Эрүүл мэнддээ анхаардаггүй эрчүүд илүүдэл жин хэмээх тахалд нэрвэгджээ


 

Эрүүл мэнддээ анхаардаггүй эрчүүд илүүдэл жин хэмээх тахалд нэрвэгджээ

"Монголд охид, бүсгүйчүүд нь л улам гоё, сайхан болж байна. Эрчүүд өөртөө арчаатай байж, гоо сайхан, эрүүл мэнддээ анхаардаг болоосой. 20-иос доош насны хөвгүүд эр, эм нь мэдэгдэхгүй нарийн өмд өмсөөд, найланхай аашлаад гүйх юм. 30-аас дээш насны залуусын олонх нь гүзээ суугаад, илүүдэл жинтэй болчихсон” хэмээн нэгэн эгч халаглаж байсан нь оргүй зүйл биш ээ. Нээрэн л ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд эгчийнхээ өмд, цамцыг өмсчихсөн юм уу гэж эндүүрмээр хувцасладаг болсон. Төрийн аль нэг байгууллагын үүдээр шагайхад л том том гүзээтэй залуусыг олж харна.

Манай улсад эрчүүдийн эрүүл мэндийн асуудал хувь хүндээ ч, улсын бодлогод ч орхигдсон гэхэд болно. Эмчид үзүүлж, эм уун, эмнэлэгт хэвтэхийг эрлэгт очихоос ч хэцүү мэтээр санадаг эрчүүд бидний дунд цөөнгүй. Өөр өөр салбарын, насны хувьд ялгаатай хэд хэдэн залуугаас "Эрүүл мэнддээ хэр анхаарал тавьдаг вэ” гэж асуухад "Өвдөхгүй л бол эмнэлэгт очихгүй шүү дээ” гэж хариулсан юм. Өвдсөн үедээ ч эмнэлэгт хандахгүй гүрийсээр өвчнөө эцсийн шатанд нь хүргэдэг монгол эрчүүд бишгүй. Тэд яагаад эмнэлэгт очих дүргүй вэ.

Энэ нь иргэдийн дунд эрүүл мэндийн боловсрол тэг заасантай холбоотой. Сүүлийн жилүүдэд монголчууд эрүүл мэнддээ анхаарч, зөв хооллож, биеийн тамираар хичээллэн, дасгал хөдөлгөөн хийдэг болсон ч тэдний олонх нь эмэгтэйчүүд байна. Эр хүн өөх, тостой хоол идэж, архи ууж, тамхи татах нь хэвийн үзэгдэл мэтээр хөвгүүддээ ойлгуулж ирсэн нь эрүүл мэндэд нь эргээд хор уршиг болж буй юм. Наанадаж л эмэгтэй хүүхэд цэвэр цэмцгэр байх ёстой хэмээн "Гараа угаа” гэж захиж сургадаг бол эрэгтэй хүүхдийн ариун цэвэр ялангуяа бэлгийн бойжилтод нь анхаарч, хэрхэн арчлах талаар нь зааж сургадаггүй. Монгол эрчүүдийн олонх нь бэлэг эрхтнийхээ ариун цэвэрт анхаарал тавьдаггүй нь бэлгийн замаар дамжих өвчлөлийн эх үндэс болж буйг мэргэжлийн эмч хэлнэ лээ.

Монгол Улсад гурван сая гаруй хүн амьдарч байгаагийн тэн хагас нь буюу 1.5 сая нь эрэгтэй. Тэдний 82.1 хувь нь 20-39 настай бол 77.7 хувь нь гэрлэсэн, 93.3 хувь нь бүрэн дунд эсвэл дээд боловсролтой байна. Боловсрол болон хүйсийн тэнцвэрт байдал алдагдаагүй ч дундаж наслалт, нас баралт, эрүүл мэндийн байдал нь эмэгтэйчүүдийнхээс дор байгаа юм. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар 11 439 хүн нас барсны 6943 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй. Тэд ходоодны болон элэгний хавдраар голчлон өвдөж, хэт ачаалалтай ажиллан, архи, тамхи ихээр хэрэглэхээс гадна эрүүл мэнддээ анхаарч, эмчид үзүүлэн, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй нь өвчлөх үндэс болдог байна.

