Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улсын их хурлын чуулганаар хүүхэд хамгааллын асуудал хэлэлцэв. Уг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслүүд хэлэлцэх товтой байсан. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар асуудлуудыг хойшлуулж хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэдийгээр төсөв, мөнгө чухал ч цаг үеийн шинжтэйгээр хүүхдийн эрхийг хамгаалах талаар УИХ-ын түвшинд анх удаагаа асуудал яригдаж байгаа нь энэ.
Гэвч энэ чухал асуудлаар хэлэлцэж байхад 12:30 цагийн байдлаар Ардчилсан Нам (АН)-ын гишүүдээс зөвхөн С.Одонтуяа гишүүн хуралдаандаа сууж, бусад суудал эзэнгүй байна. Гэтэл Ардчилсан намын эмэгтэй гишүүд чуулгандаа С.Одонтуяагаас бусад нь оролцож үг хэлээгүй байж оройн нь тус намын гишүүд С.Зориг агсны хөшөөний өмнө 12 настай талийгаач охинд эмгэнэл илэрхийлж зул өргөн гарч ирсэн юм.
Энэ үйлдэл маш олон иргэдийн бухимдлыг төрүүлж, эгдүүцүүлэв. Намынхан иргэдийн дуу хоолой болж явах ёстой гишүүд нь тэр дундаа эмэгтэйчүүд нь яагаад чуулгандаа суугаагүй вэ? Хүүхдийг хамгаалах нь бүх нийтэд хамаатай асуудал. Гэвч сөрөг хүчин болох АН-ын гишүүдийн дийлэнх олонх нь хуралдаандаа суугаагүй байгаа нь анхаарал их татаж байна. Тус намынханыг маш олон хүмүүс үүгээр л битгий шоу хийгээрэй хэмээв.
-Хүүхэд хамгааллын талаар хэн, хэн юу ярив-
УИХ-ын дарга Г.Занданшатар: Гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангах түвшинд хийх хэрэгтэй. Сургуулийн автобусны хүрэлцээг сайжруулах, сургалтын хөтөлбөрт гэр бүл, хүүхэд хамгааллын талаар мэдлэг олгох агуулгыг багтаах шаардлагатай. Хүүхэд залууст багаас нь өөрийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах арга мэдлэгийг олгох ёстой.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: Манай эмэгтэй гишүүд цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг анхаараач ээ гэдгийг асар олон удаа ярьж, олон нийтийн сонсгол хийж, төсөв мөнгө нэмүүлэхээр явсан.Бид нөхцөл байдлаа эргээд харах ёстой. ХНХЯ өнгөрсөн үе үедээ хэзээ ч хүүхэд хамгааллын асуудалд анхаарал тавьж байгаагүй. Бид нөхцөл байдлаа эргээд харах ёстой. ХНХЯ өнгөрсөн үе үедээ хэзээ ч хүүхэд хамгааллын асуудалд анхаарал тавьж байгаагүй. Энэ ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Арсланхуяг хурандаа нар энэ ажлыг хийсэн. Олон аян өрнүүлээд өөрсдөө зүтгэж байгаа. Төсөв мөнгө ч байдаггүй. Дандаа олон нийтийн дэмжлэгээр хийгээд өнөөдрийг хүрсэн. ХНХЯ-ныхан хуульзүйн яамтай ажиллах хэрэгтэй. Нэг агентлагийн төсөв нэмүүлээд юу ч өөрчлөгдөхгүй. Үүний оронд санаачилга гаргаж байгаа ТББ-уудтай хамтраад, санхүүгээр нь дэмжээд ажлыг нь хийлгэ. Агентлагийн цалин нэмээд үр дүн гарахгүй.
Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Хүүхдийн хүчирхийллийн асуудлыг УИХ анх удаа өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй ярьж байна хэргийн улмаас 10 хүүхэд амь насаа алдаж, 300 орчим хүүхэд гэмтэж бэртсэн тоо байна. Нийгэм, төр, хуультай холбоотой асуудал гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Ялын бодлогыг чангатгахдаа айхтар цочиж савж болохгүй. Энэ асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой. Засгийн газраас Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлээр өөрчлөлт оруулж, УИХд өнгөрсөн оны хавар өргөн барьсан байгаа. Үүнийг батлах шаардлагатай.
1. Бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй гэсэн өөрчлөлт байгаа. Үүнийг шууд баталъя.
2. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөгт одоогийн хуулиар торгох ял өгч байгаа. Торгох ялыг шууд хорих ял болгон өөрчлөхөөр төсөлд тусгасан. Үүнийг шууд баталъя.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хүүхдээ хамгаалж чадахгүй улс орон өөр юугаа хамгаална гээд үндэсний аюулгүй байдал ярих билээ? Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль нь 1999 онд батлагдсан. Эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх талаар Гэр бүлийн тухай хуульд маш тодорхой заалтууд ороод явж байгаа. Хүүхдийг зодож гэмтээсэн, хүнд гэмтэл учруулсан этгээдүүдийн ялын бодлогыг чангаруулах хэрэгтэй. Хууль байхад хэрэгжилтэд алдаа гардаг гэж байна. Бидний баталсан хүүхдийн эрхийн байцаагч нар бол хүүхдийн төлөө шүгэл үлээж байх ёстой. Хэрэг гарахаас нь өмнө очоод энд хүүхдийн эрх зөрчигдөх гээд байна шүү. Хуулиндаа хүүхдийн эрхийн байцаагчийг төрийн албан хаагч байхаар заачихсан байна. Тэгэхээр төрийн албан хаагч юу гэж шүгэл үлээх вэ дээ? Энэ хүмүүс хаана байна, тэдний дуу хоолойг яагаад хориод байна вэ? Сургууль, цэцэрлэгийн барилгуудын газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг төсвөөс мөнгө гаргаад шалгах хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээний тоо цөөрсөн үү?
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Хүүхэд харах үйлчилгээний хуулиа эргэж харах цаг болсон байна. Энэ үйлчилгээнд хэнийг хамруулах, хэн байх, төсөв мөнгө нь юу байхыг боловсруулах хэрэгтэй. Өнгөрсөн удаагийн чуулганаар бид цэцэрлэгт хүүхэд хамрагдах насыг 3-5 байсныг 2-5 болгосон. Өсвөр насны хүүхдийн цогц хөтөлбөрийг боловсруулахад ХНХЯ, Эрүүл мэндийн яам, БШУЯ-ын уялдаа холбоо, хамтын ажиллагаа хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй 11800 хүүхдийн асуудлыг энд мартаж болохгүй. Тэдний 60 хувь нь ямар нэгэн байдлаар сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг авч, үлдсэн хувь нь хүнд хэлбэрийн бэрхшээлтэй байна. Хүүхэд харах үйлчилгээг улам боловсронгуй болгосноор тэдэнд тусламж, дэмжлэг үзүүлж чадна гэж үзэж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: Төсөв санхүүжилт нь нэмэгдээд байгаа хэр нь яагаад үр дүн гарахгүй байна вэ гэж олон нийт ч асууж байна. 2016 онд анх ерөнхий газар байгуулагдаж байсан. Үүнээс хойш 21 аймаг, есөн дүүрэгт нэгжтэй болсон. Нэгжийн тоо 5 дахин нэмэгдсэн. 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээнд 2018-2023 оны хооронд нийтдээ 19 мянга орчим хүн үйлчлүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор л зардлууд нэмэгдээд байгаа юм. Нийгэмд ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэмт хэргийн тоо өсч байгаад хамгийн түрүүнд хүүхдүүд хохирогч болж байна. Асуудлыг үүсгээд байгаа гол хүчин зүйлүүдтэйгээ тэмцэж чадахгүй бол энэ төсвийг нэмээд нэмээд хэцүү. Хүүхдийн хүчирхийлэлгүй улс гэж байдаггүй.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн байдал хэрээс хэтэрч байна. Цагдаагийн байгууллагын мэдээллээс харахад 2023 оны эхний хагас жилд 960 гэмт хэрэгт 990 хүүхэд хохирсон байна. 374 нь гэмтсэн, гурав нь нас барсан. Хагас жилийн хугацаанд 251 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Сэтгэл сэрдхийлгэсэн гэмт хэрэг гарахаар бүгд сэвээд, хэсэг яриад мартдаг. Х.Булгантуяа сайд бол ерөнхий мэдээлэл хийлээ. Одоо бид нарийн асуудлуудыг ярих ёстой. Англи улсад хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтэнд цахим бугуйвч зүүлгээд тодорхой радиуст барьж, хянадаг. АНУ-д бол хүчирхийлэл үйлдэгчийн жагсаалт, мэдээллийг зурагтай нь олон нийтийн телевизээр мэдээлдэг. Зарим улсад хүүхэд хүчирхийлэгчийг химийн аргаар хөнгөлдөг. Хуулийн байгууллагынхан энэ мэт арга замуудыг судалсан уу, авах боломжтой юу, хэзээ авах вэ? 13 эмэгтэй гишүүн улсын хэмжээнд камержуулалт хийх төсвийг судалж, ирэх оны төсөвт суулгана. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлдэггүй, магадлангаар оруулдаггүй байх, бүх насаар нь хорьдог байх хуулийн хатуу заалтаа хийе. Хуучин бүх насаар нь хорих ялын дээд хэмжээ 25 байсан нь одоо 20 жил болгочихсон. Хэрэв энэ 12 настай охины хэрэгт сэжиглэгдэж байгаа хэрэгтэнд бүх насаар нь хорих ялыг нь өгөөд, магадлангаар оруулж, өршөөл үзүүлээгүй бол энэ хэрэг гарахгүй байсан.