"АЗИЙН ХҮЛЭГ УЛС" -ЫН ТУХАЙ


 
Л.Оюун-Эрдэнийг би НАМЗХ-ны Ерөнхийлөгч, МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга, 

нарийн бичгийн даргабайхад нь хамтран ажиллаж байв. Харвардаас ирээд бичсэн "Азийн хүлэг улс" номыг нь уншаад номынх нь тухай бичмээр санагдсан билээ. Монгол уруудах уу, ухрах уу гэсэн салаа замын уулзварт байгаа энэ нөхцөлд "Азийн хүлэг улс" номыг уншихад гэмгүй гэж зөвлөе. 

Нэрнээсээ эхлээд л монгол үнэртсэн "Азийн хүлэг улс” хэмээх номыг уншвал айсуй жилүүдэд Монгол хэрхэн, яаж хөгжих юм бэ гэж эрхгүй эргэцүүлэхэд хүрнэ. Монголчууд ардчиллын гайхамшигт итгэсээр,зах зээлд хөл алдлаа ч итгэл найдвараа арай л гээчихэлгүй 25 жилийг туулав. Монголыг хөгжүүлэх өөр өөрийн "онцлогтой”, гэхдээ өнгө будгийн хувьд ялгарах аргагүй намуудад УИХ-ын зургаан удаагийн сонгуулиар саналаа өгч, долоо дахь удаагийн сонгуулийн босгон дээр ирээд байна.

Төрийн бодлогын дампуурал, алдаа завхралд хэрэв оргил гэж байдаг бол тэр нь энэ цаг үе байгаасай гэж олон хүн залбирч байгаа.

Харамсалтай нь өнгөрснөө оношилж, одоогийн бодит байдлаа хүлээн зөвшөөрч, ирээдүйд явах замаа зөв тодорхойлж чадахгүй байна. Ийм нөхцөлд арай нэг ахисан шинэ санаа, гарц гаргалгаа хэн хүний чихэнд сэртхийн буудаг бололтой."Азийн хүлэг улс”хэмээх Харвардын монгол төгсөгчийн эрдмийн ажлын хураангуй ингэж сэртхийлгэсэн бүтээлүүдийн нэг болж чадсан мэт санагдав. 

Номын зохиогч Л.Оюун-Эрдэнэ дэлхийн нэр хүндтэй сургуульд хоёр жил суралцахдаа Монгол Улс өөрийн өв соёл, түүх уламжлалаас хөгжлийн бодлогын сувд эрдэнэсээ хэрхэн шүүрдэх,түүнийгээ орчин цагийн үзэл онолтой хослуулан хөгжлийн тохирсон замаараа хэрхэн яаж урагшлах вэ гэсэн сэдвээр судалгаа хийжээ.Судалгааны үр дүнд Монгол Улс Ази тивдээ эдийн засаг, улстөрийн гол тоглогч болох боломжтой гэсэн гарц гаргалгааг ч хийсэн байна. Мэдээжэнэ сэдвээрээ эрдмийн ажлаа хамгаалсан.Асар том судалгааны материал учраас мэдээж Тэргүүн дэвтэрт бүгд багтаагүй.

Номын эхэнд 25 жилийн дараа буюу 2040 онд Монгол Улс Ази тивдээ хөгжлийн манлай улс болсон туршлагыг Харвардын лекцийн танхимд хэлэлцэж буй зөгнөлт мөрөөдлийг зохиомжлон өгүүлсэн нь хэлбэрийн хувьд ч,аливааг бэлгэшээн боддог монгол хүний онцлог сэтгэхүйн хувьдч сонирхолтой болжээ. Гэхдээ зөгнөл мөрөөдөл яагаад биелж болохгүй гэж?

Яагаад Монгол Улсөнгөрсөн 25 жилийн алдаагаа дахин давталгүй, дараагийн 25 жилд хөгжлийн манлайд хүрч болохгүй гэж...?

Номын "Доголон ардчилал” хэмээх Тэргүүн бүлэгт цөөн хүн амтай, асар их баялагтай улс орон маань яагаад хөгжих үү, улам бүр уруудах уу гэсэн салаа замын уулзварт зогсож байгаагийн хариултыг эрэлхийлжээ.

