Төрийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаас баталлаа.
Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг Сангийн яаманд шилжсэн боловч ажиллах орон тоо, төсөв нь батлагдаагүй, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгааг харгалзан уг тогтоолыг баталжээ.
Төрийн өмчийн хороог татан буулгах ажлын хэсгийн удирдамжийг баталж, ажлын явцад хяналт тавих болон Төрийн өмчийн хороог татан буулгах, төрийн өмчийн хувьчлал, дуудлагын худалдаа, төрийн өмчийн төлөөлөл, төрийн өмчийн бүртгэл, тооллого зэрэг асуудлыг хариуцсан зарим ажилтныг чиг үүргийн дагуу Сангийн яаманд шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж дүнг ирэх сарын 15-ны дотор танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод даалгасан байна.
Мөн Төрийн өмчийн хорооны чиг үүрэг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан чиг үүргийг тасралтгүй, давхардалгүй, хийдэл гаргалгүй зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болгосон аж.
Сэтгэгдэл