ЖДҮХС-аас нэг гишүүнд олгосон 900 сая төгрөгөөр Архангай аймгийн 45 ААН зээл авах боломжтой байжээ


Төрийн ордонд "ЖДҮ-ийг Жинхэнэ эздэд” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа нарын гишүүний санаачилгаар уг зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байгаа юм байна. Уг зөвлөгөөнд Жижиг дунд үйлдвэрлэлээс зээл авах хүсэлт өгсөн ч зээлд хамрагдаж чаддаггүй, жижиг бизнес эрхлэгчид чуулж, саналаа илэрхийлж байна.

-Багануур дүүргийн хувиараа бизнес эрхлэгч Энхтүвшин: 2015, 2016 онд ЖДҮ-ээс зээл авахаар удаа дараа хандсан ч барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй гээд хассан. Дараа нь дахиад очиход сонгон шалгаруулалт дууссан гэж хэлсэн. Ингээд ЖДҮ-ээс зээл авч чадаагүй учраас барьцаандаа таарсан эх үүсвэрийг арилжааны банкнаас авдаг. Хангалттай хэмжээнд банкнаас зээл авч чадахгүй учраас хувь хүнээс өндөр хүүтэй зээл авдаг.  Миний хувьд өмнөх өрөө дараагүй учраас дахиж зээл аваагүй, үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Өнөөдөр жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсийн нөхцөл байдал ийм л байна шүү дээ. Тиймээс хөнгөлөлттэй зээл авч юм хийе гэсэн сэтгэлтэй хүмүүст нь зээлийг нь өг л дөө. Жижиг дунд үйлдвэрлэл л ажлын байр бий болгож, иргэдийг орлоготой байлгаж байна шүү. Барьцаа хөрөнгө гэж дарамтлахын оронд хэчнээн ажлын байр бий болгож байгааг нь харгалзаад зээлийг нь өг л дөө. Өнөөдөр мөнгө хүүлэгчид жижиг дунд үйлдвэрлэгчдээр тоглож байна шүү дээ.

-МУИС-ийн профессор, эдийн засагч Б.Оюунтөгс:  Ганц ЖДҮХС ч биш төрийн бүх санг мэргэжлийн хүмүүст даатгах ёстой. Ганц яам, газар агентлагт хариуцуулах биш, мэргэжлийн ур чадвартай хүмүүст үйл ажиллагааг нь явуулах эрхийг олгох хэрэгтэй. Ингэж чадвал сангийн хөрөнгө жинхэнэ эзэддээ хүрч чадна.

Өнөөдөр нэг гишүүний хамаарал бүхий компани, иргэнд өгсөн 950 сая төгрөгөөр нэг аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих боломжтой  байсан. Жишээ нь, 900 сая төгрөгөөр ЖДҮ-ийн зээлд хамрагдах хүсэлт ирүүлсэн Архангай аймгийн 45 ААН, иргэнд зээлд хамруулчих боломжтой эх үүсвэр байсан байна. Учир нь, 45 зээлдэгчийн хүссэн санхүүжилт нь нийлээд 850 сая төгрөг болж байна. Сангийн хөрөнгө эзэддээ хүрж, эргэн төлөлт хэвийн явагдвал эргээд орлогоороо өргөжих боломжтой болно. Сангийн үйл ажиллагааг хөндлөнгийн аудитаар сайтар шалгаад явбал ирээдүй байна. Тиймээс өнөөдөр бодлого боловсруулагчтайгаа хамтран сантай холбоотой асуудлыг сайтар ярилцаж, одоо яригдаж байгаа хуулиудад тодорхой зохицуулалтыг хийх ёстой.

-Өвөрхангай аймгаас оролцож байгаа иргэн: Яг үнэндээ улстөрчид итгэхгүй байна. Хэн нь үнэн ярьж байгааг мэдэх юм алга. Гишүүд зээлд холбогдоогүй бол холбогдоогүй гэдгээ нотолмоор байна. Аудит оруулаад бүгдийг нь шалгуул. Үнэхээр үнэн сэтгэлээсээ ярьж, зүтгэж байгаа эрх баригчтай хамтран ажиллахад бэлэн байна. Үүнээс өмнө эрх баригчид бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй байна. Судалгаа байна уу. Жижиг дунд үйлдвэрлэгч гэн хэнийг хэлэх вэ гэдгээ нарийн тодорхойлж, тогтоомоор байна.

-Жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн: Жижиг дунд үйлдвлэлийн зээлийг жилд хоёр удаа тогтсон хугацаанд зарлаад нэгдсэн журмаар материалыг нь хүлээж аваад шалгаруулаад хийчихэж болдоггүй юм уу. Учир нь зээлд хамрагдах гээд материалаа бүрдүүлээд очихоор эх үүсвэргүй болсон, зээл олгоод дууссан гэсэн хариулт хэлдэг. Хэнд ямар зээл олгосон нь үнэхээр ил тод биш байна. Ил тод нээлттэй, шударга зохион байгуулмаар байна. 

-Lhomour брэндийн үүсгэн байгуулагч  Отгонжаргал: Манайх өнөөдөр 43 ажлын байр бий болгоод ажиллаж байна. Бид нарын цаана ханган нийлүүлэлт хийж байгаа хүмүүсийн ард олон хүн ажиллаж байгаа. Гэтэл энэ хүмүүс ЖДҮХС-аас зээл авч чадахгүй байна. Гэтэл  Жижиг дунд үйлдвэрээс УИХ-ын гишүүд, сайд нар холбогдсонд гайхаж байна. Нөгөө ёс зүй хаана байна вэ. Дээрээ ийм ёс зүй, ёс суртахуунгүй байхад доороо бид яах вэ. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд  цалингаа цагт тавьж, татвараа төлж байна. Гэтэл эрх баригчид нь татвар төлөгчдийн мөнгийг хувааж идээд сууж байгаа гутаж байна. 

 Жижиг дунд үйлдвэрийг дэмжихийн тулд эх үүсвэрийн дэмжлэгээс гадна төрийн тогтвортой бодлого маш чухал. Татварын бодлого уян хатан байх ёстой. Үндэсний үйлдэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжихийн тулд импортын зохистой бодлого хэрэгтэй байна ш дээ.

Зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөнөөс гарсан санал дүгнэлтээр УИХ-д шаардлага хүргүүлэх юм байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.