Өнөөдөр Монголын баячуудын ихэнх нь нийгмийн баялаг огт бүтээж үзээгүй, 10 болоод 20 хүнийг цалинжуулж бол бүүр ч байгаагүй цагаан гартай хүмүүс гэдгийг бид бүгд мэддэг болсон. Мэдээд ч зогсохүй тэдгээр цагаандаа гарсан дээрэмчдийг үе удмаар нь үзэн ядаж, нийтээрээ зүхэж занах боллоо.
Тэдгээр цагаан захтнууд нь 1990 оны эхээр өмч хувьчлал нэрээр арт түмэнд ягаан, ногоон тасалбар нэртэй хоосон цаас тарааж яг л цэцэрлэгийн хүүхэд шиг хуурсан. Энэ үед өөрсдөө улсын хамаг барилга байшин, үйлдвэрийг хувааж авч зашсан.
Ингэж нийгмийн баялаг хэдхэн хүний гарт хуримтлагдсан.Гуч шахам жилийн өмнө Монголчуудын хүсэн хүлээсэн ардчилал нь өнөөдөр цөөн тооны баячуудын олигархи засаглал болон хувирчээ. Энэ нь Монгол орон шиг аж үйлдвэр гавьтай хөгжөөгүй улсад иргэд нь ядуурах нь гарцаагүй болж өнөөдөр нийт иргэдийн 70 хувь нь буюу 2 сая 100 мянга орчим иргэн ядуу амьдарч байна.
Мэдээж цагаан гартнуудын хувьд эрх мэдэл, эд баялгаа хадгалж үлдэх нь хамгийн чухал учир тэд ард түмнийг ажилгүй, орлогогүй,туйлын ядуу байлгахыг эрмэлзэж ирсэн нь нууц биш юм. Тэдний зорилго ч биелэлээ олж өнөөдөр олсон.
Ажилгүйдэл гэдэгт огт ажил хайхгүй биеэ оторлон дэмий сууж байгаа хүнийг ажилгүй хүний тоонд албан ёсоор оруулдаггүй. Харин уйгагүй ажил хайсан хэдий ч ажил олдохгүй байхыг ажилгүйдэл гэнэ. Ингэснээр хүн хэрэгцээтэй зүйлээ авах боломжгүй болж сэтгэл санаа нь хямарна, сэтгэлээр унаж архи ууна, цаашлаад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх муу талтай юм. Энэ бүхэн хэнд ашигтай вэ гэдгийг та нар надаар бичүүлэлтгүй мэдэж байгаа.
Тиймээ тэдний хүсэл биелэлээ олсон. Монголд ажилгүйдэл гаарч ажил хайгаад ч олдохгүй иргэд санаагаар унаж эр эмгүй архинд живж байна. Ядаж архины үйлдвэр нь, архи зардаг дэлгүүр нь арван алхам тутамд нэг таарах жишээтэй. Мөн хоёр гуравхан улсын эмнэлгүүдээр нь өвчинд нэрвэгдсэн иргэд нь дүүрэн дугаарлаастай. Энэ бүхэн зориуд зохион байгуулалтай ажил мэт санагдах боллоо. Гэвч дарга нар иргэд залхуудаа ядуу байна. Барилга, зам засварт ажил хийх хүн олддоггүй гэдэг. Яг үнэндээ Монголын дийлэнх ажил олгогчид амалсан цалингаа өгч чаддаггүй, худалч, хулхичууд болчихсон. Хүний хөдөлмөрийг үнэлж мэддэггүй, хамгийн бага цалингаар хамаг ажлаа хийлгэхийг л санаархдаг. Дээр нь илүү цагийн хөлсний тухай ярих ч юм биш. Түүнчлэн "Шуурхай зар”, "Зар мэдээ” зэрэг сонинд нийтэлсэн ажлын зарын тал нь маш бага цалингаар бусдын хөдөлмөрийг мөлжих гэсэн байгууллагууд л зар тавьдаг гэхэд хилсдэхгүй.
Тэгэхлээр залуус залхуудаа ажилгүй, амьдралгүй, архичин болоод байгаа зүйл огт бишээ. Тэдэнд ажил олдохгүй, олдсон ажил нь хөдөлмөрийг хангалттай үнэлэхгүй байна. Гэтэл манай залуус хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг гадны оронд гайхагдаж байгаа гэдгийг цагаан гарт дарга нарт хэлчихье...
Сэтгэгдэл