“Говь” ХК-ийн бохирын худагт 18 настай ажилтан нас баржээ


“Говь” ХК-ийн бохирын худагт 18 настай ажилтан нас баржээ

Долдугаар сарын 23-ны өдөр "Говь" ХК-ийн сантехникийн засварчин ажилтай 18 настай Л гэх залуу тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан.  Тус компанийн удирдлага өглөөний 10:30 минутын үед түүнд "Говь" ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүрэг өгсөн байгаа юм. Харин талийгаач Л нь бохир соруулахаар муу усны худагт ажлын хувцас хэрэглэлгүй орсон аж. Улмаар муу усны худагт орсноосоо хойш гарч ирээгүй тул хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь харьсан эсэхийг тодруулснаар эрлийн ажиллагаа эхэлсэн байдаг.

Бохир соруулах үүрэг өгч оруулснаас хойш ажилтан нь оройн 23 цаг болсон ч гэртээ ирээгүйг байгууллагын нэг ч хүн нягталж, тодруулж асуугаагүй. Тэр ч бүү хэл хүүгээ хайж талийгаачийн ээж "Говь" ХК-ийн үйлдвэр дээр ирсэн ч дотогш нэвтрүүлээгүй байна.

Талийгаачийн ар гэрээс ээж, эгч нар нь ирж шаардлага тавьсаны эцэст оройн 23.00 цагийн үед хяналтын камерын бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан. Иймд Онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөнөөр аврагчид хэргийн газарт ирж, лаганд хуримтлагдсан бүх бохирыг соруулан авч, залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед гарган авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Цагдаагийн байгууллагад анх дуудлага мэдээллийг талийгаачийн эгч өгсөн бөгөөд тэрээр “Манай дүү Говь ХК-ний муу усны худагт ороод нас барсан байна хэмээн хэлсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж шалгахад талийгаачийг онцгой байдлын алба хаагчид лагаас татан гаргасан байсан аж. Лаганд унаад нийтдээ 14 цаг байсан амь хохирогч 18 настай Л –ын цогцос лагын шахах хэсгийн сэнсний хажуунаас олдсон байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.