Ирэх жилийн төсвийн төслийг УИХ хэлэлцэж эхэллээ. Сонгуулийн өмнөх жилийн төсөв ийм байдаг даа гэсэн бодол төрөхөөр тоонууд дурайж байна, ирэх жилийн төсвийн төсөл дээр. Сангийн яам ирэх жил эдийн засгийн өсөлт наймаас зургаан хувь бууна гэж таамаглажээ. Эдийн засгийн өсөлт ингэж саарна гэвэл 2020 онд бизнесийн идэвхжил өнөө жилийнхээс сул, зээлийн өсөлт, валютын дотогшлох урсгал, төсвийн орлогын өсөлт бага байж таарна. Яаж ч сэтгэсэн, ямар ч логикоор бодсон энэ бол тов тодорхой асуудал. Гэтэл Ч.Хүрэлбаатар сайдын өргөн барьсан төсвийн төсөлд бүгд эсрэгээрээ байна. Сангийн яамны тооцсоноор 2019 оны батлагдсан төсвөөр тэнцвэржүүлсэн төсвийн орлого таван хувиар өсч байхад 2020 онд 22 хувиар өснө гэчихэж. Эдийн засгийн өсөлт саарна гэсэн дүгнэлт хийчихсэн хэрнээ төсвийн орлогыг огцом өсгөх тоо тавиад ороод ирснийг ямар ч эдийн засагч зөв тооцоо гэж хэлэхгүй. Ханиад хүрээгүй хүн таван км тасралтгүй гүйдэг байлаа гэж сэтгэе. Ийм байтал ханиад хүрсэн хойно нь “Та ханиад хүрчихээд 22 км гүйдэг болно шүү” гэсэнтэй агаар нэг ойлгогдоод байх юм. Төсвийн мөнгө гэдэг бол иргэдийн, компаниудаас хурааж авсан татварын мөнгө. Өөрөөр хэлбэл төрийн биш нийтийн мөнгө. Ч.Хүрэлбаатар сайд нийтийн мөнгөн дээр хариуцлагагүй, хайнга, үл тоосон хандлага гаргаж, татварын мөнгийг дураараа цацахаар шийдсэнээ ирэх оны төсвийн төслөөр ил тод зарлачихлаа.
Нүүрс, зэсийн буянаар эдийн засаг дажгүй яваа энэ жилийн тухайд татварын орлого таван хувь өсөх тооцоо байсан. Гэтэл эдийн засаг эрс хэцүүдэхээр байгаа ирэх жилийн татварын орлогыг 24 хувиар өснө гээд таамаглачихаж. Тэнгэр харж байгаад хүслээ бичиж суугаа хөөрүү залуу шиг харагдаад байх юм, Сангийн яамныхны энэ тооцоолол. Түрүү жилийн яг өдийд эрх баригчид өнөө жилийн төсвийг хэлэлцэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг гурван хувиар, хувь хүний орлогын албан татварыг таван хувиар буурна хэмээн баталж байж. Өөрөөр хэлбэл, өнөө жилийн татварын орлогын тооцооллыг 2018 оныхоос багасна гэж тооцжээ. Гэтэл ирэх жилийн төсвийн төсөл дээр тэс хөндлөн тоо ороод ирэх юм. 2020 онд сая хэлсэн хоёр татварын нэг нь 49 хувь, нөгөө нь 18 хувиар өснө гэсэн тэнгэрийн тоо төсвийн төсөл дээр дурайж байна.
Хэзээ ч биелэхгүй буруу тооцоо гэдгийг эдийн засаг муухан гадарлах хэн ч хэлчихнэ. Эдийн засагчид 2020 онд хямарч болзошгүй гэж анхааруулаад байхад аж ахуйн нэгжүүдээс төвлөрдөг татварын орлогыг бараг 50 хувиар өсгөх юм гэнэ. Хувийн компаниудыг дээрэмдэж хөрөнгийг нь хураадаггүй л юм бол биелэхгүй тооцоо. Жаахан эрүүл сэтгэдэг хэний ч ухаанд багтахгүй бодол. Товчхондоо Сангийн яам ирэх онд эдийн засгийн идэвхжил, ДНБ-ий өсөлт саарна гэсэн атлаа татварын орлогуудыг суга суга өснө гэж тооцоод УИХ-ын хэлэлцүүлэгт оруулаад ирлээ. Ингэж тэнгэрийн тоо тавьж, улайрч суугаагийн цаад учрыг ирэх жил аймгуудад хийх хөрөнгө оруулалтаас түвэггүй харчихаж болохоор байна. Шуудхан хэлэхэд Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр төсвийн мөнгөөр хийх хөрөнгө оруулалтын бараг дөрөвний нэгийг өөрсдийнхөө тойрогт буюу Увс, Хэнтий аймагт хуваарилчихаж. Төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтыг Ерөнхий сайдын аймаг тэргүүлж явна. Төсвийн мөнгөөр хийх нийт хөрөнгө оруулалтын 17.6 хувийг гүйцэтгэх засаглалын тэргүүний аймаг авах нь. Ерөнхий сайд Хэнтийд төсөвлөсөн мөнгийг батлуулахын төлөө гараа өргөж, бүхнийг хийх нь тодорхой. Дээр нь бараг Ерөнхий сайд шахуу нэг нөхөр бий. Тэр нь ЗГХЭГ-ын дарга Д.Оюун-Эрдэнэ. Хэнтийд хуваарилсан их мөнгө, бүр тодруулж хэлбэл иргэд, компаниудаас цугласан татварын мөнгөний 16 гаруй хувь цементээр цутгасан Чингис, Боорчийн хөшөө болоод дуусах биз.
