллийн сангийн өгөгдөлд статистик болон аналитик боловсруулалт, шинжилгээ хийх, тэдгээрийн үр дүнд суурилсан бодлого хөтөлбөр боловсруулах, шийдвэр гаргах боломжтой болно. Сургууль, цэцэрлэг нэг бүрийн үйл ажиллагаа /хичээл завсардалт, анги дүүргэлт, шилжилт хөдөлгөөн, мэдээ тайлан, нэгдсэн шалгалтын дүн зэрэг/-нд хяналт тавих, холбогдох арга хэмжээг шуурхай авах, шийдвэр гаргах боломжтой болж байгаа юм.
Цахим системд шилжиж байгаатай холбоотойгоор БСШУСЯ-наас нийт аймаг, дүүрэг, сургуулиудад бүсчилсэн сургалт явуулахаар төлөвлөж байна. Цаашид тус яамнаас ESIS системийг цахим сангийн холбогдох өгөгдөлд ахисан түвшний статистик боловсруулалт хийх, тусгайлан загварчилсан машин оюуны алгоритмуудыг хэрэглэх замаар тухайн хэрэглэгчийн төлөв байдал, хүсэл зорилгод тулгуурлан төрөл бүрийн санал, зөвлөмж гаргаж өгдөг ухаалаг систем болгох ажлуудыг хийнэ.