Үнэгүйдсэн баялаг


Өнөөдөр хуралдах Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тун чухал хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх нь. Тодруулбал, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын өнгөрөгч долоо хоногт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг байнгын хороо хэлэлцэх учиртай. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал "үүсмэл орд” хэмээн нэрлэгдэж буй нүүрс, алт, зэс, жоншны томоохон ордуудын эргэн тойронд буй болсон овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгаа 100 хувь бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэх юм.

Ашигт малтмалын тухай хуульд орд тойрсон овоолгыг "үүсмэл орд” гэж тусгаж өгсөн байдаг ч хэрхэн ашиглах, хэн ашиглах, нөөц ашигласны төлбөрөө лиценз эзэмшдэг компанидаа өгөх үү, эсвэл хэн нэг дарга, цэргийг нь таньдаг бол үүсмэл ордыг ашиглаж болох уу гэдгийг тусгаж өгөөгүй. Тэгвэл Аж үйлдвэрийн сайдын өргөн мэдүүлсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эдгээр бүрхэг асуудлыг тодорхой болгож, үүсмэл ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэр барих зөвшөөрлийг Аж үйлдвэрийн яамнаас олгож, нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжийг бий болгох аж. Ордууд тойрсон овоолгуудын асуудлыг шийдэх хамгийн энгийн арга нь нүүрс, зэс, алтны том ордуудыг түшиглээд жижигхэн цахилгаан станц, үйлдвэр барих, эс бөгөөс том компаниуд авах зүйлээ авсаны дараа дундаж, эсвэл жижигхэн компаниуд овоолгыг нь ашиглах нөхцлийг хуулиар зохицуулж өгөх асуудал байсан юм.

Тэгвэл хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөөр энэхүү эрхзүйн орчныг нээж өгөх нь. Саяхан нэгэн танил маань албан ажлаар хөдөө, орон нутгаар тойрч ажиллах үедээ эх орон минь хэрхэн "тонуулж”, гадны том компаниуд ашигласан ордоо зөвхөн өрмийг нь аваад, хусмыг нь орхих байдлаар сэглэж орхисныг сэтгэл эмзэглэн ярьсан юм. Хотонд ороод цадчихсан чоно бүх малыг ямар нэг байдлаар сэглэчихдэг. Гэдэс дотрыг нь гаргана, багалзуурыг нь тасална, сүүлийг нь таслах зэргээр харахаас нүд хальтрам болгож орхидог. Хэтэрхий цадчихсан учраас ерөөсөө л зугаагаа гаргаж байгаа үйлдэл нь тэр л дээ. Тэгвэл яг л ийм үйл явдал эдгээр том ордуудын эргэн тойронд үүсч шүүмжлэл дагуулдаг нь худлаа биш. Ганцхан гадныхан ч биш манай дотоодын компаниуд ч баялагтаа хүнийрхүү сэтгэлээр ханддаг, эсвэл өнөөдрийн ашгийг биш ирээдүйг харж хадгалах нэрээр үнэгүйдүүлсээр байгаа юм. Энэ асуудлыг улстөрчид яриагүй биш олон удаа ярьсан. Харамсалтай нь ахиц дэвшил гарч байгаагүй юм билээ.

Овоолгыг ашиглаж байгаа компани гарын таван хуруунд багтахаар цөөхөн

Алт, зэс, нүүрс, жонш гээд ашигт малтмалын бүх ордод үүсмэл орд бий болчихсон. Олох ёстой баялгийнхаа 50 хүрэхгүй хувийг л тэд үндсэн ордоос олборлож, үлдсэн нь үүсмэл орд дотор ашиглагдахгүй хэвтсээр байгаа. Алтыг тухайлбал нинжи нар сорчилж авдгаас үүдэж тоосонцор алт ашиглагдах боломжгүй болж үлддэг жишээг дурьдаад байвал барагдахгүй. Эрдэнэт зэрэг зэсийн том үйлдвэрүүдэд ч энэ мэт төвөгтэй асуудал байдгийг нуугаад яах вэ. Эрдэнэтийг тойрсон овоолгыг ашиглах тухай маргаан үүсч, Орхон аймгийн иргэд "Зэс эрдэнийн хувь” хэмээх компани байгуулан тэмцэж байсныг уншигч та санаж байгаа биз.

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх овоолгуудыг ашиглан дотоодын зэсийн хэрэгцээгээ хангаж буй Ачит Ихт, Эрдмин зэрэг компаниуд амжилттай ажиллаж байна. Гэвч дээр хэлсэнчлэн овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин тодорхой бус, ашиглалтын лиценз авсан компани овоолгоо ашиглуулах эсэхээ шийддэг, танилын хүрээнд татвараа төлдөг учраас өнөөдрийг хүртэл орд тойрсон овоолгууд "үнэгүйдсэн баялаг” хэвээр байлаа. Өнөөдөр ашиглагдаж байгаа 200 гаруй ашигт малтмалын ордод олон тооны овоолго үүссэн атлаа түүнийг нь ашиглаж байгаа компани гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Нүүрсний орд ашиглах лиценз авсан компаниудад овоолго үүсгээд орхих нь нийтлэг жишиг болсон. Шаталт сайтай том нүүрсийг нь сорчилж аваад, шаталт багатай, жижиг ширхэгтэй нь зүгээр л овоолоод орхичихдог. Энэ нь эргээд байгаль орчинд маш том хохирол учруулдаг жишээ олон бий. Адаглаад л дулааны улиралд шаталт явагдаж бэлчээр шатаах, эсвэл салхинд хийсээд хог болж хөглөрнө. Эрчим хүчний нүүрс илчээ алдах, хэрэггүй болох нь нэг жилийн асуудал учраас нүүрсний овоолгууд хамгийн хурдан чанараа алдаж хог болон хувирдаг гэнэ лээ.

