Явган зорчигчид осолд өртсөн хэдэн зуун тохиолдлыг судалж үзэхэд зам хөндлөн гарах үедээ зурвас бичих нь утсаар ярьж, хөгжим сонсож явахаас илүү аюултай болохыг Канадын “Calgary” их сургуулийн судлаачид тогтоожээ.
Уг судалгаанд дурдсанаар, зам хөндлөн гарах үедээ зурвас бичих нь баруун болон зүүн тийшээ харахгүй байх магадлалыг нэмэгдүүлдэг аж. Харин утсаар ярих үед анхаарал бага зэрэг сарнидаг бол хөгжим сонсох нь явган зорчигчийн аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэггүй байна.
“Calgary” их сургуулийн эрдэмтэд явган зорчигчийн анхаарал сарних нь дэлхийн өнцөг булан бүр дэх хот, тосгодод тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг болж буйг дурдаад, энэ төрлийн судалгааг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзжээ. “Injury Prevention” сэтгүүлд даваа гарагт нийтэлсэн судалгаанд дурдсанаар, дэлхий даяар жилд 270 мянга орчим явган зорчигч амиа алддаг бөгөөд энэ нь зам тээврийн ослын улмаас амиа алдагсдын тавны нэг хувийг эзэлж байгаа ажээ.
Гар утас ашиглах нь хүний бие махбодод сөрөг үр дагавар учруулж буйг судлаачдын өмнө нь хийсэн судалгаанууд хэдийн баталсан байдаг. АНУ-ын Түргэн тусламжийн газрын мэдээлэлд тулгуурлан хийсэн нэгэн судалгаанд тэмдэглэснээр, хүзүү, нүүр, нүд, хамар, толгойн гэмтлийн тохиолдол сүүлийн 20 жилийн хугацаанд хурдацтайгаар өссөн нь ажиглагджээ. Тэдний дийлэнх нь 13-29 насны иргэд байсан бөгөөд жолоо барих, явган явах үедээ гар утсаа оролдсоны улмаас анхаарал нь сарнисан байжээ.
Э.Хулан
Сэтгэгдэл