Үхрийн сүүлэн дээр хутга хэмээхийн үлгэрээр Монгол Улс 2019 оны аравдугаар сард Олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх газрын хяналтад Зимбабве улстай зэрэгцэн орсон. Уг хяналтыг олон улсын хэмжээнд "саарал жагсаалт" хэмээн нэрлэдэг.
Олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх байгууллага буюу ФАТФ-аас 2021 он гэхэд зөвлөмжийн дагуу зөрчлөө арилгаарай хэмээн хатуугаар хэлэх юм бол тэнсэн харгалзах ял гэдэг шиг 2021 он хүртэл хугацаа зааж өгсөн. Харин Монгол Улс 2020 он гэхэд “Саарал жагсаалт”-аас гарчихна гэж хариуцсан албан тушаалтнууд мэдэгдээд байгаа. Хамтарсан ажлын хэсгээс нийт зургаан хэсэгт зөрчилтэй гэсний дагуу төлөвлөгөө гаргаад байгаа бөгөөд эхний байдлаар гаргасан төлөвлөгөө болон явцын талаарх мэдээллээ тус байгууллагад илгээгээд байгаа ажээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Буруу бодлого, үйлдэл Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсан. Буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч, алдаагаа засаагүй. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн дархлаа нэмэгдэж, валютын нөөц өссөн. Гэхдээ одоо сандарч, ханш хөөргөх шаардлагагүй. Богино хугацааны төлөвлөгөө гаргаж, идэвх, санаачилгатай ажиллахыг Ерөнхий сайд даалгасан.Бид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. ФАТФ-ын дараагийн хурлаар гарчих байх” гэж хэлсэн юм.
Тэгвэл биднийг Олон улсын "саарал жагсаалт"-д оруулсан байгууллагын дараагийн хурал нь хэзээ вэ. Үүнээс өмнө бид юу хийгээд байна вэ, юу хийх вэ гэсэн асуулт урган гарч ирж байна. Нэн тэргүүнд Монгол Улс ФАТФ-тай тохирсон 6 ажлаа яаралтай хийх шаардлагатай. Товчхондоо бол хэдий чинээ хурдан ажиллаж үр дүн гаргана, төдий чинээ хурдан энэ жагсаалтаас гарна гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдээд байна.
"Саарал жагсаалт"-аас гарах хамгийн эхний боломж бүхий хурал 2020 оны аравдугаар сард товлогдсон ФАТФ-ын ээлжит хурал байх аж.
Албаны хүмүүсийн хэлснээр процедурын хувьд, мөнгө угаахтай тэмцсэн ажлаа ирэх онд гурван удаа тайлагнах боломжтой. Тодруулбал, Үр дүнтэй байдлын тайланг хэлэлцэх Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн (ФАТФ болон АНДББ) Хамтарсан бүлгийн хурал жилд 3 удаа болдог байна. Тиймээс дээр дурдсан 6 ажлаа хийж гүйцэтгээд, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангаа хэлэлцүүлэх боломж 2020 онд 3 удаа байгаа гэсэн үг. Гэхдээ энэ бол процессын хамгийн эхний үе шат юм.
Хамтарсан бүлгийн 2020 оны хамгийн эхний хурал 2020 оны нэгдүгээр сард болно. Энэ хурлаар тайлангаа хэлэлцүүлэхээр эхний тайлангаа нэгтгэн хүргүүлээд байгаа гэдгээ Төв банкны тэргүүн хэлсэн. Энэ хурлаар манай тайланг хэлэлцсэний дараа ФАТФ-ын процессын дагуу үнэлгээний баг манай улсад ирж газар дээрх хяналт шалгалтыг хийх дараагийн үе шат байгаа гэлээ. Үүний дараа үнэлгээний багаас Монгол Улс ФАТФ-тай тохирсон 6 ажлыг хэрэгжүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан гэж үзсэн тохиолдолд ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцүүлэх нөхцөл бүрдэх юм.
Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэхдээ, Нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Байгууллага тус бүр өөрсдийн зүгээс хийх ёстой ажлаа хариуцаад явж байгаа. ФАТФ гурван удаа хуралдах юм билээ. Эхний үнэлгээг ирэх сард, мөн дараа жилийн дөрөв, наймдугаар сард бид тайлангаа тус байгууллагад өгнө.
Үүний дараа бид харилцан үнэлгээний ахиц дэвшлийн талаар ирэх оны есдүгээр сард нүүр тулсан ярилцлага хийнэ. Дараа нь ФАТФ өргөтгөсөн хурлаа хийгээд хариу өгнө. Энэ дагуу ажиллахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа гэлээ.
Зургаан ажлын ард гарчихвал...
