Ажил хийвэл ам тосодно, гар хөдөлбөл ам хөдөлнө гэдэг зүйр үг утгаа алджээ. Харин, бидний гар хөдөлбөл дарга нарын ам хөдөлнө, бид ажил хийвэл дарга нар ам тосодно гэвэл онохоор болж Ямар xapгиc, хүнээ боддоггүй, хүйтэн хөндий удирдлага дор бид амьдарч байгаа юм бэ.
Гомдмоор…
Ийн гомдоллох хамгийн тод бөгөөд хангалттай үндэслэлтэй жишээ нь одоо ид яригдаж буй нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл.
ХАМГААЛАЛТГҮЙ ДУНДЖУУДЫГ ХАВХАНД ОРУУЛАХ ДАРАМТ
Олон улсын валютын сан 2016 онд манай улсыг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хамруулахдаа төсвийн орлогоо нэмэгдүүлэх эх үүсвэр олохыг зөвлөсөн.
Ингэхдээ олон улсад ашигладаг өв залгамжлалын болон үл хөдлөх хөрөнгийн татварыг шинээр бий болгох нөхцөл танай улсад хэдийнээ бүрджээ хэмээн сануулсан байдаг.
Харин манай эрх баригчид үүнийг нь сонссон ч сонсоогүй дүр үзүүлж, нүдээ анин чичирсээр хадгаламжийн хүүгийн орлого, суудлын автомашин, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг долоон төрлийн татвар нэмэгдүүлэхээр болсон. Анзаарав уу.
Үл хөдлөх хөрөнгийн болон өв залгамжлалын татвар дээд давхаргынханд, тодруулбал, улс төр, бизнесийн чинээлэг эрхмүүдэд илүү хамаатай.
Харин бусад нь өөрийгөө хамгаалах эрх мэдлийн болон хөрөнгө санхүүгийн чадамжгүй, ганц л эвгүй гишгэвэл ядуурал хэмээх ангал руу нисэхэд бэлэн, олсон дээгүүр бэхэлгээгүй алхагчтай төстэй дундчуудын халааснаас гарах татвар, шимтгэл. Эрх баригчид мөрийн хөтөлбөр дэх “Татвар нэмэхгүй” гэх амлалтаа зөрчин байж шийдвэр гаргахдаа ингэж хандсан байдаг.
Энэ нь бидэнд хэрхэн нөлөөлж байна вэ. Нэгэнт ярьж эхэлснийх, хөдөлмөрийн хөлсөөрөө амьдралаа залгуулдаг дундчуудад хамгийн их хамаатай нийгмийн даатгалын шимтгэлээр жишээ авъя.
Энэ парламентаас 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг батлахдаа нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд мөн хоёр хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнийг тухайн үед хэвлэлүүд, үйлдвэрчний эвлэлийн байгууллага ч нэлээд эсэргүүцсэн санагдана.
Тэгэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар “2020 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх бүх арга хэмжээг авна” хэмээн амласан ч үүнийгээ ор тас мартжээ.
Одоо тэд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх саналыг 2020 оны төсвийн төсөлд тусган, парламентаар хэлэлцүүлж байна.
Төсөв энэ чигээрээ батлагдвал ажил эрхлэгчид цалингийнхаа 26 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх юм. Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая төгрөгийн цалинтай хүн 125 мянган төгрөг хувиасаа, байгууллагаас нь 135 мянган төгрөг нийгмийн даатгалд өгнө.
Үүн дээр хүн амын орлогын албан татварт 87.5 мянгыг төлөөд, гар дээрээ 787.5 мянган төгрөг авна. Нэг сая төгрөгийн цалинтай хүн нийт цалингийнхаа 21.3 хувь буюу 212.5 мянгыг улсад тушаана гэсэн үг.
Ажил олгогчийн төлснийг нэмбэл 347.5 мянган төгрөг босно. Тухайн хүнийг ажиллуулж буй байгууллага ажилтандаа их цалин өгөхийнхөө хэрээр өндөр татвар төлөх нь шийтгэл гэмээр.
Дарга нар “Манай улс татвар багатай” гэж байна билээ. Энэ чинь бидэнд, тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүмүүс “Мөнгө амьдралын чухал зүйл биш” хэмээдэгтэй адил тохуутай сонсогдож буйг ойлгож байна уу.
Цалингаас-цалингийн хооронд өр зээл төлж, урд хормойгоороо хойдохоо нөхөж явдаг, авсан хэд нь амьдралд нь хүрэлцдэггүй. Дэлхийн жишигтэй харьцуулаад ч хэрэггүй бага хөдөлмөрийн хөлстэй бидний хувьд 20 гаруй хувийн татвар, шимтгэл гэдэг дааж давахад бэрх ачаа.
Тэр тусмаа тансаг хэрэглээ, өв залгамжлал гэх мэт нийгмийн хөрөнгөлөг хэсэгт хандсан татвараас зайлсхийж, дундаж давхаргын шүүсийг шахаж буй чинь эгдүүцэл төрүүлээд байна.
