Нас барсан охиныг минь буруутан болгоод, хэргийг хаалаа


Нас барсан охиныг минь буруутан болгоод, хэргийг хаалаа

 

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг гэх газрын орчимд 2016 он.ы наймдугаар сарын 5-ны өдөр "Тоёото приус 20" маркийн автомашин, "Тоёота Ланд крузер" маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас онхолдож, долоон хүний амь нас хохирсон байдаг. Энэ хэргийг хоёр жилийн турш хуулийн байгууллага шалгасан ч Төв аймгийн прокурорын байгууллагаас энэ сарын 9-ны өдөр хэргийг хаах шийдвэрийг гаргажээ. Прокурорын байгууллагын эл шийдвэрийг эсэргүүцэж талийгаач нарын ар гэрийнхэн мэдээлэл /2018.08.29/ хийлээ.

 

Автомашинд гурван сартайгаас дөрвөн настай гурван хүүхдийн хамт зорчиж яваад нас барсан бүсгүйн ээж Ц.Бат-Өлзий "Талийгаач охин маань автын ослоор хадам эгч, хадам аав, ээж гурван хүүхэдтэйгээ өөд болсон. Энэ хэргийг хийсэн хэрэгтэн нь хэргээ хүлээхгүй, шийдвэрлэж байгаа прокурорын байгууллага нь нэг талыг барьж ажиллаж байна. 2017.09.27-нд 14 хүний бүрэлдэхүүнтэй Манлайбаяр ахлагчтай ажлаа хэсгийг байгуулаад гуравхан хоногийн дотор хэрэгтэн Цэцэгшагдарыг олсон ч өнөөдрийг хүртэл биднийг хүлээлгэсэн. Цэцэгшагдарыг олохдоо манай гэрчээр тодорхойлуулж ам зураг гаргаж, таниулах ажиллагаа хийсэн атал гэрчийн мэдүүлэг, байцаалтыг үгүйсгэж, хэрэгтэнг хэрэгтэн биш гэж, миний талийгаач охин дээр хэрэг нээчихээд байна. Үүнд маш их гомдолтой байна” гэлээ.

 

Мөн талийгаач эмэгтэйн эгч "Приус 20” маркийн автомашинд миний дүү хүүхдүүдийн болон өөр насанд хүрэгчдийн хамт зорчиж явсан. Энэ осол Эмээлтийн замд гарсан. Тухайн үед юу болсон бэ гэхээр 8558 УНС улсын дугаартай Ланд крузер 100 маркийн автомашин дүүг манаь нэгдүгээр эгнээнд явж байхад нь хоёр дугаар эгнээнээс шахаж онхолдуулсан. Онхолдож эсрэг урсгалд орж "Ланд Крузер 200” автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэний улмаас гал гарч машинд зорчиж явсан 7 хүн нас барсан. Энэ хэрэг прокурорт гурван удаа хаагдаж, шүүхэд шилжихгүй  байсаар эцэстээ хэргийг хэрэгсэхгүй болгосонд бид гомдолтой байна. Ослын гол буруутан "Ланд крузер” маркийн автомашины жолооч Цэцэгшагдар гэх хүн осол болсон орой зугтаад олдохгүй байсаар АТГ-т өргөдөл гомдол гаргасны дагуу 2017.09.20-нд түүнийг олсон. Олсон боловч хэргээ хүлээхгүй талийгаач дүү дээр маань эрүү үүсгэн хоёр жил шалгасны эцэст хаачихлаа. Талийгаач болсон хүнд бүх хэргийг хүлээлгэж, хариуцах эзэн олдохгүй байгаа тул буруутан нь нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарласан. Тухайн үед юу болсныг харсан гэрч байгаа. Гэтэл прокуророос гэрчийн яриаг буруутгаж, Цэцэгшагдарын зөв гэж үзээд байдаг. Алимаа, Энхмаа, Эрхэмбаяр гэх гурван прокурорын нүүр үзсэн ч шийдвэр Цэцэгшагдарын талд гарсаар ирсэн. Төв аймгийн прокурорын байгууллага ажлаа хийж чадахгүй байна гэж үзэж байна. Иймд прокурорын байгууллага шүүхийн өмнөөс шийд гаргаж уг хэргийг хааж байгаад бид гомдолтой байна. Иймээс долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийг дахин томилж, Нийслэл рүү энэ хэргийг шилжүүлж өгөөч гэж хүсэх байна” гэв.

 

Ослоос амь үлдсэн цор ганц хүн нь автомашиныг жолоодож явсан бүсгүйн гэр бүлийн хүн аж. Гэвч түүнээс хуулийн байгууллагынхан огт байцаалт, мэдүүлэг аваагүй гэдгийг талийгаач бүсгүйн ээж Ц.Бат-Өлзий хэлж байлаа.

 

Г.Сүрэн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.