Авлигын хэргээр 30 хоног саатуулагдаж явсан Ё.Баатарбилэг бусдаас хариуцлага нэхэх эрхтэй юү?


 

Авлигын хэргээр 30 хоног саатуулагдаж явсан Ё.Баатарбилэг бусдаас хариуцлага нэхэх эрхтэй юү?Цүнх баригчийн карьер хаа хүргэдгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс асууж болох юм. Оюутны ширээнээс салж амжилгүй Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж, мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар асан Т.Бадамжунайн зөвлөхийг хүртэл хийж үзсэн нөхөр. Зөвлөхөөр хэдхэн сар ажиллаад л Архангай аймгийн Засаг дарга болж бие даасан хүн. Товчхондоо, албан тушаалын уулзвар бүрт ногоон гэрлээр нэвтэрсэн супер цүнх баригчдын нэг юм. Аймгийн Засаг ноён болоход цүнхийг нь барьж гүйсэн ах нарынх нь буян заяаг хэмжээлшгүй гэлцдэг. Үнэндээ Т.Бадамжунай, Н.Багабандийн хүч нөлөө өнөөдрийнх шиг сулраагүй байсан он цагууд.

Харамсалтай нь, хоёр жил хүрэхтэй үгүйтэй Засаг ноёны сэнтийд залрахдаа сайн гэхээсээ саар нэр олонтой. Монголын 21 аймгийн Засаг дарга нараас Ховдын Нямдаваа, Увсын Цасчихэр, Баян-Өлгийн Хавал, Дорнодын Жанлав, Орхоны Оюунбат гээд сайнаасаа муугаар дуудуулдаг хошуу ноёдын нэрсийг жагсаавал цөөнгүй. Тэдний нэг нь мань Ё.Баатарбилэг. Засаг ноёны сэнтийд залармагц аймаг орныг хувийн компани мэт өмчилдөг өвчитнүүдийн нэг байсан гэж хэлж болно. Түүний Засаглаж байсан аймагт Цэнхэр сум бий. Алт олборлодог олон компани тэнд үйл ажиллагаа явуулдаг нь Засаг ноёны хөрөнгөжих олз болдог нь хэвшмэл зүйл гэлтэй. Шулуухан хэлэхэд, Ё.Баатарбилэг мөнгө шамшиж сурсан нэгэн.

Тодруулбал, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт хууль бус алт олборлогч компанийн үйл ажиллагааг мэдсээр байж өөгшүүлэн дэмжиж, 19 сая төгрөгийн хөрөнгө банкинд хав дарсан нь илчлэгдсэн юм. Тухайн үедээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн мэдлийн компани байхгүй гэсэн атлаа 30 сая хол давсан орлоготой хэмээн бүртгүүлж байв. Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны хэв журмын эсрэг гэмт хэргийн тасгийн тогтоосноор Ё.Баатарбилэг хахууль авсан нь нотлогдсон. Хувьдаа компанигүй атал хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсанаар хувьдаа 30 саяар үнэлэгдэх "Ланд круизер”-тэй нь ил болж байв. Тухайн үед хувьдаа олон компанитай Хөвсгөлийн Цэрэнжав, Дорнодын Жанлав нар ч Баатарбилэгээс бага орлоготой нь олны анхаарлыг татахаас аргагүй юм.

Ийнхүү Засгийн сэнтийгээс сонгуулийн зардлаа босгож дөнгөсөн гэж үзэхээс өөр хувилбар үгүй. Тиймдээ ч өнгөрөгч сонгуулиар парламентын өндөр босгыг давж, төрийн түшээгийн сэтэр зүүж явна. Уг нь авлига авсан нь тогтоогдож, 30 хоног саатуулагдаж байсан хар намтартай түүнийг төрийн хар хүн болгох нь зохисгүй. Гэвч улаан сарнайн тэмдэг энгэртээ хатгасан хэн ч бай Төр рүү гэтэж, өөрийгөө хамгаалуулж, улмаар олзоо томруулах гэсэн хүсэл нь биелдэг хойно, яалтай. Уг нь иргэний ухамсар, ёс зүй гэж түүнд байдагсан бол өмнөх үйлдэлдээ гэмшиж, төрийн ажлаас холхон баймаар. Халаас хоосон ч хаанаас юм бэ олсноо сонгуульд барсан тэрбээр гишүүн болсон жилээ хөрөнгө орлогын мэдүүлэгт авто машингүй, 89700 төгрөгийн хадгаламжтай.

Төрийн банкинд 92080.00 мянган төгрөгийн зээлтэй гэж байв. Олны хэлдгээр өрөнд баригдаж, өтөнд идэгдэх шахаж явсан түүнд УИХ-ын гишүүний алба ашгаа өгч өнгөрсөн жилүүдэд зээлийн хэмжээгээ огцом бууруулж, хөл дүүжлэх унаатай ч болж авсан байна лээ. Намаар араа хамгаалуулж, төрд шургасан авлигач гишүүнийг төрдөө үнэнчээр зүтгэнэ гэдэгт итгэж горьдож суудаг сонгогч бидний тэнэглэл дуусах биш дээ, хөөрхий. Уг нь хуулиа мөрддөгсөн бол сахилгын зөрчилтэй хүн төрийн албанд ажиллах ёсгүй юм. Гэвч авлигын хэргээр "аав”-ынд 30 хонож явсан Ё.Баатарбилэг мэтэд хууль ёс огтын падлийгүй. Одоо тэрбээр Засгийн газраас Д.Сумъяабазар нарын ганц нэг сайд руу чулуу шидлэн, болбол сууриар нь ганхуулчих санаа өвөрлөн, сумаа нууж явна. Хойноос ирээд хот, хотонд ороод хонь нь минийх гэгчийн үлгэрээр хотын Намын хорооны даргад санаатай яваа Д.Сумъяабазарын үйлдэл, үйл хэрэгт тун дурамжхан хандаж хаа нэгхэн чулуу шидлэн яваа гэнэ.

http://dorgio.mn/p/94228




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.