Жилийн өмнөөс "Сургамж" гэсэн бяцхан өгүүлэмж бичиж байснаа тасарсан юм. Энэ удаа бичмээр санагдаад явчихав. Саяхан гадаад паспортаа шинээр авах гээд Дүнжингаравын Нийслэлийн үйлчилгээний төвөөр ороод гарав. Миний өмнө 6-7 -р ангийн бололтой нэг жаахан охин бага ангийн бололтой дүүгээ зам хөндлөн гарахаар явав. Гэтэл гарцын цаана нэг олигор хар юм тосоод хүлээж байх юм. Олигор хар ч гэж дээ тийм ч муу хувцастай, эвгүй царай төрхтэй биш аж. Шуудхан гар утсаа гаргаж ирээд,охины зургийг гялсхийтэл дараад шуудхан л "Чи нэр, утас хоёроо хэлчих" гэх юм. Би гайхасхийн харж зогслоо. Цэцэг шиг хөөрхөн охин юмаа. Юутай гэнэн тэнэг юм бэ? Юу ч бодолгүй, юу ч асуулгүй шуудхан л бүгдийг хэлчихэв. Би тэр залуугаас "Яах гэж энэ охины утсыг нь авч байгаа юм бэ?" гэж чангахан асуутал "Танд хамаагүй" гэж хэлээд гүйгээд алга болчихов. Охиноос " Чи энэ залууг таньдаг юмуу" гэхэд "Үгүй" гэж толгой сэгсрэв. "Яаж байгаа юм бэ? Энэ чинь аюултай этгээд байна шүү дээ" гэхэд "Мэдэхгүй ээ..." гэж хэлээд дүүгээ хөтлөөд алга болов.
Сэтгэгдэл