У.Хүрэлсүх гуай та энэ санжганасан дугуйгаараа хаа хүрэх нь вэ?


Монгол оронд 1990 онд ардчилсан хувьсгал ялж, Зүүн Европын орнуудад ардчиллын цөн түрж байхад олон хүн социализм коммунизм гээч юмнаас бүр мөсөн салах нь хэмээн итгэж найдаж байлаа. Учир нь тэр үед ард түмэн үнэхээр социализм коммунизм гээч үлгэр домгоос үнэхээр залхаад байсан юм.  Гэхдээ л тухайн үед хэсэг бүлэг хүмүүс хуучин коммунист намаа яаж ийгээд аваад үлдчих юм сан гэж чармайж явсан нь үнэн юм даг. Уул нь марксизм ленинизм гэдэг зүйл Монгол оронд зүгээр нэг ороод ирчихээгүй түүхийн ороо бусгаа цаг үед тохиолдлоор орж ирсэн үзэгдэл бөгөөд энэ нь Монгол улсын түүхийн салшгүй нэг хэсэг болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Хамгийн анх 1921 онд Монгол оронд тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөж, улс орноо хятадуудын савраас яаж аврах вэ гэсэн хэсэг хувьсгалчид санаа нийлэн арга буюу залуу Зөвлөлт орноос тусламж гуйхаар Их Орос улсыг зорин оджээ. Харин тухайн үед шинэ тутам байгуулагдсан Зөвлөлт засгаас Монголын хувьсгалчдад хандан "та бүхэн манай улсаас тусламж гуйж байгаа бол манай сургаалиар явах хэрэгтэй, та нарт үүнээс өөр зам байхгүй” хэмээн тэдэнд марксизм ленинизмийг хүчээр тулган хүлээлгэсэн бөгөөд үнэндээ тухайн цаг үед Монголын хувьсгалчдад үүнээс өөр зам байгаагүй гэдэг. Тийнхүү яван явсаар 1990 онтой золгож, Монгол улсад ардчилсан хувьсгал гарсан боловч, мөнөөх коммунист намынхны байр суурь хэв хэвээрээ оршин тогтносоор л байлаа.

Тус нам анх Д.Бодоо, С.Данзан зэрэг хувьсгалчдын үед Монгол ардын нам гэдэг нэртэй байгаад дараа нь Элбэгдорж Ринчино болон Зөвлөлтийн комминтерны даалгавараар Монгол ардын хувьсгалт нам гэдэг шинэ нэртэй болсон байдаг. Энэ нам өнгөрсөн зууны Монголын түүхэнд маш их үүрэг гүйцэтгэж, бас маш их олон хүний цусаар гараа угаасан түүхтэй нам гэдгийг түүх гэрчилдэг. Ямартай ч 1990 онд Монгол улс коммунист үзэл суртлаас татгалзаж, ардчилсан нийгэмд хагас дутуу шилжин орсон боловч өнөөг хүртэл энэ улс орныг хуучин коммунист угшилтай нам удирдан жолоодсоор байгаа нь туйлын харамсалтай юм.

Өнөөдөр МАН хэмээх энхүү коммунист нам үнэндээ Монголын улс төрийн орон зайд нэр нүүрээ бараад дуусч байгааг бид бүхэн харж байна. Эрх баригч МАН УИХ-д суудалтай улс төрийн томоохон хүчнийхээ хувьд Монгол улсын Ерөнхий сайдын суудалд өмнө нь УИХ-д сонгогдон ажиллаж байсан "топор” хэмээх хочтой У.Хүрэлсүх гэгч болхи эрийг саяхан томилсон билээ. У.Хүрэлсүхийн хувьд бол тэрээр өмнө нь цэргийн ангид алба хааж байгаад дараа нь улс төрд орж ирсэн хүн байдаг.  

Тэр үүднээсээ ч тэрүү өнөөдөр тус намыг зэрвэсхэн харахад хуучин Зөвлөлт засгийн анхны ажилчин тариачны люмпен пролетариуудаар эгнээгээ бүрдүүлсэн большевик намтай адилтган үзэж болох юм шиг санагддаг. Гэхдээ Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ярьж хэлж байгааг сонсоход маш их зөв зүйтэй юм ярьж байгаа юм шиг харагддаг боловч харамсалтай нь энэ хүн өөрөө өнөөх алдарт 60 тэрбумынхантай нэр холбогддог нь туйлаас үнэн билээ. Харамсалтай нь өдгөө түүний удирдаж буй МАН-ын ажил үйлс туйлын тааруухан байгаа ба нэг их удалгүй намд нь бугласан идээ бээр нь дахин зад тавих нь гарцаагүй гэдэг нь ойлгомжтой юм.  

Ямартай ч МАН-ынхан өнөөдөр авлига албан тушаалын наймааг цэцэглүүлэгч гэсэн нэр зүүсэн хүмүүсээр намаа удирдуулчихаад явж  буй нь тус нам яг л салж унах гэж байгаа нэг санжганасан дугуйг санагдуулаад байгаа нь үнэн билээ. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх гэдэг энэ хүн өнөөдөр МАН гэдэг энэ санжганасан дугуйгаа унаад хаа хүрэхийг хэнбугай ч мэдэхгүй бөгөөд магадгүй тэр өөрөө ч үүнийг мэдэхгүй гэдэг нь маргахийн аргагүй үнэн болчихоод байна.

Хорьдугаар зууны дэлхийн удирдагчдийн нэг Энэтхэгийн Ерөнхий сайд агсан Индира Ганди нэгэнтээ "Хүн төрөлхтөн өөрсдийн бүтээсэн түүхээсээ огт сургамж авдаггүй” гэсэн нэгэн мэргэн үгийг хэлсэн байдаг. Тэрээр энэхүү үгний учир утгыг тайлбарлаж хэлэхдээ "Хүн төрөлхтөнд түүх гэж гэж нэг гайхамшигтай багш байдаг, харин сурагчид нь даан ч найгүй” гэж хэлжээ. Энэ үгийг сонсоход нэг их сүрхий үг биш юм шиг санагдаж байж болох ч  үүн шиг үнэн үг дэлхий дээр хаана ч байхгүй юм. Өөрөөр хэлбэл түүх дахин давтагдах магадлалтай гэсэн үг. Хэрвээ 20-р зуунд коммунистуудын тарьсан гэм нүглийг хамаг монголчууд мартвал үнэхээр аймшигтай юм болно гэдгийг ард түмэндээ сануулахын тулд үүнийг бичив. Тийм учраас бид бүгдээрээ ядахнаа Баабар  гуайн хэлсэн ”Бүү март, мартвал мартвал сөнөнө" гэдэг үгийг санаж явахад илүүдэхгүй бөгөөд авлигач хулгайч нараар толгойлуулсан ийм этгээдүүд монголын төрд удаан хугацаагаар байгаад байвал энэ улс орны ирээдүй туйлын бүрхэг байх болно гэдгийг энд онцолж хэлмээр санагдлаа. 

 

Ж.Батдорж 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.