В.Путин дэлхийн удирдагчдад шинэ жилийн мэндчилгээ илгээжээ


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нарт болон олон улсын байгууллагын удирдлагуудад Зул сарын баяр, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ. 

Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро зэрэг дэлхийн удирдагчдад мэндчилгээ илгээсэн байна.

В.Путин АНУ-ын Ерөнхийлөгчид мэндчилгээ дэвшүүлэхдээ, дэлхий дахины аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад хоёр улс "түүхэн онцгой үүрэг хариуцлага" хүлээдэг болохыг тэмдэглээд, Оросын тал хоёр орны харилцааг хэвийн болгох, эрх тэгш яриа хэлэлцээ хийхийг дэмжиж байгааг цохон тэмдэглэжээ. Тэрбээр Д.Трампыг 2020 оны тавдугаар сарын 9-ний өдөр Москвад айлчлахыг урьсан гэдгээ дурдсан байна.

Үүнээ гадна, В.Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкод мэндчилгээ илгээсэн байна. Баярын мэндчилгээ мөн Их Британийн хатан хаан II Елизавета, тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон нарт хаяглагджээ. “ОХУ, Их Британийн харилцааг тэгш эрхтэй, харилцан ашигтай байх зарчимд суурилан цаашид хөгжүүлэх нь олон улсын тогтвортой байдал, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж В.Путин мэндчилгээндээ онцлон тэмдэглэсэн байна.

Баярын мэндчилгээг мөн Чехийн удирдагч Милош Земан, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Японы Ерөнхий сайд Абэ Шинзод илгээсэн байна.  ОХУ-ын Ерөнхийлөгч мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, тус холбооны хүндэт ерөнхийлөгч Жак Рогге болон хүндэт гишүүн Жан-Клод Килли зэрэг олон улсын байгууллагуудын тэргүүн нарт шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ гэж Кремлийн хэвлэлийн албан мэдээлжээ.

Д.Жаргал


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.