Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 19 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд Ливан, Тайланд, Вьетнам зэрэг хотуудад болж байна. Өчидөр/10.24/ Ливаны Бэйрут хотод "А” хэсгийн Австрали, Хонгконг, Монгол, Ливаны тоглолтууд эхэллээ.
Анх удаа Азийн тэмцээнд оролцож буй 19 хүртэлх насны охидын шигшээ баг эхний тоглолтоо манай тивийн шилдэг баг Австралитай хийж, 18:0-ээр хожигдов. Манай шигшээ багийнхан "хол илүү ур чадвар, туршлагатай багийн эсрэг хүнд цаг агаарт, бүхий л хүчээрээ тоглосон учраас энэ тоглолтыг туршлага гэж харах хэрэгтэй" гэдгийг албаны хүмүүс тоглолтын дараа тамирчдад хэлжээ.
Азийн чансааны зургадугаар байрт бичигддэг Австралитай эхний тоглолтоо хийж, сандралаа тайлж, цаг агаартаа бага ч гэсэн дассан манай шигшээ багийнхан дараагийн тоглолтоо маргааш/10.26/ Хонг Конгийн багтай хийнэ. Хэсгийн сүүлийн тоглолтоо талбайн эзэн Ливантай хийх хуваарьтай байгаа тул 19 хүртэлх насны охидын шигшээ багийнханг маш хариуцлагатай хоёр тулаан хүлээж байна.
Дашрамд дуулгахад, энэ насны шигшээ багт 16-аас доош насны шигшээ багийн 10 тоглогч байгаа учраас Монголын 19 хүртэлх насны охидын шигшээ баг дараагийн 3-4 жилд тогтмол бүрэлдэхүүнтэй тоглох боломжтой юм.
Сэтгэгдэл