Шри-Ланкын хойд нутгийн Калутара хотод 43 настай монгол эмэгтэй бусад дөрвөн этгээдийн хамт өндөр үнэтэй үнэт чулуу хулгайлсан хэргээр баривчлагджээ. Тэрбээр хоёрдугаар сарын 22-ны өдөр эрдэнийн чулуу олборлолтоороо алдартай Ратнапура мужаас чулууны худалдаачныг чулууг нь өндөр үнээр авах хүнтэй танилцуулна хэмээн хууран, Калутара хотод нэгэн дэн буудалд авчирсан байна. Тэднийг ирээд удаагүй байхад өөр дөрвөн эрэгтэй хамсаатан нь орж ирэн худалдаачнаас эрдэнийн чулуунууд, машин, бэлэн мөнгийг нь дээрэмдэн авч оджээ.
Цагдаа нарын үзэж байгаагаар, сэжигтнүүдийн ард тус хотын томоохон гэмт бүлэглэлийн гишүүн Матугама Шан гэгч байгаа аж. Тэднийг шүүх хурал өчигдөр /2019.03.12/ болсон ба одоогоор өөр дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа юм. Гэмт этгээдүүд хохирогчоос гурван төрлийн үнэт чулуу, автомашин, 720 ам.доллартай тэнцэх бэлэн мөнгө, 10 мянган ам.долларын мөнгөний чек зэргийг дээрэмдсэн ба нийт хохирлын хэмжээ 93 мянган ам.доллар болжээ.
Н.Амгалантуул
Эх сурвалж: www.hirunews.lk
Сэтгэгдэл