М.Энхсайхан: Х.Баттулга, У.Хүрэлсүх нар Итали, Америкийн кино үзээд манийгаа жолоодоод байгаа бололтой


1800-аад оны Америкийн тухай ярих гэж байнаа. 19 дүгээр зууны сүүлээр Америкийн нийгэм эрчимтэй үйлдвэржиж, том орныг хэрсэн төмөр замууд тавигдаж байсан цаг үе юм. Хөдөө нутгаас олон хүмүүс хот суурин газрыг бараадаж, цалин сайтай ажилд орцгоож, хөдөөгийн фермерүүдийг балмагдуулж байлаа. Тэр цаг үед хөдөөгийнхний эрх ашгийг илэрхийлэх анхны популист нам мэндэлсэн нь Ардын Нам (америкийн) байв.
Ардын Нам нь долларыг алт болон мөнгө гэсэн хос металлаар баталгаажих ёстой гэдэг байв. Цаад санаа нь Төв банкаар илүү их мөнгө хэвлүүлэх явдал байсан юм. Ардаа ямарч баталгаагүй их хэмжээний доллар хэвлэх нь эдийн засагт хортой хэмээж бөөн маргаан болсон байдаг. Тухайн үед алт олборлох технологи сайн хөгжөөгүй байсан нь долларыг цалин цагаан мөнгөөр баталгаажуулах үг яриаг өдөөж байсан гэдэг. 
Алт олборлох, цэвэршүүлэх технологи хөгжив. Долларыг мөнгө хэмээх металлаар баталгаажуулах санаа тэгэсхийгээд мартагдсан байдаг. Түүнийгээ дагаад дэлхийн анхны популист нам сарниж алга болжээ. Өнөөдөр хаана ч ямарч улс үндэстний үндэсний мөнгөн дэвсгэртийн баталгаа нь алт, аль эсвэл доллар, бусад хөрвөх чадалтай дэлхийн валют байдаг. Дэлхий ертөнцөд санхүүгийн  ийм дэглэм, тогтолцоо бий болох замдаа өчнөөн дайн тулааны нүүр үзсэн юмдаг. Дэлхийн хоёрдугаар дайн хэзээ дууссан бэ гэдэг асуултад 1944 онд Бретонвудийн хэлэлцээр (ОУВС) байгуулагдаж дэлхийн дайн дууссан гэх.
Монголын эрх баригч Ардын Нам, төрийн дээр заларсан манай попууд юун америк, юун ОУВС, юун Хятад, юун Орос  гэх маягаар аашилж байхыг харах хэцүү л юм байна. Тэр тусмаа Монголыг Саарал жагсаалтад бүртгүүлчихээд ингэнэ гэхээр үнэхээр хөнгөмсөг дарга нартай болсон санагдав. Тэд Итали, Америкийн кино үзээд манийгаа жолоодоод байгаа бололтой.
Жилийн өмнө Салхитын мөнгөний ордыг УИХ-ын дарга нь тагнуулчдаа дагуулж очоод буу шийдэм болж хүчээр авсныг мартья гэсэн боловч ойрмогхон хэдэн кг олзолж авсан металлаа Монголбанкинд ёслол төгөлдөр тушааж, түүний дараах нь шинэхэн Ерөнхийлөгчтэй болсон Монголбанк, Салхит хэмээх компанитай мөнгө хэмээх металлыг нь худалдан авах гэрээ байгуулж, он солигдох мөчид Салхитаар барьцаалан тэтгэврийн зээлтэй тэтгэврийн хөгшчүүдээ магнай тэнийлгэх нь тэр. Төсөв төлөвлөгөөндөө тусгасан бол лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаа алга гэхсэн.
Дэлхийн анхны популист намыг даган дууриаж байгаа бол Амьдрал кино биш л юмсан. Популизм төгөлдөршинө гэж байхгүй, популизм зөвхөн сүйрэл рүү дагуулна.
Мэндсайханы Энхсайхан 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.