Цалингийн хэмжээ нэмэгдэх тусам хувь хүн, байгууллагад ирэх ачаа хүндэрч, энэ нь арай ядан хөл дээрээ тэнцэж буй аж ахуйн нэгжүүдийн амыг барих шалтгаан болж байгааг, ажил олгогчид хаалгаа барьдаггүй юм гэхэд цалин нэмэх, шударгаар татвар, шимтгэлээ төлөх сонирхол хумигдсаныг харалган түшээд ойлгохгүй нь гачлантай.
Хүнээ бодсон нийгэм урагшилж, хөгждөг гэдэг. Харин манайд хүнээ бодох, хүн рүү чиглүүлэх бодлого нэгээхэн ч алга. Яг үнэндээ манайд бэхжиж тогтсон дундаж давхарга байхгүй.
Харин юуны ч төлөө юм бүү мэд, ажиллах л ёстой гэж бодож тэрэгний морь мэт зүтгэдэг, түүнийхээ буянд ядуурлын гүн рүү живчхэлгүйхэн дүүжигнэж явдаг, ядуурлын ирмэг дээрх давхаргынхан бий.
Үүнийгээ бид дундаж давхарга хэмээн нэрлэж буй. Хүн амын 10 хүн нь ядуу байх хаана ч байх үзэгдэл гэх юм билээ. Харин манайд 30 хувь нь ядуу, 55 хувь нь ядуурлын ирмэгт байгааг мэргэжлийн байгууллагын судалгаа хэлдэг.
Энэ бол маш олон зүйл буруу байгаагийн илрэл. Монголчуудын 85 хувь нь ядуу болон ядууралд туйлын ойр амьдарч буйд өөрсдөөс нь гадна өрөөлийн хүчин зүйл олон байгаа.
Тэгш бус байдал, хязгаарлагдмал боломж, хүнээ орхисон бодлого гээд олон зүйлийг нэрлэж болох ч улиглахыг хүссэнгүй. Тиймээс дундаж давхаргаа хамгаалах талаар дорвитой бодлого гаргаж, хэрэгжүүлэх, ядаж л тэднээ сөхөрч унатал нь дарамталдаггүй байх талаар дорвитой алхам хийх хойшлуулшгүй, зайлшгүй шаардлага байгааг төр, засгийнхан минь анзаараасай.
ТЭТГЭВЭР ӨГӨХГҮЙ БАЙХ БОДЛОГО ХЭРЭГЖИЖ БАЙХАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХЭРЭГ БАЙНА УУ
Ингэхэд бид яах гэж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг вэ. Өвдөж зовбол эмнэлгийн үйлчилгээ авах гэж, насны эцэст тэтгэвэр авч, хэдэн жил хөл хөсөр, гар газар суун, амьдралынхаа туршид зүтгэсэн муу биеэ амраах гэж л биш гэж үү. Гэтэл бодит байдал дээр тэгж чадаж байна уу. Ирээдүйд ингэж чадах уу.
Өнөөдрийн хэрэгжиж буй бодлогоор бол энэ бүхэн үлгэр, хий хоосон горьдлого гээд хэлчихье. Үүнийгээ ч тайлбарлая. Нэгдүгээрт, бидний бүтэн сарын турш амсхийх чөлөөгүй зүтгэж байж авдаг цалингаас минь авах 26 хувийн шимтгэл миний нэр дээр хуримтлагдахгүй. Ажил олгогч, даатгуулагчийн тухайн жилд төлсөн шимтгэлийн орлогоор Нийгмийн даатгалын санг бүрдүүлж, тэр дор нь зарлагаддаг.
Тодруулбал, Нийгмийн даатгалын сан доторх Тэтгэврийн, Эрүүл мэндийн, Ажилгүйдлийн, Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин (ҮОМШӨ)-ий болон Тэтгэмжийн даатгалын зэрэг таван санг бидний төлсөн шимтгэлээр санхүүжүүлдэг.
Уг нь Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар 1960 оноос хойш төрсөн нийгмийн даатгал төлөгчдийг бүртгэж, нэрийн данстай болгосноор хуримтлал үүсгэх ёстой ч уг мөнгийг үе үеийн Засгийн газар сонгуулийн шоунд, төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглаж ирсэн.
Бас шат шатны албан тушаалтнууд, улстөрчид сангийн мөнгөөр сайхан тоглодог. Нас барсан иргэдийн тэтгэврийг үргэлжлүүлж авдаг төрийн доод, дунд шатны албан хаагчид нийгмийн даатгалын сангийн мөнгийг эзэмшлийнхээ банканд байршуулж байгаад дампууруулдаг улстөрчдийн тухай бишгүйдээ л сонсоо биз дээ.
