УИХ-ын гишүүн О.Баасанхүү твиттер хуудсаараа дамжуулан "МАХН-д сайдын үнэ ханш хэд байдгийг илчилнэ" хэмээн жиргэжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нарын өргөн барьсан ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал нэгдсэн чуулганаар дэмжигдээгүй.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээлэл хийх үеэрээ "Н.Энхбаяр дарга Шадар сайд болохын тулд намынхаа үзэл баримтлалыг уландаа гишгэсэн" хэмээн мэдэгдсэн юм. "Шударга ёс" эвслийн хуралдааны үеэр Н.Энхбаяр ерөнхий сайдыг огцруулах саналаа татаж авахыг Г.Уянга гишүүнээс шаардсанаас гадна бүлэг дээр цөөнх болсон Л.Цог, О.Баасанхүү нарт арга хэмжээ авахаа мэдэгдсэн байдаг.
Түүнчлэн уг асуудлаас үүдэн О.Баасанхүү гишүүнийг бүлгээсээ хөөнө гэх мэдээлэл цацагдсан ч одоогоор "Шударга ёс" эвслийн бүлгээс албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа юм. О.Баасанхүү гишүүний хувьд сүүлийн саруудад бүлгийн хуралдаандаа огт суугаагүй бөгөөд бүлгийн дарга соль гэсэн шаардлагыг тавьснаар Н.Энхбаяртай түнжин муутай байгаа билээ.
Сэтгэгдэл