"Тулгын гурван чулуу”, "Төлөөлдөггүй төлөөлөл”, "Өнгөц эрх чөлөө”, "Хууль уу, хувь хүн үү”, "Талхан дээр түрхсэн масло”, "Төрсөн хүү популизм”, "Бороо эдийн засаг”, "Хүүхдийн зулай шиг дундчуул” зэрэг дэд гарчгууд дороостуулсан зам, замын төгсгөл дэх өнөөгийн бодит байдлын нүцгэн үнэнийг унших боломжтой. Ном энгийн хэллэгтэй,зүйрлэл адилтгалаар баян учраас тун уншууртай болж.

Зохиогч Дарамын Батбаяр багшийн шавь болж, "Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөнийх нь хэрэг энд гарсан бололтой. Улстөрчид, намууд бүгд дундаж давхаргыг бүрдүүлэх зорилт тавьдаг, эрх баригчдын зарим нь дундаж давхарга бэхжиж байгаа гэж ярьдаг ч нидэр дээрээ дунджуул гэгч огт өөр, бидний олонхийн зөвхөн төсөөлж явдаг сайхан амьдралтнууд болохыг эндээс мэдэж авах боломжтой.

"Түүчээ шувуу” хэмээх дэд бүлэгт улстөрчид, удирдагчид ямар байх ёстойг бичсэн байна.

Америк зэрэг хөгжсөн улс орнуудад их дээд сургуулиудын академик үнэлгээ улс орны бодлогыг тодорхойлогч гол хүчин зүйл болдог тухай, хараат бус хэвлэл мэдээллийн дэргэд судалгааны байгууллагууд ажилладаг тухай, харин энэ бүхэн Монголд огт байхгүйг сануулна.

Бид өөрсдийгөө төлөөлөх улстөрчиддөө өөрийн үзэмж, олны амаар л шалгуур тавихаас өөрөөр тогтсон шалгуур байхгүй. Гэтэл бусад оронд бодитой, тогтсон шалгуур үнэлгээ байдаг ажээ. Яах гэж улстөрч болох ёстой,УИХ-ын гишүүн болчихоод яагаад бодлого тодорхойлох үйл явцад оролцохгүй байж болохгүй тухай, улстөрчдийн эс үйлдэхүй гэж юу болохыг мэдье гэвэл "Азийн хүлэг улс”-ыг унших хэрэгтэй гэж зөвлөе.

Төрийн эрхийг барьж, улс орныг хөгжүүлж, ард биднийхээ амьдралыг өөд татах улстөрчиддөө бид маш хариуцлагагүй ханддаг, улстөрчид нь ч хариуцлага, шударга ёснытогтолцоо бий болгохын төлөө хүчин чармайлт гаргадаггүй юм байна.

"Өөрийгөө таниагүй үндэстэн өрөөлтэй өрсөлдөх чадамжгүй” хэмээх тодотгол бүхий "Цогтэрдэнэ” хэмээх гуравдугаар бүлэг.

Цогтэрдэнэ гэдэг нэрийг уншаад яагаад хүний нэрээр нэрлэчихээ вэ, их л сүрхий хүн байх даа гэж бодсоноо нуух юун. Гэтэл огт өөр, нэгэн төрлийн эрдэнэ гэнэ.

Зохиогчийн бичсэнээр хүн бүрт байдаг үл харагдах бэлгийн мэлмийг Цогтэрдэнэ гэх бөгөөд сэрэл мэдрэхүй, зөн совин, дотоод мөн чанарын тусгал аж. Чухам энэ мөн чанараа олж чадвал хөгжлийн чигийг тавих сууриа олж чадах ажээ.

Л.Оюун-Эрдэнэ монголчууд уг мөн чанараа эртний нүүдэлчдээс, эзэн Чингисийн төрт ёсны их ухаанаас олох ёстой гэж үзэн, судалгааны ажлаа энэ чигт тун дорвитой хийсэн бололтой. Даяаршиж буй дэлхий ертөнцөд дотоод мөн чанараа хадгалж үлдэх нь улс орнуудын хувьд цөм асуудал нь болсныг энд мөн өгүүлжээ.