Эх сурвалж: "Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааны тайлан, 2017 он


Зам тээврийн болон үйлдвэрийн осол, гэмт хэргийн улмаас амиа алдаж буй хүмүүсийн олонх нь эрчүүд юм. Уурхайн гүн, уулын мухар, хортой, хүнд нөхцөлд тэд л ажлын хүнд, ачааны илүүг нуруундаа үүрч яваа. Энэ хэрээрээ эмэгтэйчүүдээс даруй 10 насаар богино насалж байна. Найзын минь хүү "Надад гурван эмээ байдаг, яагаад ганц ч өвөө байдаггүй юм бэ” гэж ээжээсээ асууж байсан гэдэг. Үнэхээр л нас өндөр гарахаар эмээ нар л үлдэж, өвөө нар хэдийн бурхны оронд очсон байдаг нь гашуун үнэн.

Бидний өвөө, эмээгийн үед тарган хүн гэж бараг л байгаагүй гэдэг. Гэтэл муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр эрүүл мэнддээ анхаардаггүй эрчүүд илүүдэл жин гэгч тахалд нэрвэгджээ. Нийт эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жинтэй байгаа юм. Жингийн илүүдэл 30-39 насныхан дунд 59.2, 40-49 насныхны 63.9 хувийг эзэлж буй. Дунджаас дээш, чинээлэг амьдралтай эрчүүдийн дунд таргалалт өндөр байгааг "Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааны тайлангаас харж болно. Харин 15-49 насны эрэгтэйчүүдийн 1.9 хувь нь тураалтай байгаа аж.

Тодруулбал, судалгаанд хамрагдсан 15-49 насны эрэгтэйчүүдээс санамсаргүй түүврийн аргаар сонгон үрэвсэл, цус багадалт байгаа, эсэх, төмрийн болон А, Д аминдэмийн дутагдал зэрэг үзүүлэлтээр бичил тэжээлийн байдлыг үнэлсэн байна. Үнэлгээгээр эрэгтэйчүүдийн дунд цус багадалт гурав, төмөр дутал 1.1, А аминдэмийн дутал 0.6, Д аминдэмийн дутал 40.4 хувь байжээ.

2010 онд хийсэн "Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний IV судалгаагаар 15-49 насны эрэгтэйчүүдийн 27.6 хувь илүүдэл жин ба таргалалттай байсан бол 2017 оны хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүнгээр 48.8 хувь болж нэмэгджээ. Ялангуяа 30-49 насанд нь таргалалт хамгийн их байгаа юм. Сонирхолтой нь IV судалгаанаас хойш буюу 10 жилийн дараа хөдөөгийн эрчүүдийн таргалалт хотынхоос нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь хот, хөдөө ялгаагүй эрчүүдийн дунд жингийн илүүдэл газар авсныг илэрхийлж буй. Үүнийг дагаад эрчүүдийн дунд чихрийн шижин, зүрх, судасны өвчин нэмэгджээ.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 74 тоот тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын 18-ныг "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон зарласан байх юм. Үүнээс өөрөөр эрчүүдийн эрүүл мэндийг бодлогоор дэмжсэн хөтөлбөр, дорвитой ажил алга. Улсын хэмжээнд эрчүүдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарч буйг ЭМЯ-ны хариуцсан мэргэжилтнээс нь тодруулахыг зорьсон ч "Хуралтай” гэсэн хариу өгсөөр өдрийг барав. Ийнхүү Монгол цэргийн өдрийг эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгон улс даяар зарлан тунхаглаад таван жил болж буй ч тунхаг төдий байсаар өдий хүрлээ.

Энэ өдөр эрчүүдээ цэрэгт явсан, үгүйгээр нь ялган, баярлуулах нэрээр архидуулна. Эрчүүдийн эрүүл мэндийн байдал нь шалбаагтай зууралдсаныг тэд өөрсдөө, эмэгтэйчүүд бид ч хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Нэг жишээ хэлэхэд, "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирус илрүүлэх, тоолох шинжилгээнд иргэдийг үнэ төлбөргүй хамруулж буй. Гэтэл шинжилгээнд хамрагдсан идэвхтэй хүмүүсийн олонх нь эмэгтэй байна. Аминдаа арчаатайгаараа эмэгтэйчүүд л шинжилгээ өгөөд, вирустэй бол тоолуулж эм ууж эхэлсэн байх юм. Гэтэл өнгөрсөн онд 2312 хүн элэгний хорт хавдраар өвчилсний 53 хувь нь эрэгтэйбайна. Шинээр бүртгэгдсэн элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа бүртгэгддэг. Өвдөхөөсөө нааш, өвдсөн ч эмнэлэг барааддаггүй хэнэггүй монгол эрчүүд өвчнөө даамжруулж, хожуу шатанд хүргэдэг нь хавдрын өвчлөл аюулын харанга дэлдэхэд багагүй "хувь нэмэр” оруулж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.