Сангийн сайд ч тойрогтоо ихэд анхаарчээ. Увс аймагт төсвийн нийт хөрөнгө оруулалтын 6.1 хувь ногдож байна. Увс аймагт хаягласан тэр их мөнгө батлагдахад мөн л асуудал байхгүй. Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Увсынх болохоор ногоон гэрлээр батлагдаж таарна. Дэлхийн бүх мөнгийг жүүдүүд мэддэг гэдэг шиг Монголын бүх мөнгийг Увсууд мэдээд байгаа юм биш үү. Ер нь тэгээд ирэх оны төсөв эдний л эрх ашгийн төлөө батлагдахаар болчихож. Хэтэрхий эрээ цээргүй, улаан цагаандаа гарсан хэрэг гэдгийг нийт олноороо хараад сууж байна. Иргэдийн санаа бодол, түмний хүсэл зорилгыг үл тоосон увайгүй үйлдэл, хандлагадаа дасч орхисон дээдсүүд “Бид бүх л аймагт тэгш хандсан” энэ тэр гээд элдэв тайлбар хэлж, мугуйдлах нь тодорхой л доо. Ер нь ч тэгнэ. Иймэрхүү худлаа дэмий тайлбар хэлэх гээд үгээ бэлдэж суугаа эрхмүүдэд нэг л үг хэлье. Хамгийн бага хөрөнгө оруулалттай аймгийг тогтоод нэг харчихаарай. Даалуу тоглоод ч билүү хуралдаа суудаггүй нэг гишүүнтэй, бараг УИХ-д төлөөлөлгүй ч гэж хэлж болох Дундговь аймагт ирэх жилийн төсвийн мөнгөнөөс бараг л хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Төсвийн мөнгөөр хийх хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 0.3-хан хувьтай тэнцэхүйц мөнгө Дундговьт хаяглагдсан байгаа. Ганц сумын клуб ч засч хүрэхгүй мөнгийг бүхэл бүтэн нэг аймагт хуваарилчихаад “Бид бүгдэд тэгш хандсан” гэж тайлбарлаад суух бас л халуун шүү. Ил цагаан тохуурхал гэж үүнийг л хэлнэ. Тодруулж тайлбарлаж хэлбэл, МАН УИХ-ын гишүүний суудал авахгүй аймагтаа хүйтэн хөндий хандаж, суудал авах нь бат нот аймгууддаа хайр зарлаж халгиж цалгижээ. Ирэх онд төсвийн мөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалтаас энэ хандлага нь тов тодорхой харагдаж байна. Зүй нь аймгуудад хийх хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжлийн индекс энэ тэрийг нь харж байж хуваарилах учиртай. Харамсалтай нь ирэх оны төсвийн төсөлд ингэж зөвтгөж харахаар гялтайх хуваарилалт алга.
Манай Сангийн сайд ирэх оны төсөвт цуглах татваруудаа жигтэйхэн өөдрөг төсөөлж, мишээсэн шигээ суугаа энэ өдрүүдэд олон улсын байгууллага ирэх жилийн татварын орлогыг хэрхэн төсөөлж байгааг сонирхъё. ОУВС 2020 онд татварын орлого, ААНОАТ орлого, хувь хүний орлогын татварын орлогыг маш багаар өснө гээд төсөөлчихсөн. ОУВС-тай бүх тоогоо нийлж, хамтраад хөтөлбөр хэрэгжүүлж яваа гэх атлаа тэднээс эрс зөрсөн, агаарын хөөсөрсөн тоонуудыг УИХ-аар батлуулах гэж улайран суугаа Сангийн яамыг хардах хоёр үндэслэл байна. Эхний хардлага нь тодорхой. Төсвийн төлөвлөлт, төсөөллийг сонгуульд зориулж хийсэн гэчихэд хэтрүүлсэн хардлага болохгүй. Арай эерэгээр харъя гэвэл бодитой төсөв хийх чадваргүй гэж дүгнэж болох юм. Товчхондоо ирэх жил түүхэндээ анх удаа илүү өндөр орлого олж, түүхэнд хэзээ ч тохиогоогүй 14 орчим их наяд төгрөгийн зардал гаргана гэсэн Сангийн яамны тооцоо хэтэрхий худлаа сонсогдоод байна. Улсын төсвийн энэ буруу, алдаатай тооцоо 2020 онд эдийн засагт том эрсдэл авчрах аюултай. Эдийн засаг уруудахад хамаг хүнд ачааг данхар төсөв баталсан улстөрчид биш иргэд, компаниуд л үүрдэг нь өнгөрсөн жилүүдэд нотлогдсон үнэн.
Дэлхийн эдийн засаг суларч, Хятадын эдийн засаг саарч, экспортын орлого цаашид өсөх бус, буурах эрсдэл нэмэгдэж, хөрөнгө оруулалтын орчин муудаж болзошгүй таамаг голлож байгааг хэн хүнгүй мэднэ. Нөхцөл байдал ийм сөрөг байхад Сангийн яам “Манай улс урьд өмнө олоогүй мөнгөө халаасалж, хэзээ ч үрж яваагүй их мөнгө зарлагадна. Хоёр их наяд орчим төгрөгийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр гацахгүй” гэж мэдэгдэж суугаа нь яаж ч бодсон ойлгож хүлээж авахааргүй дэндүү муйхар, хэт улайрсан хандлага.
Ц.Баасансүрэн
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл