Ай Төмөр-Очир
Урвагчдын тухай хэдэн үг хэлье. Би зарим намын хурал дээр ч хэлсэн. Ер нь МАНАН гэдгийг хамгийн товчоор хэлэхэд, Эх орноосоо урвагчид гэж ойлгож болно. Ард түмний, улс орны эрх ашиг байхгүй. Үр хүүхэд, хань ижил, гэр бүлийн тоглолт хийгээд явчихдаг. Өнөөдөр өөрсдөө хэлээд байна шүү дээ, 20-30 гэр бүл Монголыг мэрж яваа шүү гээд. Оюутолгой, алт эрдэнэс, Дубайн гэрээ гэхчлэн ийм л юмыг ярьдаг. Өнөөдөр хүний амьдрал, нийгмийн асуудал, цалин нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох тухай юу ч ярьдаггүй. Эрүүл мэндийн салбар л гэхэд гарын шүүр, нүүрийн хир болоод удаж байна.
Ард түмнийхээ эрүүл мэндийг анхаарахгүйгээр тэднийг баян байлгана гэж байхгүй. 1932 оны Шинэ эргэлтийн бодлогоор П.Гэндэн гэж бүдүүлэгдүү гэмээр улстөрч гарч ирж Монгол Улсын Ерөнхий сайд болсон. Сахал Сталиныг трупыг нь хуга алгадаж байсан аавын хүү. Ийм цөстэй, зоригтой, ард түмнийхээ төлөө аавын хүү хэрэгтэй байна. Тэр хүнийг хазаар гүйлгэдэг гэхэд нь Хичээнгүй Ерөнхий сайд "Харин тэр тусмаа Монголд элэгтэй хүн байна” гэж хэлсэн байдаг.
Гэтэл өнөөдөр нам нэртэй бүлэг хулгайч төрд гарч, идээ бээр болоод, сүүлдээ МАНАН болж сонгуулийн хуулиас эхлээд бүх хуульдаа танай, манайгаа ч больж багцлаад л. Тэнд байгаа сонгогчид яахав, ард түмэн гэж юу билээ гэдгийг үл тоож байна. Хэрэглэгчид хаан гэдэг, гэтэл сонгогчид хэн ч биш юм байна. Хамуутай хурга, ишигнээс дорд үзэж байна. Энэ бол улс төрийн мансуурал. Сая улс төрийн 10 нам нийлж, нэг эвсэл болж сонгуульд орж байгаа гэж мэдээлээд байна, МАН, АН. Энэ нэг талдаа өөрийгөө гоё болж байна гэж хэлээд байх шиг байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин саяхан Сирид байлдаж байсан залуу дайчинд Улсын баатар цол өглөө. Өөр дээрээ гал дуудсан.
Жинхэнэ баатарлаг үхэл энэ. Түүн шиг АН өнөөдөр өөр дээрээ гал дуудчихаад байна. МАНАН-гаас салахын тулд ганцхан бөмбөг хаяхад газрын хөрснөөс арчихад бэлэн байна. МАН ч өнөөдөр эз нь хатгасан уу, аз нь дуудсан уу, урвасан, шилэн хүзүүгээ харуулсан, бөгсөө өгсөн хулгайч нараа бүгдийг урин дуудаж, буцааж авлаа. Улс төрд ийм "янхан” зан олигтой үр дүн авчрахгүй дээ. Үүнийг захын чавганц ойлгоно. Энэ бол МАНАН газрын хөрснөөс арчигдахын цондон. Залуу намууд, бусад улс төрийн хүчин баатруудааа илгээх хэрэгтэй. МАНАН-гийн эсрэг золиослогдож, зүрхээ зүсч, элгээ ураад гараад ирж байгаа аавын хүүхдүүд байвал энэ бол баатрууд. Өнөөдөр нийгмийг ажиглавал:
Эх орончдын элэг уранхай
Эхээсээ төөрсөн гөлөг туранхай
Цөстэй аавын хүүхдүүд цөөхнөөс цөөхөн
Цөөвөр чононууд харин тарганаас тарган
ийм цаг үе иржээ. Тиймээс өнөөдөр элгээ урсан аавын хүү жишээ нь, Сэлэнгэ рүү ганц С.Баярцогт зодоглохгүй биз дээ, түүний эсрэг очиж л байгаа. Тэд бол баатрууд. Суманд оногдохоос айхгүй Александр Матрасов шиг өөр дээрээ гал дуудсан сайхан аавын хөвгүүд Монголд тасрахгүй. Ард түмний заяа буян хаяагүй бол өнөөдөр эх орон орших уу, эс орших уу гэдэг дээрээ болчихсон байна. Монгол Улс 50 сая толгой малтай гэдэг, энэ байхгүй хүний мал.
Монгол хүн харж байгаа, харийн хүний хармааны олз. Ийм болоод нөхцөл байдал хүнд байна. Арван хүн арзаганаад, хорин хүн хорхойсоод улс төр болдоггүй юм. Урвагч, бялдуучид гэж юм байдаг. Өнөөдөр урвагч, бялдуучид л нохойн сүүдэрт нуугдаж, гахайн хоол горьдож нийгмийг бузарлаж байна. "Эр бярууг дөрлө, тэр бялдуучийг өрлө” гэж би бичсэн. Зарим нь албан тушаал, алдар цолоор шагнуулсан л байх. Аваа өгөөний дэгээнд өлгөгдсөн л биз.
Авгайгаагаараа шагнасан нь ч байдаг л гэсэн. Эх орон ингэж эцэж байхад, улс гүрэн ингэж унаж явахад миний зохиолч нөхөд, сэтгүүлч нөхөд хаа байна, харамсалтай байна. Дуугараач, эх орон минь эрлэгт дуудагдаж байхад, харахгүй, сонсохгүй байна уу? Та нарын дуу хоолой уг нь тасын жигүүртэй, бүргэдийн хүчтэй хэмээн ард түмэн хүлээж байна.
Сэтгэгдэл