Зэсийн үнэ өндөр болоход ашиглана аа гэж хүлээж суух боломжгүй гэсэн үг л дээ. Алт зэс, жоншийг нөхөн сэргээлт явуулах нэрээр очсон ганц нэг жижиг компаниуд хулгайгаар дахин ашигладаг ч бүрэн гүйцэд ашиглаж байна гэсэн үг биш. Гэтэл нүүрсний эдгээр овоолгыг дэлхий нийтээр эрчим хүч, бордоо, эм үйлдвэрлэх боломжийг олж хараад ширхэг ч тоос үлдээхгүй ашиглаж байх жишээтэй. Тавантолгойн нүүрсний ордод ч ийм зүйл байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тэд шаталт сайтай коксжих нүүрсний аль сайныг нь сорчлоод экспортолчихдог. 3000 ккал-оос дээш шаталттай нүүрсийг л олборлоно, эдийн засгийн эргэлтэд оруулна. Харин үлдсэнийг нь хэнд ч өгөхгүй. Тэгсэн атлаа ашиглахгүй. Овоолго болгоод орхичихдог. Яагаад гэвэл лицензийн эрх нь тэдэнд байгаа учраас орд газрынхаа баялгийг хэрхэн ашиглах нь дурын хэрэг болчихоод байгаа юм. Овоолж орхисон эрчим хүчний нүүрс нь хог болж үлдэх жишээний. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод Тавантолгойн ашиглахгүй байгаа нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулж эрчим хүч үйлдвэрлэх талаар оруулж, Тавантолгойн цахилгаан станц барихаар тусгасан ч улстөрчдийн хэрүүлээс үүдэж өнөө хэр үйлдвэр баригдсангүй.

Жилд 11 сая тонн нүүрс хог болж хувирдаг

Эдгээр жишээнээс харахад л овоолгоо эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин олон талаар хүлээлт үүсгэж байжээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдлыг чухам ямар шалтгаанаар онцлоод байгааг цөөн хэдэн энгийн жишээгээр уншигч таньд ойлгуулъя. 2014 оны байдлаар нүүрсний томоохон компаниуд 24.5 сая тонн нүүрс олборложээ. Гэтэл эндээс 13 сая тонныг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, харин үлдэгдэл нь буюу 11.5 сая тонн нүүрс овоолго болж хувирсан байгаа юм.

Хэрвээ ашиглалтын лицензтэй компанитай төр тохиролцоод үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл өөр нэг компанид өгчихсөн бол жилд бид 11 сая тонн баялгаа бид хог болгож хаяхгүй байлаа. Нөгөө талаар хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар үл нөхөгдөх ашигт малтмалын нөөц ашиглалт сайжирч, дахиж шинээр болон нэмэлт хайгуул хийх зардал буурч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Өнгөрсөн онуудад Монголд орж ирсэн уул уурхайн хөрөнгө оруулалтын 94 хувь нь хайгуулд зарцуулагдсан.

Өөрөөр хэлбэл, өмнөх баялгийг нь сэглэж орхичихоод дахиад өөрийг сэглэх ажилд л уул уурхайн компаниуд анхаардаг гэсэн үг. Хатуу боловч үнэн байдал ийм л байгаа. Хайгуул хийх зориулалтын тоног төхөөрөмж, зардалд л хөрөнгө оруулалт хийгдсэнээс биш олборлож эхэлснээ бүрэн ашиглах талаар орд эзэмшигч компаниуд сэтгэл гаргаагүй. Гуравдугаарт, үүсмэл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэдгээр ордод үйл ажиллагаа явуулах компаниуд нөөц ашигласны татвараа лиценз эзэмшдэг компанид биш улсын төсөвт төлнө.

Олборлосон алтаа хулгайгаар хойш урагшаа гаргах бус Төв банкиндаа тушаах боломж бүрдэнэ. Ингэснээр бид ашиглаж эхэлсэн ордуудаа бүрэн дүүрэн эдийн засгийн эргэлтэд оруулж, энэ хэрээр ажлын байр нэмэгдэх учиртай.  Дээр хэлсэнчлэн жижиг цахилгаан станц бариад эрчим хүч гаргаж авч болно. Жижиг үйлдвэрүүд байгуулж бордоо, эм, химийн бодис үйлдвэрлэх боломж нээлттэй байгаа. Дэлхий нийтийн нүүрсний олборлолт улам бүр л хумигдсаар байгаа. Тэр тусмаа коксжих нүүрсийн орд газар цөөрч байна. Энэ цагт алт, зэс, нүүрсний асар их ордтой Монгол Улс баялгаа зөв, бүрэн дүүрэн ашиглаж чадвал хөгжих боломж бүрэн харагдаж байгаа юм. Харин энд төрийн зөв бодлого л дутагдаж байжээ. Үнэгүйдсэн баялгаа ашиглах хуулийн төслийг УИХ хэр хурдан батлахыг олон ч компани, аж ахуйн нэгжүүд хүлээж буйг дуулгая.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Тогтох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.