Улаанбурхан өвчний дэгдэлт газар авч, хүний амь насанд хүрч эхэлсэн. Тиймээс улаанбурханы эсрэг вакциныг энэ сарын 12-ноос эхлэн 25-ныг хүртэл хийсэн. Тэр хугацаа нь өнөөдөр дуусч байгаа. Энэ хугацаанд улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой 18-30 насны залуусын 75 орчим хувь нь хариуцлагаа ухамсарлаж, вакцинаа хийлгэж. Тэр дундаа Улаанбаатарт хотод амьдарч байгаа залуусын 76-77 хувь нь вакциндаа хамрагдчихаад байгаа нь хамгийн өндөр дүн байгаа юм. Гэсэн ч үлдсэн 24 орчим хувийг нь вакцинд хамруулахаар ирэх зургадугаар сарын 1-нийг хүртэл хугацааг нь сунгачихаад байна. Тийм болохоор өнөөдрийг хүртэл вакцинаа хийлгээгүй хэнэггүйтэж яваа ухамсаргүй, сэтгэлгүй нөхдүүд ойрын хугацаанд зав зайгаа зохицуулаад, вакцинаа хийлгэчихээрэй дээ, гуйя.
Тэр дундаа оюутнуудаас ингэж гуймаар байна. Улаанбаатар хотод вакцинд хамрагдаагүй байгаа 24 орчим хувийг бараг л оюутнууд бүрдүүлж байгаа гээд хэлчихэд буруудах юм байхгүй. Угаас 140 орчим мянган оюутан вакцинд хамрагдах ёстойгоор 40 гаруйхан мянга нь л үүргээ ухамсарлаж. Үндсэндээ нэг 30 гаруйхан хувьтай л байна гэсэн үг шүү дээ. Ийм байж болох уу даа, оюутнууд аа, залуус аа. Өнөөдөр Улаанбаатар улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 640 түр, 130 байнгын, 100 гаруй явуулын цэгээр дамжуулан хийж байгаа шүү дээ. Дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд байнгын цэг ажиллаж байгаа бол их, дээд сургууль, албан байгууллага, худалдааны төв гэх мэт газруудад түр цэг ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн алслагдсан хороод болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч вакцин хийхээр явуулын баг ажиллаж буй юм.
Вакцинд хамрагдах байх нөхцөл алга байгаа биз дээ, уг нь. Гэтэл оюутнуудын ихэнх нь яаж ийж байгаад вакцинд хамрагдахаас зугатаад байна. Жаахан хариуцлагатай, сэтгэлтэй бол оршин суугаа газрынхаа юм уу, ойр тойрныхоо ойрхон байгаа өрхийн эмнэлэгт ороод л вакцин хийлгэчихэд болно шүү дээ. Эсвэл сургуулиуд дээр байгаа вакцин хийж байгаа эмнэлгийн ажилчдаар ч хийлгэж болж байна. Аргаа барахад, гудамжинд явж байгаад явуулын цэгтэй тааралдвал вакцин хийлгэсэн ч болно. Гэтэл оюутнууд энэ бүхний хаагуур нь өнгөрөөд байна аа. Тэд санаатайгаар хийлгэхгүй зугатаж байна гэхээс өөр дүгнэлт хийх боломж алга. Ийм арчаагүй, богинохон бодолтой, ядруухан сэтгэхүйтэй байж болохгүй ээ, оюутнууд аа.
Өнөөдөр төрөөс оюутанд 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгч байгаа. Дээрээс нь сургалтын төлбөрийн зээл хүртэл өгөхөөр болоод байгаа шүү дээ. Ер нь сүүлийн жилүүдэд оюутнуудыг төр засгаас боломжоороо л харж үзэж байгаа. Тэгж байхад 70 мянган төгрөг нэхэж жагсч барина аа, бас. Даварчихсан гэж. Өнөөдөр Улаанбаатар хотын баар савыг хэн дүүргэж байна, оюутнууд л голцуухан шүү дээ. Сайнаасаа саар оюутнууд нь илүү давчихсан. Чанаргүй, хэрэггүй дээд сургууланцар олон болохоор "хог” цуглуулаад байгаа байх л даа. Ийм л хариуцлагагүй нөхдүүд байгаа болохоор вакциндаа хүртэл хамрагдахгүй байна. Өөрсдөө, эргэн тойрны хүмүүс нь өвдөөгүй болохоор надад хамаагүй гэсэн сэтгэлээр хандаж байгаа биз. Бусдын нялх үр улаанбурхан өвчнөөр бурханы оронд одох тэдний сэтгэлийг хөндүүр болгохгүй байгаа бололтой.
Тэгвэл одоо арай өөр арга хэмжээ авъя л даа. Сургуулийн удирдлагууд, багш нар нь ч гэсэн жаахан түлхэлт өгөөч дээ. Улаанбурханы вакциндаа хамрагдаагүй оюутныг хичээлд суулгахгүй, шалгалтад нь оруулахгүй байвал яасан юм бэ. Эсвэл 70 мянган төгрөгийг нь олгохгүй байсан ч болж байна. Гэх мэтээр ухамсарын доройтолд орчихсон оюутнуудаа жаахан ч болов ухаан суулгая. Тэгж байж л бид энэ аюулт өвчний дэгдэлтийг нам дарж чадна шүү дээ.
Сэтгэгдэл