Дэлхий бидний түүхийг гадарладаг ч өнөөдрийн Монголыг "Mongolian Barbecue” гэхээс хэтэрч төсөөлдөггүй гэх хатуу боловч үнэн үг, зүйрлэл, адилтгал номонд олон. 

Дэлхийн 80 гаруй орны оюутан залуус, судлаач эрдэмтэдтэйхамтран хэлэлцэж,чиг шугамаа алдалгүй судалсаар монгол судлаач маань эрлийн үзүүрээ ямар ч байсан атгаад авсан гэнэ. Монголын онцлогтойхөгжлийн загварыг гаргасан нь хүний газраас эрдэм өвөрлөн ирсэн Л.Оюун-Эрдэнийн хувьд маш том олз.

Түүний судалгааны бүтээлийг тэр чигээр нь авахгүй юмаа гэхэд маш олон санаа, оноог өгч, хамгийн гол нь урсгалаараа, ямар нэгэн судалгаа, шинжилгээгүй цаг алдаад яваад байж болохгүй гэдэг сэдлийг өгч буйгаараа олзуурхам.

Улстөрийн намууд, судалгааны байгууллагууд, их дээд сургуулиуд хэнд ч болов гарын авлага болохуйц бүтээл гэдгээрээ бас онцлог.Харвард төгссөн хүний судалгааны хураангуй учраас гадаад улс орнуудын жишээ,гадаад багш, оюутан, улстөрчдийн нэр олон гарна. Гэхдээ эхэнд өгүүлсэнчлэн нэр, номын хавтаснаас эхлээд бичлэгийн өнгө аяс, үг хэллэг, дотоод мөн чанартаа тэмүүлсэн эрэл хайгуул бүхэн нь нэг л тийм монгол үнэртэй.

Харь оронд суралцаад ирсэн хүмүүстээ бид харийн соёлыг тээгчид хэмээн гадуурхангуй ханддаг нь нууц биш. Зарим нь ч үнэхээр Монголын үнэрээ гээгээд ирэх нь бий. Харин Л.Оюун-Эрдэнэ сурсан мэдсэнээ харьцуулж, эргээд эх орныхоо мөн чанарт өнгийснөөрөө ялгаатай байна. "Азийн хүлэг улс” номонд шог зураач С.Цогтбаяр хамтран ажиллаж, зургийг нь зуржээ.

Тархийг дээш түлхэж буй нүцгэн хүн, үндэсний компани дээрээ гишгэчихээд брэнд хайж буй монгол хүн, Будда, Исүс хоёр булаацалдаж буй монгол хүү гэх зэрэг нэн сонирхолтой олон зураг номонд бий.

Номын өмнөтгөлд С.Цогтбаяр "...Ямар ч өвчний эдгэрэх хамгийн гол үндэс зөв онош. Миний нэг олзуурхсан зүйл нь энэ номноос бидний өвчний онош болоод эдгэрэх аргын талаар зоригтой дэвшүүлсэн санаануудыг олж харсанд байгаа юм” гэхчилэн бичсэн байна."Гурван сая хүний амьдралыг өөрчлөх нь нэг тэрбум, эсвэл 250 сая хүний амьдралыг өөрчлөхөөс илүү хялбар. Гагцхүү эдийн засгийн жам ёсны тогтолцоог л бүрдүүлэх хэрэгтэй" гэж Л.Оюун-Эрдэнэ ярьж байгаа. Юутай ч улстөр, эдийн засгийн амьдралд ойр байдаг, ерөөс Монгол орныхоо хувь заяанд санаа зовдог хэн бүхэн"Азийн хүлэг улс”-ыг уншаад үзэхэд гэмгүй. Тэр бүр санал нийлэхгүй байж болох ч энэ бол эрдмийн ажлын хураангуйлал учраас зүгээр нэг зохиогоод биччихсэн бүтээлээс ялгаатай.

Т.Бүдээхүү

 

"АЗИЙН ХҮЛЭГ УЛС" -ЫН ТУХАЙ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.