Хамгийн ойрын жишээ нь энэ онд дампуурлаа зарласан “Капитал” банканд Нийгмийн даатгалын сангийн 300 тэрбум төгрөг үгүй болсон. Үе үеийн эрх баригчид Нийгмийн даатгалын сангийн мөнгийг сонгуулийн сурталчилгаандаа ашигладаг талаар барим тавим ярьж л байдаг. С.Эрдэнэ л гэхэд сайд байхдаа тойргийнхоо сумдад эл сангийн мөнгөөр хэн суух нь тодорхойгүй байшинг хэд хэдээр нь бариулж байв. Нийгмийн даатгалын ганц байцаагч ажилладаг сумд бүхэл бүтэн байшин бариулсан нь тансаглал гэхэд ч багадах бөгөөд сангийн мөнгийг угаасан хэрэг гэдгийг тухайн үед олонтоо ярьсан билээ.
2015 оны төсвийн тодотголыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үеэр Ө.Энхтүвшин гишүүний хэлсэн үгийг иш татая.
“Та нар 2015 оны төсвийн тодотголд туссан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг хар даа. Энэ жил Нийгмийн даатгалын сан 15 тэрбум төгрөгөөр байшин, хашаа, хайс барина гэсэн байна.
Хямралын үед ингэж болдог юм уу. Нийгмийн даатгалын сан байшин барьдаг газар уу. Тэтгэврээ тавих, нэмэгдүүлэх, санг өсгөх талаар бодож болдоггүй юм уу.
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэтэй зэрэгцээд байшин бариад явж байна. Ирэх онд бас 30 тэрбумаар байшин барина гэж байна, сангийн мөнгөөр, Тэтгэврийн мөнгөөр С.Эрдэнэ сайд байшин бариад дуусгалаа шүү дээ” хэмээсэн нь түүх болон үлджээ. Төлсөн шимтгэл минь иймэрхүү маягаар зарцуулагддаг. Харин бид насны эцэст “шүлс” шиг жаахан тэтгэвэр авбал зол, авч чадахгүй байж ч мэднэ.
Тодруулбал, өндөр насны тэтгэвэр тогтоох насыг жил бүр гурван сараар уртасгах эрх зүйн орчин үйлчилж буй. Эрэгтэй 60, эмэгтэй 55 настайд тэтгэвэр тогтоолгох эрх нээгддэг байсан бол дээрх зохицуулалтаар жил бүр гурван cap нэмэгдсээр 1977 оноос хойш төрсөн эрчүүд, 2002 оноос хойш төрсөн эмэгтэйчүүд 65 нас хүрч сая тэтгэврийн бараа харна.
Мөн өмнөх зохицуулалтаар 20 жил шимтгэл төлсөн бол тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг байсан бол энэ хугацаа мөн л гурав, гурван сараар уртассаар 2037 оноос 25 жил шимтгэл төлсөн хүн тэтгэвэр тогтоолгох эрхтэй болох нь. Түүнчлэн өмнө нь дараалсан таван жилийн дунджаас тэтгэвэр тогтоодог байсан бол ирэх оноос долоон жилийн дунджаас бодно. Үүнийг тэтгэвэр өгөхгүй байх, егсөн ч багаар тогтоох гэсэн бодлого гэхээс өөр юу гэх вэ.
Тодруулъя. Дараалан долоон жил өндөр цалингаас нийгмийн даатгал төлөх боломж манайх шиг тогтворгүй хөдөлмөрийн зах зээлтэй улсад тийм ч нийтлэг биш.
Ялангуяа эмэгтэйчүүдэд ийм боломж туйлын хомс. Улсад 25 жил ажиллаж, өндөр шимтгэл төлсөн ч дундуур нь хүүхэд төрүүлэх гэх мэтээр завсардвал тухайн хүн өндөр тэтгэвэр авахгүй. Жишээ нь, нэг сая төгрөгийн цалин авдаг хүн үүнийхээ 45 хувь буюу 450 мянган төгрөгийн тэтгэвэр авах ёстой.
Гэтэл сая төгрөгийн цалингаасаа 25 жил шимтгэл төлсөн ч үүнийхээ долоон жилд нь дараалж төлөөгүй, жирэмсний амралт болон хүүхэд асарсны чөлөө авах гэх мэтээр завсардвал түүний тэтгэвэр 300 мянга орчим болж багасна гэсэн үг.
Насаараа шимтгэл төлсний эцэст бага ч болов тэтгэвэр авбал зол, авч чадахгүй нөгөө ертөнц рүү одох хувь тавилан та бидний хэдийг хүлээж буйг таашгүй. 65 гэдэг монголчуудын хувьд өндөр нас шүү дээ. 65 хүрч тэтгэвэр тогтоолгоод, маргааш нь мажийвал “хохь чинь” болоод өнгөрнө. Ийм л бодлого хэрэгжиж байна. Төр засаг маань тэтгэвэр өгөхгүй байх, аль болох багыг өгөх бодлого хэрэгжүүлж байхад бид нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэрэг байна уу.
Шимтгэлд төлдөг мөнгөө хадгаламжид хийх боломжийг шаардвал яасан юм бэ.
Х.Уянга
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
Сэтгэгдэл