Энэ оны 10 дугаар сард болсон ФАТФ-ын хурлаар Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны Үр дүнтэй байдлыг сайжруулахаар Шууд хэрэгжилтийн дөрвөн үзүүлэлтийн хүрээнд зургаан ажил хийхээр тогтжээ. Тодруулбал,
Нэгт, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах;
Хоёрт, СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах;
Гуравт, мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах;
Дөрөвт, хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах;
Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах;
Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах зэрэг ажлууд багтсан.
Ерөнхий сайд өөрөө ФАТФ дээр очих ёстой
Саарал жагсаалтад орсонд тэр энэ буруутай гэж баахан хэлэлцсэний эцэст Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргадаа хариуцлага хүлээлгэсэн. Холбогдох албан тушаалтнуудын хувьд алт мөнгөний дарханы, хуулийн фирмийн гүйлгээ тайланг хянах гэх мэтчилэн анхаарал хандуулж эхлээд байна. Энэ талаар эдийн засагчид хэрхэн дүгнэж байгаа болон хэдийд жагсаалтаас гарах талаар тэдний байр суурийг нэгтгэн хүргэж байна.
Н.Энхбаяр /Эдийн засагч/
-Алт мөнгөний дарханыг хяналтад авах ёстой энэ тэр бол жижиг асуудал. Бүрдүүлж байгаа жижиг элементүүд нь. Хамгийн том үүрэг хариуцлага нь Засгийн газар дээр л байна. Түүнээс биш банк бусыг бүртгэснээр ахицтай ажил болохгүй. СЗХ-н дээр хэд хэдэн салбарын гүйлгээг хяналтад оруулна гэж байна. Процессын жижиг алхам төдий ажил. Шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй. Хамгийн гол‘нь Засгийн газар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ажиллах хүсэл эрмэлзэлтэй эсэхээ харуулах ёстой. Тэгэхээр саарал жагсаалтаас богино хугацаанд гаръя гэвэл Ерөнхий сайд өөрөө ФАТФ дээр очих ёстой. Байр сууриа л илэрхийлэх шаардлагатай. “Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллагатай санал нэг байна. Бид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэнэ, хатуу арга хэмжээ авна” гэж хэлэх хэрэгтэй. Ийм мэдэгдэл л чухал.
ФАТФ-ын хувьд Монгол Улс бодлогынхоо түвшинд юм хийх хүсэлтэй эсэхийг л харна. Тэгэхгүйгээр “Гадны хэдэн ядарсан ажилчид байж л байг хөөрхий” гээд суугаад байвал “Эдэнд хүсэл зориг алга. Мөнгө угаахыг өөгшүүлж байна" л гэж харна.
Б.Мөнхсоёл / Эдийн засагч/
-Саарал жагсаалтад орсон нь шийдвэр гаргах түвшнийхэн хэрхэн ажиллаж буйд тавьж байгаа дүн. Гол шалтгааны нэг нь авлига. Үүнийг зөвхөн дээр байгаа хүмүүсийн хооронд болдог зүйл гэж бодож байж магадгүй. Гэтэл үгүй. Цалингийн өсөлт, барааны үнийн бууралтаар таны гар дээр ирэх байсан мөнгө авлигад зориулагдаж байна гэсэн үг. Энэ нь бидэнд шууд хамаатай. Хэрэв авлига байдаггүй бол ажилгүй байгаа 10 хүний тав нь ажилтай байх байлаа. Түүнчлэн саарал жагсаалтад орсны үр дагаварт ханшийн савлагаа үүсэж байна. Ердөө хэдхэн хоноход 10-20 төгрөгөөр валютын ханш савласан. Олон улсын зах зээл дээр босгосон өрөө манай улс 2021 онд төлнө
Т.Доржханд/ Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга/
“Саарал жагсаалтад багтсан улсуудыг харвал ихэнх нь дотооддоо шашны мөргөлдөөнтэй, иргэний дайнтай, офшор бүсийн орнууд байдаг. Дэлхийн 200 гаруй улсын сүүлээсээ 10-20 байрт жагсаж байгаа, засаглал нь хямарсан, эдийн засаг нь ил тод биш улсуудын түвшинд манай улс орлоо. Тухайн хуралд оролцсон бүх улс Монгол Улсыг дуу нэгтэйгээр саарал жагсаалтад оруулсан нь анхаарал татаж байна” гэлээ.
Ямартаа ч бид ФАТФ-ын өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаа хоёр сар тутам бичгээр тайлагнаж, гурван сар тутамд биечлэн хамгаална. Иймд эрх баригчид ФАТФ-ын хяналтаас богино хугацаанд гарах бүрэн боломжтой гэж мэдэгдсээр байна.
С.Сувд
Эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл