Монголын нүүрсний ганц гол гарц Гашуунсухайтын хилийн боомт үндсэндээ зогсонги, нүүрс гаргалт “О” зогсолт хийчихээд байгаа тухай мэдээлэл өчигдөр өглөөнөөс чих дэлсэв. Үнэхээр ч бодит байдал ийм байгаа аж. Хятадын талын тухайд 2018 оныг дуустал эх газрын боомтуудаар авах нүүрсний хэмжээгээ бууруулах тухай урьд нь мэдэгдсэн ч ингэтлээ “О” түвшинд хүргэнэ гэж хэлээгүй. Нөгөө талаас эх газрын боомтууд гэж онцолж байгаа болохоор далайн боомтуудаар нүүрс импортолсон хэвээр байх юм болов уу гэсэн эргэлзээг бас төрүүлж байгаа юм.
Цахим орчинд явж байгаа өөр нэг тайлбараар бол Хятад улс 2018 оны нүүрсний импортоо өмнөх жилийнхээс буюу 2017 оны түвшингээс хэтрүүлэхгүй байх зорилттой. Тэр хэмжээ нь давж биелсэн учир ирэх оны хоёрдугаар сар хүртэл нүүрсний импортоо зогсоож байгаа гэх мэдээлэл байгаа юм. Өнгөрөгч 9 дүгээр сард болсон “Coal Mongolia-2018” чуулга уулзалтын үеэр Хятадын талын эрх бүхий хүмүүс “Бид нүүрсний импортоо бууруулж байгаа ч сайн чанарын нүүрсэнд хангалттай зах зээл бий” хэмээн мэдэгдээд Монголыг өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийг сануулж байсан юм.
Ямартай ч 2018 оны тухайд тус улс нүүрсний импортоо 150 сая тн-оор багасгаж байгаа гэдгээ мэдэгдэж байв. Хэрэв тэр үед манай эрх баригчид, экспортлогчид ач холбогдол өгч асуудалд нухацтай хандсан бол өнөөгийн энэ нөхцөл байдлыг анхааруулж сануулж байжээ.
Нүүрсний импорт “О” зогсолт хийсэн энэ өдрүүдэд Гашуунсухайтын хилийн боомт газар дээрээ яг ямар нөхцөл байдалтай байгаа талаар тэндхийн эх сурвалжаас тодруулсанаа хүргэж байна.
-Өнөөдөр нүүрсний хэдэн машин хил гарав?
-Өнөөдөр өглөөгүүр 70 гаруй машин Монголын хилээс тамга тэмдэгээ даруулаад гарсан ч Хятадын хил гааль нэвтрүүлээгүй, одоогоор хоёр хилийн завсрын бүсэд байна гэсэн мэдээлэл байна.
-Өмнөх долоо хоногт өдөртөө 550-650 машин гарч байгаа гэсэн мэдээлэл байсан, хэдийнээс ингэж ганц ч машин оруулахгүй болчихов...
-Өмнөх баасан гарагт 500 гаруй нүүрсний машины татан авалт хийсэн. Гэтэл маргааш нь буюу хагас сайн өдрөөс эхлээд татан авалт хийхгүй байна.
-Энэ тухайгаа Хятадууд юу гэж тайлбарлаж байх юм?
-Нөгөө л өмнө нь хэлж байсан машинуудыг цахим карттай болгох, бүртгэлийн системээ шинэчилж байгаа гэх тайлбараа хэлж байгаа.
-Ирэх оны хоёрдугаар сар хүртэл Хятадын тал нүүрс имдортлохгүй гэсэн мэдээлэл цахим орчинд явж байна. Энэ тухай хил гааль дээр албан ёсоор яригдаж байгаа зүйл байна уу?
-Одоогоор энэ талаар мэдэгдсэн юмгүй. Хэрэв энэ асуудал үнэн бол бүр өндөр түвшинд л яригдаж байгаа байх. Хил гаалийн ажилтнуудын хувьд хэдийгээр машин гарахгүй байгаа ч бэлэн байдалд өөр өөрийнхөө ажлын байран дээр л байцгаана.
-Одоо хил дээр нүүрстэй машин аль хэр олон байна вэ?
-Хойшоогоо 90 км үргэлжилсэн цуваа байна. Тавантолгойн уурхайгаас машинууд шууд хил гарах эсвэл Цагаанхаданд буулгах гээд хоёр чиглэлээр ачилт хийлгэдэг. Цуваа бүр үүнээс ч урт байсан. Тэр дундаас Цагаанхаданд нүүрс буулгах 1000 орчим машиныг цуваанаас салгаж авч нүүрсний хашаанд оруулаад байна.
-Цагаанхаданд тэгэхээр нүүрсний нөөц хэр байна гэсэн үг вэ?
-Одоогоор нэг сая орчим тонн нүүрсний нөөц бий болоод байгаа.
-Хойшоогоо 90 км урт цуваа гэдэг маань хэчнээн машин гэсэн үг вэ?
-Нүүрсний нэг машин чиргүүлтэйгээ хамт 36 м урт болдог. Ингээд багцаалж тооцвол багадаа 2200-2300 орчим байж таарах байх.
-Замд дугаарлаж байгаа жолооч нарын байдал ямар байгаа бол?
-Мэдээж сайн байж чадахгүй. Сүүлийн хэд хоног их хүйтэрч байна. Энэ л жолооч нарыг илүү зутрааж байгаа байх. Нүүрсний том оврын машины паар нь кабинаа бгүрэн дулаацуулж чаддаггүй.
-Хоол ундны хувьд...
-Зам дагуу халуун хоол цай авах уу гээд Цагаанхадны жижиг тэргүүд байнга явж байдаг. Хамгийн хэцүү нь тэд хоолноос гадна архи согтууруулах ундаа нууцаар худалддаг. Үүнээс болж жолооч нарын дунд аваар осол, гэмт хэрэг гарах гээд байдаг сөрөг талтай.
М.Нэргүй
http://www.zaluu.com/read/2d1b066ec
Сэтгэгдэл